С.Ариунзаяа, Д.Одзаяа: Хүүхэд амьдралын зорилгыг илүү мэдрүүлдэг юм байна
2016/02/08
Заяаны ханиа зөв сонгоно гэдэг аз жаргалтай, сайн сайхан амьдралын 80 хувийг бүтээсэнд тооцдог. Насан туршдаа түүнтэй нэг зүг рүү харж, хамтдаа зүтгэх учраас зөв хүнээ олж ханилна гэдэг энэ амьдралд хамгийн чухал. Тэгвэл хайраас гадна бие биедээ итгэж, хүндлэх нь бат бөх гэр бүлийг цогцлоон бий болгох гол суурь нь хэмээн ярих зөв бодолтой нэгэн залуу гэр бүлийг “Сар шинийн баяр”-ын босгонд “Дугаарын зочин” буландаа урьсан юм. Өнөөгийн залуусын үлгэр дууриал болсон урлагийн гэр бүл буюу “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Ариунзаяа, гэргий нэвтрүүлэгч Д.Одзаяа нар юм. Гэр бүлийн амьдралыг төлөвлөж болдог гэдгийг өөрсдийн амьдралаараа батлан харуулсаар яваа залуу хосууд үрийн зулай үнэрлээд хоёр жил болсон ч анх удаа манай сэтгүүлд албан ёсоор хүүгээ танилцууллаа. Ингээд С.Ариунзаяагийн халуун ам бүлтэй дотно танилцья!
TV ZONE: Та бүхэнд энэ өдрийн мэндийг, мөн удахгүй болох “Сар шинийн баяр”-ын мэндийг хүргэе!
ЗОЧИД: Баярлалаа. TV ZONE сэтгүүлийн уншигчдад мөн удахгүй болох Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ын мэндийг гэр бүлийнхээ өмнөөс дэвшүүлье!
TV ZONE: Хүү нь “том” залуу болжээ. Хоёр ой хүрсэн үү?
ОДЗАЯА: Одоо хоёр ой гурван сартай. Хүүхэд хэвлийдээ удаан хүлээлгэж, харин төрсний дараа хурдан өсч том болдог гэдэг дээ. Яг үүн шиг саяхан л мэндэлж байсан үр минь элдвийг шулганаад том залуу болж байна.
TV ZONE: Хүүхэд аав, ээждээ маш их үүрэг хариуцлагыг мэдрүүлж ирдэг гэдэг. Хүүхэдтэй болоогүй байх үе, аав, ээж болсны дараах та хоёрын хувьд сэтгэл зүйн хувьд хэр их өөрчлөлт гарсан бэ?
ЗАЯА: Аав болно гэж сонсоод өөрийгөө дотроо аав болсноор төсөөлж, туршлагатай найз нараасаа мэдээлэл солилцож, тодорхой хэмжээнд өөрийгөө бэлдэж эхэлсэн. Гэхдээ аав болно гэж бодох, хүүхэд маань төрөөд жинхэнээсээ аав болох хоёрын хооронд маш их ялгаа байдаг юм билээ. Аав, ээж болно гэдэг маш их хариуцлага. Өөрөөр хэлбэл, үр хүүхдээ сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэхийн тулд багаас нь хичээх хэрэгтэй. 1-3 настайд нь хүмүүжлийн 80 хувь нь суудаг гэж уншиж байсан юм. Тиймээс бид хоёр хүүгээ өлгийдөн авахаас өмнө бэлтгэлтэй байхын тулд сургалтанд сууж, тэндээс маш их зүйлийг сурч мэдэж, бүх талаар бэлдсэн. Ихэнх эрчүүд эхнэр нь өвдөж эхэллээ гэхэд яанаа гээд л сандарч, сандарсан үедээ юуг эмнэлэг авч явах, хэрхэн эхнэрээ тайвшруулах аргаа мэддэггүй. Бид хоёрын хувьд төрөхийн өмнөхөн эмнэлэг авч явах цүнхтэй хувцсаа бэлдээд тавьчихсан, зөвхөн эхнэрээ өвдөхийг нь хүлээгээд сууж байсан болохоор сандарч тэвдэх асуудал ер гараагүй. Хүүхэд төрөх нь ойртоод ирэхээр цаг хугацаа бүр өнгөрөхгүй байгаа юм шиг санагддаг юм билээ. Төрснийхөө дараа харин хурдан мөлхөж, хөлд орж, ярьж харилцаж эхэлдэг юм байна. Үнэхээр хүүхэд гэдэг энэ амьдралын хамгийн том аз жаргал юм гэдгийг биеэр мэдэрч явна даа.
ОДЗАЯА: Өмнө нь бид хоёр цагийг хоёулхнаа өнгөрөөж, бие биедээ л зав чөлөөгөө зарцуулдаг байсан бол хүүхэдтэй болсноос хойш бүхнээ хүүдээ зориулдаг болжээ. Хүүхэдгүй байхдаа ер нь юу хийцгээж байсан юм болоо гэж бодогдох болсон шүү. Одоо бол бид хоёрын аз жаргал бол хүү минь. Сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүн хүүхдээ тээн төрүүлсний дараа амархан юманд уярч, жаахан зүйлд л уйлчих гээд цаанаасаа л өр зөөлөн болдог юм байна. Зан чанарын хувьд ч гэсэн нэлээн төлөвшдөг юм шиг санагдсан. Амьдралын утга учир хүүхэд юм байна гэдгийг бие сэтгэлээрээ ойлгоод, зорьсон зорилгыг маань илүү мэдрүүлдэг юм байна. Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах юмсан гэж ярьдаг даа. Энэ мэтчилэн маш их өөрчлөлт гардаг юм байна.
TV ZONE: Та хоёрын ярианд жирэмсний сургалтын тухай дурдагдлаа. Энэ сургалтын тухай мэдээлэл манайд тун хомс. Байдаг гэдгийг нь мэддэг ч ач холбогдлыг нь үнэлдэггүй. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад энэ сургалтанд заавал суух ёстой байдаг. Та хоёрын үг залууст маань ихийг бодогдуулах болов уу?
ЗАЯА: Хосын болон жирэмсний сургалт гэж хоёр тусдаа байдаг юм билээ. Хосын сургалтанд эх хүн хүүхдээ 10 сар хэвлийдээ тээхэд ямар хэцүү байдгийг бага боловч мэдрүүлэхээр аав нарт 12 кг-ийн элстэй “гэдэс” гурван цагийн турш огт суулгалгүйгээр зүүлгэчихдэг юм байна лээ. Тэр гэдсээ тайлангуут үнэхээр хөл хөнгөрөөд нисч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгэхээр эрчүүд бид гуравхан цаг хүнд гэдэстэй явахад л үнэхээр хэцүү санагдаж байхад бидний үр удмыг төрүүлэх гэж эмэгтэй хүн ямар их ачааг үүрдэг юм бэ гэдгийг биеэр мэдэрсэн гэхэд болно. Аав, ээжүүд маань хүүхэдтэй болоход ийм юм бэлдэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэж зөвлөж байсан ч яг биеэрээ мэдэрнэ гэдэг тэс өөр. Хүүхэлдэйгээр орлуулан хүүхэд усанд оруулах, живхийг нь солих, хамар цэвэрлэх гэх мэтчилэн бодит мэдээллийг бид тэрхүү сургалтаас олж мэдсэн учраас хүүгээ хүлээн авахад бэлтгэлтэй байсан. Хүүхэд төрсний дараа хэрэглэгдэх бүх хувцас хэрэглэлийг нэг бүрчлэн урьдчилан бэлдсэн ч “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж монголчуудын уламжлалт ухааныг даган төмөр халбага хийн домносон. Хамгийн хөгжилтэй нь гэрийнхээ бүх төмөр халбагыг уут бүрт нь хийгээд дуусгачихсан байсан. Үнэндээ ийм сургалт байна гэдгийг сонсоод “Лекц л уншина биз дээ” гэсэн сэтгэхүйгээр анх очсон ч үнэхээр хөгжилтэй, өгөөжтэй, практик голдуу байсан болохоор нэг удаа яваад л дараагийн өдрөө хүлээж эхэлсэн дээ.
ОДЗАЯА: Анх хүүхдээ төрүүлэхдээ юу бэлдэх, төрүүлсний дараа хэрхэн арчлах талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан л даа. Харин жирэмсний сургалтад хамтдаа сууснаар бүгдийг мэдэж, эхний нэг жил юунд түлхүү анхаарах ёстойг мэдэж авсан. Хэрвээ энэ сургалтанд суугаагүй бол гэнэт нэг өдөр өвддөг, хэн хэн маань яахаа ч мэдэхгүй сандрах байсан болов уу. Төрсний дараа нөхөр маань хажуунаас холдохгүй хамт байсан нь надад үнэхээр сайхан байсан. Энэ мэт жирэмсний сургалтын ач гавьяа маш их. Уг сургалтанд сууснаас хойш ойр дотныхоо таньж мэддэг хосуудад заавал үүнд хамрагдаарай гэж захидаг болсон шүү. Мөн бидний ярилцлагыг уншин суугаа залуу хосууддаа ч гэсэн заавал уг сургалтанд суугаарай, аав, ээж болохдоо эртнээс өөрсдийгөө бэлдээрэй гэж зөвлөмөөр байна.
TV ZONE: Эрчүүд хөл хүнд эхнэрийгээ хажуугаас нь хараад хэцүү байна даа гэж бодохоос биеэрээ мэдэрч чаддаггүй шүү дээ. Хэдхэн хором ч гэсэн хөл хүнд хүний зовлонгоос мэдэрсэн Заяа гэргийгээ илүү хайрлах сэтгэл төрсөн болов уу?
ЗАЯА: Тэгэлгүй яахав. Зарим эрчүүд хүүхэдтэй болсныхоо дараа “Би аав боллоо” хэмээн баярласан ч, үүнийгээ тэмдэглэнэ гээд найз нөхөдтэйгээ дөнгөж төрсөн эхнэр, хүүхдээ орхиод явчихдаг. Энэ нь маш буруу гэдгийг мэргэжлийн эмч нар ойлгуулж хэлсэн л дээ. Эмэгтэй хүн төрөх гэж маш их ядарч сульддаг учраас төрсний дараа нөхөр нь дэргэд нь байж, асарч сувилан сэтгэлийг нь амраах ёстой. Ихэнх хөл хүнд эмэгтэйчүүд үүрээр өвддөг гэсэн судалгаа байдаг. Манай хүн ч гэсэн үүрээр гэнэт өвдсөн. Яг төрөх үед эмч эхнэрийнхээ хажууд байж болно гэсэн ч би хаалганы гадна хүлээж зогссон юм. Хүү минь дөнгөж төрсний дараа эмч намайг оруулахад, эхнэрээ хараад үгээр хэлэмгүй хайрламаар мэдрэмж төрдөг юм билээ. Тэгээд дөнгөж төрсөн бяцхан хүүдээ хүрэхэд үнэхээр хайрын “тог”-нд цохиулах шиг болсон шүү. Энэ агшинд уйлаагүй мөртлөө гараад аавыгаа хараад огшоод уйлчихсан. Гэхдээ би аав боллоо гэсэндээ уйлаагүй эхнэр, хүүхэд минь эрүүл энх, эсэн мэнд амаржлаа гэж бодоод л өөрийн эрхгүй нулимс дуслуулсан.
ОДЗАЯА: Төрнө гэдэг бол хоёр бие уулзаж байгаа учраас яахын аргагүй баярт мөч. Зарим эмэгтэйчүүд төрнө гэхээс айж байна, яанаа гэдэг. Энэ нь хэвлийд бойжиж буй үрд муу гэдгийг би сургалтаас олж мэдсэн. Тиймээс миний хувьд 12 цаг өвдөлт өгч, хэцүү байсан ч тэсч, аль болох тайван байхыг хичээсэн. Ээж нь айж сандарвал удахгүй мэндлэх үр минь бас айх байх хэмээн аль болох л тайван байхыг хичээсэн дээ.
TV ZONE: Хүүгийнхээ дуудах алдрыг хэрхэн өгсөн бэ? Энэ бас гайхамшигтай түүх байдаг.
ЗАЯА: Хүүг маань Ариун-Од гэдэг. Бидний нэрний эхний үеийг нийлүүлж бүтсэн нэр байгаа юм. Хүүхэдтэй болсноо сонссоны дараа л нэр бодож эхэлсэн дээ. Тэгээд энэ нэр дээр тогтсон.
ОДЗАЯА: Би Заяа хүүгийнхээ нэрийг өгнө гээд хөл хүнд байхдаа ч, төрсний дараа ч ямар ч нэр бодоогүй. Төрсний дараа Заяа бодсон нэрээ хэлтэл надад таалагдсан.
TV ZONE: Гэр бүл төлөвлөлтийн тухай та хоёрын бодлыг сонсмоор байна? Гэр бүлд төлөвлөлт байх ёстой юу, эсвэл төлөвлөх шаардлагагүй юу?
ЗАЯА: Бид хоёр үерхээд, мөн хамтын амьдралаа үүсгээд 7, 8 жил болжээ. Хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүмүүжилтэй хүмүүс гэр бүл болохын өмнө нэгнээ сайн мэдэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс 7, 8 жил бидэнд хангалттай байсан. Хоёр биенээ мэдээд, заяаныхаа ханийг олчихсон гэдэгтээ бат итгэлтэй болсон учраас одоо хүүхэдтэй болъё хэмээн ярилцаж, бидний төлөвлөсний дагуу хүү минь аав, ээждээ ирсэн. Төлөвлөлт гэдэг бол ирээдүйд үүсэх эрсдлээс өөрсдийгөө хамгаалж байгаа гэсэн үг. Тиймээс бат бэх, аз жаргалтай гэр бүл бүтээхийн тулд төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй.
ОДЗАЯА: Гэр бүл төлөвлөөгүйгээс олон хосууд салж байгаа гэдэг үнэн байх. Сэтгэлийн хөөрлөөсөө болж гэр бүл үүсгэж, үр хүүхэдтэй болчихоод бид тохирохгүй юм байна гээд салах тохиолдол олон. Гэхдээ тэр болгонд хүүхэд л хохирч үлдэж байна шүү дээ. Хүүхэдтэй болоогүй байхдаа салж нийлэх нь байж болох. Харин үр хүүхэдтэй болсон бол хариуцлагаа эхэлж бодох хэрэгтэй. Хүүхдээ өнчрүүлээд гэр бүл салж буй энэ асуудал бидэнд маш эмзэг тусдаг.
ЗАЯА: Хүүхэдтэй болохоор эргэн тойрон дахь хүүхдийн асуудал маш эмзэг тусдаг болчихдог юм байна. Тиймээс манай гэр бүлийн хувьд энэ 2016 оныг нийгэм рүүгээ буюу залуу гэр бүл, хүүхдийн асуудалд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тусламж хэрэгтэй хүүхдүүдэд хандив босгож чадлынхаа хэрээр туслах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлнэ.
TV ZONE: Гэр бүлийн хоёрт муудалцаж, маргалдах асуудал олонтаа тохиолддог шүү дээ. Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй ч гэж ярьдаг. Та хоёрын хувьд ийм үед асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
ЗАЯА: Маргаан гардаггүй гэр бүл гэж бараг байдаггүй болов уу. Гэхдээ хааяа нэг гарах маргаан гэр бүлийн хоёрыг улам илүү ойртуулж, хайрыг нь сэргээж өгдөг юм болов уу гэж боддог. Эрэгтэй хүн айлын нандин охиныг жаргаана гэж авч суучихаад зовоож болохгүй шүү дээ. Хэрүүл маргаан гарвал болж өгвөл эр нөхөр нь буулт хийж байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ ямар асуудалд хэн нь буруутай вэ гэдгээс шалтгаална. Ер нь, гэр бүлийн жижиг сажиг маргаан дээр эрэгтэй хүн буугаад өгчихөд гэмгүй дээ. Насан туршдаа хамтдаа амьдрах учраас айл гэрийн эзэн хүн эхлэн шийдвэр гаргах, нөгөөтэйгүүр бас эхэлж буулт хийж өгч байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Эр хүн өрх толгойлоод ирэхээр буулт хийх хэрэгтэй байх нь, гэрийн эзэн ноён нуруутай байх хэрэгтэй юм байна гэж бодогддог юм билээ. Эрэгтэй хүн чинь цаанаасаа л гэр бүлээ авч явах, хамгаалах чадвартай төрдөг юм байна гэдгийг ухаарсан даа.
ОДЗАЯА: Бат бэх гэр бүлийн нууц нь итгэлцэл, хүндлэл, нэгнийгээ уучилж ойлгох сэтгэл дээр тогтдог юм байна гэдгийг ойлгосон. Бидний хувьд бие биенийхээ ажил мэргэжлийг үргэлж ойлгож хүндэлдэг. Миний хань бас намайг уурлавал аргадаад үнсэхэд нь эмэгтэй хүн болсон хойно тэр дороо уур гараад, инээчихдэг. Эмэгтэй хүмүүс бид чинь жаахан зүйлд л баярлачихдаг шүү дээ.
TV ZONE: Удахгүй Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр” болох гэж байна. Өрх тусгаарласан залуу гэр бүлийн хувьд энэхүү баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
ЗАЯА: Хэдийгээр тусдаа гарсан ч залуу гэр бүл учраас гэртээ ёслоод өнгөрдөг. Өглөө эртлэн босч мөрөө гаргачихаад эхнэр, хүүхэд хоёроо дагуулаад л ахмад настнуудынхаараа золгохоор явдаг даа.
ОДЗАЯА: Гэртээ ёс болгон идээ будаагаа засдаг. Харин цагаан сарын өглөө эртлэн босч айл гэрийн эзэгтэйн хувиар сайхан цайгаа чанаж уучихаад эмээгийнх рүүгээ золгохоор явдаг. Өмнө нь ханьтайгаа айлуудаар их хэсдэг байсан ч хүүхэдтэй болсноосоо хойш хэсэх айл маань багассан. Өнгөрсөн жил хүү минь нялх байсан учраас тэр шүү дээ.
TV ZONE: Бидний урилгыг хүлээн авч, чин сэтгэлээсээ ярилцаж, залуу хосуудад маань хэрэгтэй зөвлөгөө өгсөн та хоёрт баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал хүсье! Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ЗОЧИД: Маш их баярлалаа. Сар шинийн баярын босгонд биднийг урьсан танай хамт олонд мөн баярласнаа илэрхийлье! Мөн уншигчиддаа сар шинийн мэндийг манай гэр бүлийн өмнөөс дахин дэвшүүлье! Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ярилцсан: Б.БАЯРЖАРГАЛ
Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ
Эх сурвалж: www.UBS.mn
Зочин · 2016/02/09
nice
Zochin · 2016/02/08
Ta nar naad niitlelee bichihde tuhain hvniha neriig medehgu yaaj bichhiin ariunzaya law bish shdee dorgio.mn iihaan