Түрээсийн байрны нэг сарын төлбөр 200-280 мянга байна
2016/01/14
Иргэдийг орон сууцжуулах үүднээс найман хувийн зээлд хамруулсан. Уг зээлээр нэлээд айл өрх орон сууцтай болсон. Харин зээл авах санхүүгийн боломжгүй иргэд үүнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тэгвэл 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээслэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох боломжтой болтол хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах ажлын эхлэлийг өнгөрсөн онд Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.