Инфляц гэдэг чөтгөрийг популист амлалтууд тэжээдэг, үүнийгээ л болих хэрэгтэй
2016/01/25
Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин “Leaderships forum” шинэ булан эхлүүлж байна. Салбар салбарын лидер, тэргүүлэхмэргэжилтнүүд, манлайлагчдыг бид “Leaderships forum”-даа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэнэ. “Leaderships forum”-ын анхны зочноор эдийн засагч Ч.Отгочулууг урьж ярилцлаа.
ГУРВАН ШИЛЖИЛТ БА ЗАСАГЛАЛ, СЭТГЭЛГЭЭ
-Манай улсын хөгжил одоогоор хийж байгаа гурван шилжилтээс хамаарна. Нэгдүгээрт, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилт. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйд тулгуурласан эдийн засгаас уул уурхайд тулгуурласан эдийн засаг руу шилжиж байна. Гуравдугаарт, нэг намтай байсан үеэс олон намтай болох процесс явагдлаа. Өөрөөр хэлбэл, ганц ахтай биш, олон ах, эгчтэй байх замыг сонгосон. Тэгэхээр эдийн засаг болон улс төрийн бүтцийн хувьд өөрчлөлт хийж байгаа. Энэ бүхний үр дүнг ард түмэн хэдийд хүртэх вэ гэдгээс улсын хөгжил шууд хамаарна. Мэдээж үр шимийг хангахын тулд нөлөөлж буй хүчин зүйл бий.
Нэн түрүүнд засаглал буюу институцийн чадавхи чухал. Тухайлбал, яам, агентлаг болон орон нутгийн засаг захиргаа нь хангалттай хэмжээнд ажиллаж чадаж байгаагаас хамаарна гэсэн үг.
Мөн сэтгэлгээ чухал гэдгийг сүүлийн жилүүдэд болж буй зүйлээс харж болно. Сонгогчдын боловсрол, нийгмийн сэтгэл зүй шинэ нөхцөл байдалд нийцэж байж хүссэн үр дүндээ хүрч чадна. Яагаад гэвэл, нийгмийн олонх нь бэлэнчлэх сэтгэлгээнд автсан хэвээр байгаа учраас сэтгэлгээнээс хамаарна гэж хардаг.
УУЛ УУРХАЙН ХУВЬД СУРАЛЦАЖ БАЙНА
-Хэдийгээр өөр олон хүчин зүйл байгаа ч гэлээ хамгийн гол нь манай улс уул уурхайг түшиглэсэн эдийн засагтай орон гэдгээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Мал аж ахуй, газар тариалангаа бид сайн мэднэ. Харин уул уурхайн хувьд шинээр суралцаж байна. Олон нийтэд таалагдах зүйл ярьдаг улстөрчид нь уул уурхайн энгийн зүйлийг мэдэхгүй байна. Мэдээж уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болоод удаагүй байгаа нь нөлөөлж байгаа биз. ТЭЗҮ болон ашигт малтмалын нөөц гэж юу вэ. Түүнийг хэдийд нь, хэрхэн хийх вэ гэдгийг нийтээрээ маш сайн ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын хуульд юуг нөөц болон таамаг нөөц гэх вэ, ямар үед ТЭЗҮ хийх вэ гэдгийг маш тодорхой заасан. Энэ хуулийн хувьд дэвшилттэй болсон ч хүмүүст итгэл үнэмшил төрүүлж, ойлгуулах төвшинд хүрээгүй байна. Тиймээс хөгжлийн тулгуур болсон уул уурхайн хувьд таатай нөхцөл байдал бүрдэхгүй байгаа нь харагдаж байна. Ялангуяа улстөрчдийн мэдлэгт бус хийрхэлд тулгуурласан элдэв мэдэгдэл нь олон нийтийн зөв ойлголтыг няцаах, ойлгомжгүй байдал үүсгэх хэмжээнд байгаа юм. Ард түмний хувьд мэдээллийг авахдаа дийлэнхдээ улстөржсөн хүмүүсийн мэдэгдлийг анхааралтай ажигладаг хандлага ч байна. Түүнчлэн мэргэшиж амжаагүй сэтгүүл зүйгээр дамжуулан мэдээллийг авч байгаа учраас уул уурхайг дэмжсэн сэтгэлгээ бий болохгүй байна.
ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГ ОДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ ТОМ ХӨШҮҮРЭГ
-Уул уурхайг түшиглэсэн эдийн засагтай орон гэдгээ хүлээн зөвшөөрөөд цааш нь эдийн засгийн хөгжлийн гарцыг уул уурхай тодорхойлно гэдгийг нийтээрээ ойлгох цаг болсон. Ингэж хэлэхдээ дан ганц уул уурхайг түшиж амьдрах хэрэгтэй гэж сохроор номлох гэсэнгүй. Яг одоогийн нөхцөл байдлаас гарах зам нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт орж ирэх хэрээр ажлын байр бий болж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Түүнчлэн иргэдэд тэгш боломж олгох санхүүгийн эх үүсвэр бүрдэнэ. Одоогоор манай улсын газар доорх баялаг хөрөнгө оруулалтыг татах том хөшүүрэг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг дэмжих соёлд суралцах ёстой.
ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭЭГҮЙ БОЛ МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ГУРАВ ДАХИН БАГА БАЙНА ГЭСЭН ҮГ
-Ард түмэн ядуурлаа, шударга бус явдал их байна, Монгол Улс луйварчдаар дүүрлээ гэдэг улстөрчид олширч, чанга хашхирч, мэдэхгүйгээ мэддэг мэтээр авирлах нь зөв зам биш. Шийдэл ч биш. Харин уул уурхайн бизнес ямар эрсдэлтэй, яагаад ашигтай байдаг вэ гэдгийг мэддэг болох хэрэгтэй. Уул уурхай хэмээн туйлширч байна гэх байх. Гэхдээ сүүлийн 4-5 жилийн дотор уул уурхайгаас хамаарсан эдийн засаг гурав дахин өссөн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Хэрэв эдгээр том хөрөнгө оруулалт орж ирээгүй бол манай улсын эдийн засаг гурав дахин бага байна гэсэн үг. Энэ хэрээр шинэ орон сууцанд орох хүний тоо гурав дахин цөөн гээд хүний хэрэгцээ шаардсан бүхий л зүйл гурав дахин багасах байсан. Бас уул уурхайгаар дамжуулан нийгмийн халамжийн бодлого явуулж чадахгүй байх байсан гээд тоочвол олон. Тэгэхээр бид нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, ашигтайгаар эргүүлэхийн тулд сэтгэлгээгээ зөв болгох хэрэгтэй. Уул уурхайгаа зөв хөгжүүлвэл манай улс хөгжих бас эдийн засаг чадавхжих боломжтой. Үүний тулд уул уурхайн салбар өөрсдөө засаглалаа сайжруулах нь чухал юм.
öУул уурхайн салбараас Монгол Улсын хөгжил хамаарч байгаа энэ үед энэ салбарынхан ч мөн адил засаглалын чадавхи тааруу байгаа. Тэд нэгдэж эрх ашгаа хамгаалж чаддаггүй. Нэр хүндийг нь унагаад байгаа компаниудаасаа ялгарч чаддаггүй. Нийгэмд үзүүлж буй эерэг сайн нөлөөлөл, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа нийтэд ойлгуулж чадахгүй байна. Энэ салбараас эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд зөв ойлгуулахгүй байгаа зэрэг нь чадавхи дорой байгаагийн илрэл. Түүнээс гадна өөрсдийгөө хамгаалсан механизмаа ашиглаж чаддаггүй. Энэ мэтчилэн хэлээд байвал олон зүйл бий. Гэхдээ хамгийн чухал нь төр өөрөө үлгэр дууриал үзүүлж байх хэрэгтэй.
ИНСТИТУЦИЙН ЧАДАВХИ САЙН БАЙХ УЧИРТАЙ
-Хөгжих гэж байгаа бол институцийн чадавхитай байх ёстой. Институцийн чадавхи гэдгийг энгийнээр тайлбарлавал, хууль дүрмээ мэддэг, зөв тайлбарладаг, зөв хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэсэн үг. Тэр дундаа төрийн албан хаагч, хуулийн байгууллагын ажилтнууд зөвхөн хуулиа дээдэлдэг, хуулиа ойлгодог, иргэдийг чирэгдүүлдэггүй, ойлгомжтой байх ёстой. Ер нь институцийн чадавхи сул байвал, шударга бус байдал, авлига хээл хахууль өсдөг. Мөн иргэдийн төрд итгэх итгэл буурдаг.
Олон улсын хэмжээнд төрийн чадавхи, нээлттэй байдал, хэлсэн үгэндээ хүрч байгаа эсэхийг тодорхойлдог томоохон судалгаа хийдэг. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форум, өрсөлдөх чадварын тайлангаас харж болно. Манай улсын бизнесийнхэн төрдөө итгэдэггүй гэдэг нь энэ судалгаанаас харагддаг. Тэд татварын дарамт их байгаа тухай, хууль, дүрэм журам ойлгомжгүй байна гэдгийг байнга хэлдэг.
Сүүлийн жилүүдэд авлигатай тэмцэж байгаа, авлигын эсрэг үзүүлэлт болон бизнест ээлтэй орчин сайжирч байгаа нь гээд эерэг үр дүн харагдаж байгаа ч манай улсын хувьд институцийн чадавхи сайн биш байна. Тухайлбал, хуулийг салбарын сайд, шинжээч, хуульч, мөрдөн байцаагч өөр өөрөөр тайлбарладаг. Жишээлбэл, нэг хуулийг хэдэн янзын гаргалгаатайгаар тайлбарлах нь ч бий. Орон нутгийн засаг захиргааны зарим нэг томоохон албан тушаалтан хууль сахиулах үүргээ биелүүлдэггүй. Тэр ч бүү хэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжээ хөөж гаргачихаад хууль бусаар олборлолт хийж байх жишээтэй. Энэ бүхэн манай засаг захиргааны нэгж, институц сул байгаагийн илрэл. Цаашилбал, энэ байдал уул уурхайн гэнэтийн өсөлттэй нийлэхээрээ ардчиллаас ухрах, дарангуйллын нийгэм рүү шилжих эсвэл олигархи хэмээн эгдүүцдэг цөөн тооны хүмүүсийн мэдэл рүү шилжих болж байгаа хэрэг. Тэгэхээр институцийн сул дорой байдал нь зөвхөн авлига, хээл хахуулийг хөхиүлэн дэмжээд зогсохгүй хөгжлийг боомилж байна.
Төр аюулгүй ажиллахын тулд институцийг чадавхижуулах хэрэгтэй. Үүний тулд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, сонгуулийн үр дүнгээр солигдохгүй байх нөхцөлийг хангах хэрэгтэй. Жишээлбэл, Франц, Германд дипломат албанд орох, төрийн албан хаагч болох шалгуур маш өндөр босготой. Хамгийн багадаа таван жил бэлтгэгддэг туршлага байна.
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙНХЭН МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР СТАНДАРТТАЙ БАЙХ ЁСТОЙ
-Институцийн чадавхийн тухай ярихаар төрийн захиргааны байгууллага, яам, агентлаг муу ажиллаж байна гэлцдэг. Институцийн чадавхи зөвхөн төр, засгаас хамаарахгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага чухал үүрэгтэй. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг харахад Монгол Улсад хэвлэл мэдээллийн засаглал маш сул байгаа. Дээр дурдсан Франц, Герман улсад дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэхдээ ч маш няхуур, өндөр шалгууртай юм билээ. Хууль таниулах сэтгүүлч болохын тулд ажилласан жил, туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан эрх олгодог байх жишээтэй. Гэтэл манай улсад эсрэгээрээ шүү дээ. Мэргэшээгүй, тухайн хүн өөрөө ойлгоогүй зүйлийг бусдад төгс ойлгуулна гэхэд эргэлзээтэй. Энэ хэрээр нийгэмд түгээх мэдээ, мэдээллийн үнэн бодит байдал, бусдад ойлгуулж чадах эсэхээс институцийн чадавхи шууд хамаарна. Тэгэхээр хэвлэл, мэдээллийн салбарынхан мэргэжлийн маш өндөр стандарттай байх ёстой. Алдаан дээрээ суралцаж, дэвшил гарган, стандартаа сайжруулахын төлөө явах хэрэгтэй.
ТӨР ЯАЖ ДЭМЖИХ ВЭ ГЭДЭГ ТОГЛООМЫН ДҮРЭМ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
-Улсыг хөгжилд чухал үүрэгтэй үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг гэдэг чухал. Гэхдээ төр яаж дэмжих вэ гэдэг дээр тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой. Төр дэмжлэг үзүүлэхдээ, инфляцийг бууруулах, ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх, зээл авах нөхцөлийг нь хангах, гадагшаа экспортлох боломжийг нээж өгөх гээд цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Дээрээс нь хууль нь уян хатан, уялдаа холбоотой байх нь зүйтэй. Харин ингэж чадахгүйгээр хэт буруу тийшээгээ хэлбийвэл алга эргүүлэхийн хооронд сүйрнэ. Зүгээр л төр дэмжинэ гэж шуураад байвал татвар төлөгчдийн мөнгийг тарааж байгаатай адил.
Харин Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төр худалдан авна гэдэг нь зөв. Яагаад гэвэл, төр татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авалт хийж байгаа. Тиймээс, гадаадын ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэггүй. Учир нь үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээс төр өөрт хэрэгцээтэй зүйлсийг худалдан авснаар ажлын байр нэмэгдэхээс гадна, татвар төлөлтийн дүн өснө. Энэ хэрээр эдийн засаг сайжирна. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай, хувийн хэвшлийнхэн ордоггүй цагдаа, сургууль цэцэрлэгт хэрэгтэй бүтээгдэхүүнийг үндэсний компаниудаасаа худалдан авах нь зүйтэй гэж боддог. Ингэснээр валютын ханшид ч эерэгээр нөлөөлнө.
БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ-ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ-ИНФЛЯЦ
-Бэлэнчлэх сэтгэлгээний хувьд арай өөр өнцгөөс нь харж байна. Жишээлбэл, хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өндөр өсөлтийн үед аж ахуйн нэгжүүдэд ажиллах боловсон хүчин олдохгүй тохиолдол байсан нь гашуун үнэн. Ажил хийх боломжтой ч төрөөс халамж авахад амьдралд нь хүрэлцээд байсан нь үүнд нөлөөлсөн.
Манай улсын зарим аж ахуйн нэгж хөрвийн аргаар бойжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нөгөө талдаа хэт бэлэнчлэн төрөөс хараат маягаар хөгжиж байгаа компани ч бас бий. Тэднийгээ эрхлүүлэхийн тулд төр маш болчимгүй алхам хийж байгаа. Тодруулбал, гаднаас зээл аваад түүнийгээ хэт хавтгайрсан халамж болгон тарааж байгаа нь эргээд инфляцийг үйлдвэрлэж байна.
Хэдхэн жилийн өмнө эдийн засаг гайхамшигтай өсч байх үед инфляц 30 хувьд хүрсэн гашуун түүх бий. Үүний гашуун үр дүнг 10 жилийн турш амсахад хүрч байна. Инфляц өсөхөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөхөөр ажлын байр багасна. Энэ нь хөрөнгө оруулалтыг боомилно. Эцсийн дүндээ ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлнэ. Ажилгүй болоод мөнгөгүй болсон хүмүүс гэмт хэрэгт холбогдоно. Ийм л чөтгөрийн тойрог-гинжин урвал үргэлжилдэг. Ер нь хамгийн муухайгаар хэлэхэд хэрэв чөтгөр гэж байдаг бол хамгийн хорлонтой зэвсэг нь инфляц. Инфляц гэдэг чөтгөрийг иргэдийг бэлэнчлэн сэтгэлгээнд урин дуудсан популист амлалтууд” тэжээдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй.
Одоогийн нөхцөлд засуул маягийн төр илүү тохиромжтой. Бэлэн талх авч өгөхийн оронд түүнийг яаж хийдэг аргыг нь зааж өгчихөөд, ноён нурууг нь хараад явдаг. Жишээлбэл, бүх юм нь бэлэн байдаг айлын хүүхэд, амьдралын хатуу хүтүүг үзэж өссөн айлын хүүхэд хоёрын амьдрах чадвар өдөр шөнө шиг ялгаатай. Тэгэхээр Монголын төр баян айлын аав, ээж шиг байх уу, эсвэл хал үзсэн, амьдралын ухаанд сургадаг эцэг, эх шиг байх уу гэдгээс зөвийг нь сонгоод, тэр сонгосон чиг шугам дээрээ тууштай байх цаг болсон.
Зочин · 2016/01/25
nice