Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Та өнөөдөр хүмүүст ямар харагдах вэ, ямра сэтгэгдэл төрүүлэх вэ гэдэг нүднээс л эхэлнэ гэсэн үг. Тэр дундаа эмэгтэй хүн сайхан нүдтэй байх ямар тансаг, бас эрхэмсэг байдаг билээ. Тэгэхээр нүдээ зөв будаж гарах нь юу юунаас чухал байх нь  л дээ.Тэгээд ч нүдээ зөв сайхан будвал та улам залуу, сэргэлэн харагдана шүү дээ.


Нүдээ зөв будахад анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна аа. Үүнийг анхаардаггүйгээс л нүдний чинь будаг таны сэтгэлд хүрэхгүй, хүмүүст таалагдахгүй байдаг байж болно. Та ямар нүдтэй вэ. Ямар гэхээр онигор уу, бүлтгэр үү, дугираг уу гэсэн асуулт гарна. Тэгээд зовхи нь, өнгө нь ямар вэ гээд л...хамгийн гол анхаарах зүйл чинь энэ.
Ерөнхий зөвлөгөө
Юуны түрүү нүдээ зөв будахад гоо сайхны хэрэглэлээ зөв сонгож олж авах явдал чухал. Нарийхан бийр, сайхан үзүүрлэсэн харандаа, зөөлхөн пролон, нүдний өнгөндөө тохирсон тень, түүнийг тавих өргөн багс, сормуусны будаг, өөр хооронд нь салгах тусгай саманцар гээд бүгд байх ёстой. Ганц нэгхэн зүйлээр аргалах биш бүх төрлийн, янз бүрийн хэмжээстэй багажтай байх нь нүдээ сайхан будахын эхлэл.
За ингээд будаж эхлэх үү. Бас нэг анхаарах зүйл байна аа. Нүдээ зөв сайхан будахад гэрэлтүүлэг зөв байх ёстой. Таны толины чинь дээр, өөдөөс чинь үл ялиг дээрээс тонгойсон гэрэл хурц тусч байх ёстой. Толь чинь хоёр байвал сайн. Нэг нь жирийн толь бол нөгөө нь томруулдаг.

Өөр хоорондоо ойрхон нүд
Ийм нүдтэй бүсгүй байх. Ийм нүдийг зөв будвал арай хол юм шиг харагдуулж бас болох нь. Ингэхийн тулд зовхиндоо тень тавихдаа нүднийхээ дотор талын хэсгийг гэгээлэг, харин захын хэсгийг гүн өнгөөр тавиад үз дээ. Дээд сормуусныхаа дагуу тавих харандаагаа дотр талын хэсэгт нь хүргэлгүй орхи. Сормуусаа хараар будахын хэрэггүй, ингэвэл нүдний чинь хоёр захын булан тод харагдана. Нүд нь тийм ч ойрхон биш болж байгаа биз дээ.

Жижигхэн нүдтэй бол
Мэдээж та арай том нүдтэй юм шиг харагдах гэж байгаа биз дээ. Тэгвэл хар тень тавих хэрэгтэй болох нь. Харандаан шугам чинь арай бүдүүн байх бол, сормуусыг нэг их харлуулах хэрэггүй. Ингээд зөв будчихвал нүд чинь арай том харагдаж, сэтгэл булаам болж ирнэ.

Онигор нүд
За монголчуудыг ч тэртэй тэрггүй онигорууд гэдэг дээ. Тэгэхээр гэгээлэг тенийг дээд зовхиндоо бүр хөмсгөө хүртэл уусгаад тавьж өг. Дээд зовхиндоо тавих харандаан зураасаа хамар талдаа буюу дотоод тал руу нь үл ялиг бүдүүн зураарай. Нүдээ нээсэн үед ч таны зураас харагдаж байвал нүд чинь арай л том харагдана даа. Сормуусаа харин хараар будахаа мартуузай.

Бүлтгэрдүү нүд
Хар бараан тень зохимжтой. Дээд зовхио дундаас нь эхлээд гадагшаа уусгаж тавь. Тэгээд харандаагаар  нарийхан зураас мөн дээд зовхиндоо тавина. Сормуусаа хар тушиэр нэг л удаа нимгэн будна. Ийм бүлтгэр нүдэнд нарийхан хөмсөг зохихгүй ээ, дунд зэргийн бүдүүн болгох хэрэгтэй.

Дугираг нүд
Том дугираг нүдтэй бол та санаа зовж, үүнээсээ ичих хэрэггүй. Дээд зовхиндоо гэгээлэг тениэр суурь тавь. Дараа нь бараавтар тениэр гаднах булан хүртэл нь шингээн буд. Дээд зовхиноос гарах чиглэлтэй суман зураас гадагшаа чиглүүлж нүднээсээ илүү гарган тавь. Зөвхөн дээд сормуусаа хараар сайн буд. Энгийнээр хэлэхэд та дугираг нүдээ зууван болгож харагдуулахаар нэмж байна гэсэн үг

Ингээд та бүхэндээ Монгол охидын нүд будалтын видео бичлэгээс хүргэж байна.