Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууц худалдан авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Эрэлт ихэссэнээс үүдэж барилгын үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл шинэ барилгын бодит үнэ хэд байгаа, иргэд ипотекийн зээлд хамрагдах ямар боломж байгаа зэрэг мэдээллийг нэг дороос авах “Шинэ орон сууц-2013” үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өчигдөр нээлтээ хийсэн юм.

 

Үзэсгэлэнг сонирхож буй иргэд 40 гаруй орон сууцны барилгаас сонголт хийх боломжтой. Мөн сонирхсон иргэд орон сууцаа сонгоод тэр дор нь банкны зээлдээ хамрагдах боломжийг ч бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэнд Улаанбаатар, Капитал, Голомт банкны эдийн засагчид иргэдийг ипотекийн зээлээр байр худалдан авахад нь тусалж бүхий л талынх нь мэдээллийг өгч байгаа юм.

 

Орон сууцны нэг метр кватратын үнэ 1.2 сая төгрөгөөс эхлээд байршил, чанараас хамаарч 3.500 сая төгрөг хүртэлх үнэтэй байна. 0.07 га газартай, дөрвөн автомашины гражтай 500-1000 метр квадрат талбай бүхий хувийн байшинг метр квадратыг нь 3.5 сая төгрөгөөр худалдан авах боломж ч нээлттэй.

 

Энэ санал болгож буй орон сууцны хорооллууд байршлаас гадна, өрөөний байрлал, мөн давхраасаа хамаарч үнэ нь өөр өөр байгаа юм. Тухайлбал найм, ес, 10 дугаар давхарт амьдарна гэвэл тухайн байрны үндсэн үнээс 100-200 мянган төгрөгийн илүү үнэтэй худалдаж авна. Мөн 100 хувь бэлэн мөнгөө төлөөд байр худалдаж авбал мөн л бага зэргийн хөнгөлөлтийг ч эдлэх аж. Зээл авсан иргэд орон сууцны урьдчилгаагаа ахиухан өгвөл мөн л тухайн үнээс бага зэргийн хөнгөлөлтийг үзүүлэнэ гэдгээ ч худалдааны менежрүүд нь хэлж байлаа.

 

 

Үзэсгэлэнд барилгын компаниудаас гадна таны байрны тав тухтай орчныг бүрдүүлэх цонх, хаалга, халаалтыг ч мөн танилцуулж байна. Вакум цонхны компани гэхэд вакум цонхнуудынхаа салхивчийг нэг зүгт онгойдог, хоёр салхивчтай, нэг болон хоёр зүгт онгойдог, шилэн хана дан болон давхар шилтэй, нэг хавтастай зэрэг олон төрлөөр нь захиалж хийлгэх боломжтой юм байна. Үнийн хувьд хэлбэр дизайнаасаа хамаарч 90-265 мянган төгрөг юм билээ.

 

Түүнчлэн цахилгааны соронзон орон үүсгэдэггүй цахилгааны хэмнэлттэй шалны халаалт, халаалтын кабель, хэт ягаан туяаны халаалтын хальс, тусгай шингэн агуулсан гуурсан халаалт зэрэг өвлийн улиралд хүний хэрэгцээнд зайлшгүй шаардагдах халаалтын системүүдийг танилцуулж байв.

 

Орон сууцандаа ороод, тав тухтай орчныг бүрдүүлчихлээ гэхэд автомашины зогсоол, граж гэх асуудал мөн гарч ирдэг. Тэгвэл энэхүү үзэсгэлэнд “Эко авто зогсоол”-ыг иргэдэд танилцуулж байна.

 

“Эко авто зогсоол” ХХК нь 7x14 хэмжээнд 120 автомашин байрлуулж болох зогсоолыг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Жирийн гражийн зах зээлийн үнэ дунджаар 15 сая төгрөгөөс дээш өртөгтэй байдаг бол энэхүү граж өвөлдөө дулаахан, зай бага эзэлдэг,  орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангажээ. Үнийн хувьд 20 сая төгрөг юм байна. Гражийг барих ажлыг ирэх сараас эхлүүлээд 2014 оны хоёрдугаар сард ашиглалтанд өгөхөөр төлөвлөөд байгаа юм билээ. Үзэсгэлэн энэ сарын 16-18-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Бид энэ үеэр Барилгын мэдээлэл судалгааны сурталчилгааны мэргэжилтэн Б.Соёлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу