Монголд оюуны хүмүүс байна уу? Монголын оюуны хүмүүс буюу бидний нэрлэдгээр сэхүүтнүүд байна уу? Амьд уу? Хаана байна вэ? Болохгүй бүхнийг шүүн залруулж, зөв бүхнийг дэмжин чиглүүлдэг оюунлаг хүмүүс өнөөдөр хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихжээ.

Харин жинхэнэ оюунлаг сэхээтнүүдийн оронд хоосон мэдэмхийрэгчид газар авлаа. Хүн төрөлхтний түүхийг уншиж байхад аливаа улсын оюуны хүмүүс болох эрдэмтэн мэргэд хаан эзэн, улс орны удирдагчиддаа зөвлөж, хөгжлийн зөв замыг нь чиглүүлэхэд өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зориулж ирсэн байдаг. Зарим нь бүр амьдралаа зориулж, амь насаа алдаж байсан түүх байдаг. Хэний төлөө, юуны тулд вэ гэхээр ард түмнийхээ жаргалтай амьдралын төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө тэд бүхнээ зориулсан ажээ. Гэтэл Монголын сэхээтнүүд гэж нэрлэгсэд таг дуугүй суусаар. Энэхүү нийтлэлээрээ мэдээж өнөөгийн сэхээтэн гэж нэрлээд байгаа нөхдүүдийг амиа өргө гэж хэлээгүй. Харин нийгмийн болохгүй бүхний сайжруулахын төлөө дуугараа ч, үгээ хэлээч гэдгийг л сануулах гэсэн юм. Өнөөдөр монгол орон оюуны хямралд орчихоод байхад Их сургууль болон Академийн “цус нь ойртсон” докторууд юу ч хэлэхгүй амаа үдүүлсэн мэт байгааг юу гэж ойлгох вэ? Гайхаж байна. Та нар сэхээтнүүд мөн үү. Хаана байна доктор, профессор, академичдаа. Байгаа юм бол доктор юм бол доктор шиг, академич юм бол академич шиг байж үгээ хэл. Хэрэв чадахгүй бол тэтгэвэртээ гарцгаа. Монгол орон чинь сульдан доройтож, эдийн засаг, улс төр, нийгэм, оюуны хямралд ороод хаашаа явахаа мэдэхгүй, зөв гарцаа олж чадахгүй мунгинаж байхад цөөн хэдэн хүмүүс төрд гарч улс орноор чинь тоглож суухад юу бодож байна вэ?

Таньд ерөөсөө хамаагүй юм гэж үү? Эсвэл дэмжээд суугаад байгаа юм уу? Цөмийн хаягдал монгол оронд булах тухай ярьж байхад цөмийн физикчид нь хаана байсан юм бэ? Авлигалын хор уршгийн тухай улс төр, нийгэм судлаачид нь ярихгүй юм уу? Утааны хор уршгийг ард түмэндээ үнэн зөвөөр ойлгуулан таниулах анагаахийн доктор профессорууд алга уу? Уул уурхайг хөгжлийн цор гарц гээд сурталчилж ард түмний толгойг эргүүлж байхад монголын докторууд, академчид хаана байна вэ? Нөгөө гавъяат хуульч, эдийн засагчид амьд байна уу? Хэрэв монгол орон сүйрэн унаж, хямралт байдалд хүрвэл тэр гавъяатай гээд байгаа хуульч, эдийн засагчид хариуцах болно шүү. Хууль чинь хүний төлөө биш харин хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Та нарын чөлөөт эдийн засаг чинь Монголчуудын амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж байна шүү дээ. Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй хуулийг ард түмэнд чинь тулгаж байна. Инфляц нэрээр эрх баригчид ард түмний халаасыг хоосолж, дээрэмчин шиг аашилж байхад гавъяатай эдийн засагчид юугаа хийгээд байгаа юм бэ? Инфляц гэж юунаас болдгийг үнэн зөвөөр нь ард түмэндээ тайлбарлаж өгөөч. Улс төрчид худал хэлж байна шүү дээ. Эсвэл та нар хам хэрэгтнүүд үү? Ерөөсөө та бүхэнд нийгмийн, улс орныхоо өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй, хариуцлага үүрэхгүй хүмүүс үү?

Хоосон мэдэмхийрхээс өөр хийж чадах ажил байна уу? Их сургууль гэж шашны газраас ялгарахаа больчихсон нэг дампуу газар Монголын ирээдүйг баллаж байна. Академи гэж нэг зөнсөн өвгөчүүдийн зугаагаа гаргадаг газар байна. Монголын ирээдүй танай сургууль, танай өрөөний цонхоор сайхан харагдаж байна уу? Монгол орны хөгжил дэвшилд тус болох зүйл хийж чадахгүй юм бол сэхээтэн хэмээн нэрлэгдэж, шил зүүн, мэдлэгтэй цариалж мэдэмхийрэхээ болих хэрэгтэй. Мэдлэгийн салбарт ажиллаж байгаа юм бол гол зорилго юу гэдгийг мэдэх үү? Нэгдүгээрт нийгэм, эдийн засаг, улс оронд хэрэгтэй бүтээгдэхүүн, технологийг нээж гаргах. Хоёрдугаарт ард түмнээ мэдлэгжүүлж, гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ бол хүн төрөлхтний аль ч улсын Их сургууль болон шинжлэх ухааны байгууллагын эрхэм үүрэг. Монгол орон түүхээр өвчилсөн орон болж хувирлаа. Хойшоо ярьсаар явтал хүн төрөлхтөн урагшлан хөгжиж монгол морьтойгоо, малтайгаа, ухсан нүхтэйгээ адагт нь үлдлээ. Монголыг түүхийг хөгжүүлдэг бол бүгд Чингисээ ярих хэрэгтэй шүү дээ. Түүх яримаар байгаа бол мэдлэгийн хөгжлийн түүхийг л ярих хэрэгтэй биш үү. Түүх гэдэг хөгжлийн процес болохоос биш тарнийн ном шиг хатуу тогтчихсон зүйл биш. Өнөөгийн түүхчид хэн нь ч хэнээсээ ялгарахгүй, нэг нэгнээсээ хуулан түүхийн нэртэй "түүхий" ном хэвлүүлсээр. Түүх ярьмаар байвал тойргоосоо, хайрцагнаасаа гарах хэрэгтэй. Социалист нийгэмд түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байсан бол өнөөдөр ч ард түмнийг төөрөгдөлд оруулж, идэвхгүй амьдрах хэрэгсэл болгож байна. Ялгаа алга.

Монголын сэхээтнүүд эх орноо худалдаж, ард түмнээ дээрэмдсэн улс төрчдийг магтан дуулж, бялдуучлан дагаж амьдарч байгааг ч харлаа. Эх оронч хэмээн цээжээ дэлдэн шүлэг бичиж, роман туурвидаг ард түмний хүндэтгэлийг хүлээсэн нөхдүүд монголын ард түмний 70 жилийн турш барьж бүтээсэн бүхнийг хулгайлж, дээрэмдэж аван баяжсан олигархиудыг ичих ч үгүй магтан дуулж, үнсэж үмхэлээд, нялуураад байхыг нь хүртэл хараад сэтгэл өвдлөө. Та нарыг яаж эх оронч гэх юм бэ? Одоо бичсэн шүлгий чинь, туурвисан романийг чинь уншихаас ой гутаж байна. Хулгайчийн хамсаатан бол хулгайч. Гэмт хэрэгтнийг дэмжигч бол гэмт хэрэгтэн. Тэдний гэмт хэргийг хараад дуугүй сууж байгаа бол мөн л гэмт хэрэгтэн.

Гадны Их Дээд сургуульд ард түмний мөнгөөр сурч ирчихээд өнөөдөр бөө шашин яриад яваад байгаа малуудыг мэдлэгийн газраас хөөж гаргах хэрэгтэй. Олон ардын хүүхдийн толгойг эргүүлж битгий ирээдүйг нь балал. Ард түмнээ доромжилж ханасан бол сэхээтэн нэртэй “цагаан захтай гэмт хэрэгтнүүд” минь амьдралаас минь холдож, хөгжлийн чөдөр тушаа болохоо боль. Энэ ард түмний төлөө бүхнээ зориулж чадах сэхээтнүүд Монголд хэрэгтэй.

Д.Батдорж