Өнгөрөгч он манай улсын эдийн засгийн хувьд хүндхэнд тооцогдохуйц жил байлаа. Тухайлбал, төгрөгийн эсрэг эрчтэй чангарсан валютын ханш тэр дундаа ноён ногооны ханш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хэдэнтээ хөөрөгдсөн жил байлаа.

Харин энэ онд 2015 онд огцом саарсан эдийн засгийн өсөлт 2016 онд төдийлөн өөрчлөгдөхгүй гэж Монголбанкынхан үзэж байна. Учир нь Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд 2016 онд эдийн засаг төдийлөн өөрчлөгдөхгүй, потенциал үйлдвэрлэлийн түвшнээс доогуур хадгалагдахаар байгааг онцолсон байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт 2016 онд “Оюу Толгой”-ийн уурхайн II шатны хөрөнгө оруулалтын нөлөөгөөр "эерэг" түвшинд хадгалагдаж, 2017 онд нэмэгдэн потенциал түвшинд хүрэхээр байгааг Төв банкнаас мэдээллээ. 2016 онд зэсийн үйлдвэрлэлийн тооцоонд хүдэр дэх агуулга буурахаар тооцож байна. Өөрөөр хэлбэл энэ онд “Оюу Толгой”-ийн ордын баяжмал дахь алтны агуулга буурах тооцоо гарчээ. Тиймээс эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурах гол шалтгаан болж байна. Энэ оноос “Оюу Толгой”-ийн II шатны уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр төгрөгийн ханш сулрах дарамт багасах хэдий ч экспортын орлогын бууралт энэ нөлөөг саармагжуулахаар байгаа аж.

Жилийн инфляци 2016 оны эцэс хүртэл буурч, 2017 онд нэмэгдэх төсөөлөл гаргасан байна. Энэ онд Парламентын сонгууль болох учраас эдийн засгийн бодлогын төсөөллийн тодорхой бус байдал үүсгэх гол шалтгаан болж байгааг эдийн засагчид онцолж байна. Дэлхийн банкны үзэж байгаагаар уул уурхайн салбарын өсөлт гадаад эрэлт буурч байгаа учраас саарах эрсдэлтэй байна.

Энэ хэмжээгээр 2016 онд эдийн засгийн өсөлтөд дарамт учруулахаар байгааг онцолжээ. Хэдий тийм боловч гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэснээр 2016 оны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхээр байгаа ажээ. Мөн Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөвийг өөдрөг хэвээр үнэлээд байна.

Ж.Чимэг

http://builder.mn