Номтой Нөхөрлөе клубээс жил бүр “ОЮУНЛАГ БЭЛЭГ НОМ: САР ШИНЭЭР ЗОЧИН ГИЙЧИНДЭЭ НОМ БЭЛЭГЛЭЕ” уриалга гаргадаг билээ. Энэ жил 4 жилдээ гаргаж буй энэхүү уриалгаа “ЦАГААН САРЫН БАЯР: МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГ РҮҮ” уриатайгаар хийж байна.

Уриалгын зорилго нь сар шинийн баяраар зочин, гийчиндээ урд хөршийн чанар багатай, хямд өртөгтэй бараа бэлэглэхээс татгалзаж НОМ бэлэглэдэг болох юм.

Монголчууд бид жил бүр хоёр их наяд төгрөгийг Цагаан Сарын Баярын үеэр бэлгэнд зарцуулдаг бөгөөд энэ их мөнгө жил бүр өмнөд хөрш руу урсаж Эрлиан хотыг хөгжүүлж байдаг. Энэ жилээс эхлэн энэ их мөнгө Монголын номын зах зээлийг дэмжих эхлэл тавигдах болтугай хэмээн хүсэж байна.

Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж өнгөрсөн хорин жил ярьсан хэдий боловч үнээрээ урд хөршийн, чанараараа гадаадын бусад орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Тиймээс энэ Сар Шинээр ҮНДЭСНИЙ ОЮУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ гэж уриалж байна.

Монголчууд судар гэлтгүй номыг торгонд баринтаглаж, хадганд ороож дээдэлдэг номын агуу их соёлтой ард түмэн билээ. Энэхүү номын соёлоо сэргээе, үндэсний баяр Цагаан Сараа аваръя.

Сүүлийн үед цагаан сарын баярын жинхэнэ утга алдагдаж хөөргөөрөө, ууцаараа, дээл, малгайгаараа уралддаг, хэт эд мөнгөний материалист баяр болоод байна. Үүнийг өөрчилж харин Цагаан Сарын Баяраа бие биендээ мэдлэг, ном бэлэглэдэг хамгийн оюунлаг баяр болгоцгооё.

Уриалгын хүрээнд энэ жил 1 сарын 29,30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын байранд 20-60% хямдралтай номын худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хямдралтай худалдаанд иргэд мөн идэвхитэй оролцож сар шинийнхээ оюунлаг бэлгийг хямдралтайгаар базаагаарай хэмээн уриалж байна.

“МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГРҮҮ

ЭРЭЭНИЙ БЭЛЭГНЭЭС ЭРДМИЙН БЭЛЭГ РҮҮ”

УРИЛГА ГАРГАСАН: “НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” КЛУБ

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “ООЛ ИВЭНТС” ГРУПП

88113330, 97100222