Монголын үндэсний музейд хөөрөг, даалингийн үзэсгэлэн ирэх сарын 3-нд нээгдэх гэж байна. Тус музейд хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнд дэлгэгдэх юм байна. Үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров, болон харь орноос гаралтай тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөргүүд багтсан болно. Үүнээс гадна монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөгнүүд байна. Тухайлбал, Манж чин гүрэн, Автономит Монгол улс, Ардын засгийн буюу 3 төрийн нүүр үзэж 43 жилийн төрийн албанд зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн Хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнг (Шинжлэх ухааны академи) үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөрөг зэрэг багтах аж.

Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь энхрий хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байна.
Даалингийн тухайд Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалингууд үзэсгэлэнд тавигдсан болно.

Т.Буянаа