Г.Сэдэдсүрэн: Аянга буусан ч хохирол учраагүй
2013/08/20
Энэ сарын 19-ний шөнийн 00 цаг 40 минутад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Зайсан толгойн орчимд аянга буусан гэх мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа.
-Энэ сарын 19-ний шөнө аянга буусан. Энэ үеэр ямар нэгэн хохирол учрав уу?
-Аянга буусантай холбоотой ямар нэгэн байдлаар хохирол учраагүй. Өнөөдрийн байдлаар ард иргэд нэлээд цуурхал тараасан байсан. Тодруулбал, өчигдрийн аянганд машинтай хүмүүс өртсөн хүн амь насаа алдсан зэрэг буруу ташаа мэдээлэл тараажээ. Үүнийг нийслэлийн Онцгой байдлын газраас үгүйсгэж байна.
Учир нь аянга буусан боловч ямар нэгэн зүйл болоогүй. Харин тус дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний орчимд байгаа айл өрхийн цахилгааны эх үүсвэрийг түр хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар тэр хэсгийн айлуудын цахилгааны эх үүсвэрийг хэвийн байдалд оруулж, эргэн холболт хийсэн байгаа.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн аянга зайлуулагч байдаг вэ. Тухайн байрласан газруудын аянга зайлуулагч бүгд ажилладаг уу?
-Аянга зайлуулагчийн тооны хувьд албан ёсны тоо байхгүй. Харин байрнуудын дээр аянга зайлуулагч, газардуулагч бий. Нийслэлийн хэмжээнд хуучны барилга буюу 20 мянгат, 40 мянгатын зэрэг барилгууд дээр бий. Гэхдээ ихэвчлэн дээрх барилгад аянга зайлуулагч нь байдаг хэрнээ газардуулагч байдаггүй. Энэ нь тус барилгын нэгдүгээр давхрыг дэлгүүр, ломбард зэргээр сунгаж, нийтийн зориулалтаар ашигладаг. Ийнхүү зайлуулагчтай газрууд нь сүүлийн үед баригдсан барилгуудад барилгын дүрэм журмын дагуу хийгдсэн байгаа.
Түүнчлэн шатахуун түгээх станц, шөнийн зориулалттай объект, цэргийн ангиуд зэрэгт аянга зайлуулагч болон газардуулагч хийгдсэн байна. Дээрх хэсгүүдэд байрлах аянга зайлуулагч бүгд ажилладаг байгаа.
Т.Болорцэцэг