УИХ-ын ээлжит бус чуулганыг 2013 оны 09 дүгээр сарын 02-06-ны хооронд хуралдуулах  болсныг эх сурвалж мэдээлж байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал багтсан гэнэ.  

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан бөгөөд уг хууль батлагдсанаар 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй шинэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгогддог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулалтыг хамгаалахаар тусгагджээ.

Ээлжит бус чуулган хуралдах эсэхийг УИХ-ын даргын зөвлөл хуралдаж товыг гаргана. Ээлжит бус чуулганыг хуралдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардсан бол ҮАБЗ-ийн үе үеийн гишүүд зөвлөсөн юм.  Тэгэхээр 10-р сарын 5-нд эхлэх нэгдсэн чуулганаас өмнө  ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой боллоо.  

А.Баярмаа