“Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг.  Хү­ний нэр төрд халдана гэдэг тохиолдолд бие махбодид нь халдсанаас ч илүүтэйгээр хүнд тусдаг. Цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр сөрөг үр дагавар мөн гарч байна. Өөрөөр хэлбэл хүний наймаа, биеэ үнэлэлт, бусдын нэр төрд халдах, хэн нэгний амгалан байдлыг алдагдуулах, өсвөр үеийнхний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц дүр зураг ихээхэн харагдаж байна.  

Өнөөдөр ийм зарууд ихээхэн гарч байна. Энэ бол зөвхөн нэг жишээ.  Энэ зар нь нэг талаас биеэ үнэлэх, нөгөө талаас бусдын нэр төрд халдах гэсэн оролдлого юм.  Хэрвээ биеэ худалдсан тохиолдол бол цагдаа нар саатуулаад “хар дансандаа” бүртгээд өнгөрдөг.  Харин хэн нэгийн өмнөс бусдын нэр төрд халдах зорилгоор ийнхүү зар тавьсан бол  Монгол улсын эрүүгийн хуулийн  110 дугаар зүйл. Доромжлох, 111 дүгээр зүйл. Гүтгэх гэсэн зүйл ангиар шийтгэл хүлээнэ.  Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах  ял шийтгүүлнэ гэсэн үг юм.

Нэгэнт ийм ял авсан бол энэ талаарх мэдээлэл тухайн иргэний хувийн хэрэг, мэдээлэлд бүртгэгдэж, тодорхой хэмжээгээр ажил, амтдралд сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм.  

Манай улсын хувьд цагдаа, шүүхийн байгууллагаар энэ төрлийн гэмт хэрэг  шийдэгдсэн нь цөөхөн. Гэхдээ ирсэн өргөдөл нь шийдэгснээсээ хэд дахин их байдаг ажээ. Тодруулбал хэн нэгний нэр төрд халдах зорилгоор  зар оруулж, үүнийхээ төлөө цагдаагийн байгууллагад  шалгагдаж байхдаа сэжигтэн, хохирогч нар  хоорондоо зохицдог гэж байгаа. Зарим тохиолдолд энэ төрлийн хэрэг илэрэхгүй замхардаг байна. Илэрсэн нь зардал, чирэгдэл болдог бөгөөд  гүтгэсэн, гүтгүүлсэн, цагдаа гурьынхаа цагаас багагүй хороож, мэдрэлээр “нааддаг”ажээ.  

Бусдын нэр төрд халдсан хэргийг шийдвэрлэх өөр нэг арга нь гүтгүүлсэн иргэн иргэний журмаар шүүхэд хан­даж нэр төрөө сэргээлгэнэ гэсэн үг юм. Энэ бол зөвхөн Монгол улсын газар нутаг дээр үйлдэгдэж байгаа цахим гэмт хэргийн зөвхөн ганцхан жишээ.

Өөрийн фэйсбүүк, твиттерт бусдын нэр хүндийг унагах хувийн журмаар өс санаж ийнхүү мэдээлэл тавих нь мөн л Эрүүгийн хуулийн дагуу шийдэгддэг. Харин үүнийг залуус тэр бүр мэддэггүй тул хохирсон дээрээ хохироод үлддэг байна.  Цахим ертөнцөд байрлуулсан таны сэтгэгдэл мөн энд хамааралтайг онцломоор байна.  Хууль  мэдэхгүйгээс ийм төрлийн хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул сэтгэл хөдлөлдөө автан ёс зүйгүй үйлдэл гаргахаас сэрэмжлүүлэн энэхүү нийтлэлийг хүргэлээ.  

Т.Энгүүн