УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй Монгол улсын нэр хүндэд халдаж, Засгийн газрыг шантаажилж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний мэдэгдэж байгаагаар: Сүүлийн үед Оюу Толгой төслийг удирдаж байгаа Рио Тинто компанийн зүгээс үндэслэлгүй, олон мэдэгдэл, мэдээлэл цацаж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд бүдүүлгээр халдсан, Монголын Засгийн газрыг иргэдэд нь муухайгаар харуулах гэсэн увайгүй үйлдэл гэлтэй харагдаж байна. Рио Тинтогийн энэхүү бусармаг үйлдэл нь Монголын талыг айлган сүрдүүлэх төдий бөгөөд үүнийг ч олон улсын хэвлэл мэдээллээр сүрдүүлэг гэдгийг нь хэлсээр байна. Ийм худал бусармаг зүйл ярьж сүрдүүлэг хийж байгаа нь дэлхийн хэмжээнд нэр хүндээ алдсан Рио Тинтогийн хувьд нөлөөлөл багатай. Ингэж хүчээр сүрдүүлж Оюу Толгой төсөлд нэмэлт санхүүжилтыг өөрсдөдөө ашигтай байдлаар авах гэж байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн үйлдэл болж байна. Гэрээгээр аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож хийх ёстой байтал элдэв башир аргаар айлган сүрдүүлж хийж байгаа нь Рио Тинто нь нийгмийн хариуцлагагүй, хууль дүрмийг зөрчдөг, хүний эрхэнд халддаг, байгаль орчинд хохиролтой компана гэдэг нь харагдаж байна. Рио Тинтогийн гүжир гүтгэлэг, сүрдүүлэлтэнд Монгол Улс автан тэдний шийдвэрийг дагавал, үр дагавар нь ард түмний нуруун дээр шаардлагагүй өрийн дарамт үүсэхэд оршино. Энэ нэмэлт санхүүжилтийн зарим нөхцөлүүд нь Монгол Улсын хууль, Гэрээний агуулга, зүйл заалттай илэрхий зөрчилдөж байгаа юм. Гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалт нь:

Анхны төсөл

2.7 тэрбум ам.доллар

ХОГ байгуулагдахад

4.1 тэрбум + 1 тэрбум ам.доллар

2012

6.2 тэрбум ам.доллар

Одоогоор нийт

14.6 тэрбум ам.доллар

Цаашид төлөвтэй

24.4 тэрбум ам.доллар

 

Хэрэв энэхүү утгагүй хөрөнгө оруулалтыг зөвшөөрвөл Оюу Толгойн ашгаас жил бүр 180 сая ам.долларын өрийг бий болгож байна. Ингэж зуучилснаараа Рио Тинто 5.7 тэрбум ам.долларыг авч байгаа бөгөөд менежментийн төлбөрт 1.4 тэрбум ам.долларыг нэмж авч, барьцаанд нь биет ба биет бус бүх хөрөнгийг бүхлээр нь тавьж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж улмаар олон улсын тунхаг, шийдвэр, гэрээ, конвенцийг шууд зөрчиж байна.  Гэтэл далд уурхайн хөрөнгө оруулалтыг бодит байдал дээр Монгол Улсын Засгийн газартай ТЭЗҮ албан ёсоор баталсан. Үүнд 5.1 тэрбум ам.доллар гэсэн нь далд уурхайн хөрөнгө оруулалт бүхэлдээ багтсан байгааг Рио Тинто болон Монгол Улсын Засгийг газар эргэн санах учиртай. Монголын талд маш хохиролтой, ирээдүйд асар ноцтой, Монголын ард түмний нуруун дээр асар хүнд өрийн дарамт болох зээлийг Рио Тинто улайран шахаж байна. Бид ийм шаардлаггүй өрийн дарамтанд ормооргүй байна. Бид гадны нөлөөлөлд оруулах энэхүү турхиралтанд эв нэгдэлтэй байж, бие биенээ хүндэтгэн зөв шийдвэр гаргах ёстой юм. Монголын Засгийн газар Монголын ирээдүйн төлөө асуудлыг зөвөөр тавьсныг миний бие дэмжиж байгаа бөгөөд шударга улстөрийг, улс төрчдийг дэмжиж ажиллахыг иргэддээ уриалж байна” гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.  

А.Баярмаа