Бүсгүйчүүдэд зориулсан хосын зурхай
2016/02/14
Чи аль ордны эртэй болзоход тохиромжтой эсвэл тохиромжгүй вэ?
12 ордны үндсэн шинж чанар дээр тулгуурлан гаргасан хайр дурлалын нийцлийн тухай зурхайг хүргэе
Хонь
Хонины ордны бүсгүйчүүд нүүрэмгий, үнэнч, логик сэтгэлгээ сайтай, өөрийн гэсэн үзэл бодолтойгоос гадна “зэрлэг” байдаг хэмээн зурхайд тодорхойлжээ. Мөн амьдрал чамд ямар ч бартаа саад бэлдсэн бай даваад гарах эрч хүчтэй, шийдвэртээ үнэнч, ухаалаг бүсгүй юм.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Мэлхий: Сэтгэл татам Мэлхийн ордны залуу эрч хүчний ундарга болсон чамруу соронз мэт л татагдана. Тэрээр чамтай болзохын тулд юуг ч давахад бэлэн байх ба дурлалт бүсгүйдээ өөрт байгаа бүхнээ зориулж чаддаг нь чиний сэтгэлийг хөдөлгөнө.
Загас: Загасны ордны эр мэдрэмжтэй учраас зогсолтгүй оргилох сэтгэл хөдлөлийг чинь ойлгохдоо гаргууд. Мөн түүний хэлсэндээ хүрдэг, найдвартай чанар нь чамтай тогтвортой харилцаа үүсгэхэд нь том тус хүргэнэ.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Ихэр: Ихрийн ордны эрийн түргэн зан, аливаад сэтгэл хөдлөлөөр хандах гээд байдаг тал нь чамд таалагдахгүй.
Арслан: Арслангуудын ноёрхогч зан чанар Хонинуудын бие даасан сэтгэлгээтэй харшилдана. Энэ хоёр орд хэзээд бие биенээ үгүйсгэсээр байна.
Үхэр
Сайхан эд зүйлсийг таашаах дуртай, аливаа эдийн чанар, загвар сайтайг нь олж харж сонгохдоо гарамгай Үхрийн ордны бүсгүйчүүд сайн найз, сайн найз бүсгүй байж чаддаг. Чи эелдэг хэрнээ нууцлаг чанараараа эрчүүдийг үргэлж гайхшруулж байдаг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Үхэр: Үхрийн ордны эр ижил ордны бүсгүйнхээ нэг зүрхний нөгөө тал байх нь элбэг. Хоорондоо нийцтэй бүх ордыг жагсааж үзвэл байгалиас заяасан, бие биедээ тэмүүлсэн хосууд хэмээх хэсэгт багтна.
Мэлхий: Мэлхийн ордны эрчүүд Үхрийн ордны бүсгүйчүүдийн хүсэл, хэрэгцээнд тун мэдрэмжтэй хандна. Бие биеэ урам зоригоор тэтгэж, эрч хүч өгч чадах гайхалтай хослол.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Арслан: Хэт чамаас болон чиний үгнээс хамааралтай байх Арслангууд чамд яавч таалагдахгүй. Тэр чиний амьдралын хөнгөн хэмнэлд дасахгүй ба нөгөө талаас чи түүний үргэлж урам зоригоор дутаж байдгаас залхах болно.
Нум: Нум ордны эрд чамтай нийтлэг зүйл огт байхгүй. Үхрийн ордны эмэгтэй тайван амгалан байдалд дуртай бол Нумын эрчүүд хэтэрхий хөдөлгөөнтэй, ийш тийш үсчимтгий байдаг.
Ихэр
Бодлогширонгуй, романтик Ихрүүд хэзээ ч амьдрал дээрх бэрхшээл саадын өмнө өвдөг сөхөрдөггүй. Сайхан сэтгэлтэй, жинхэнэ хайранд итгэгч, хувьсамтгай зан төрхтэй, адал явдалд дурлагч бас нөхөрсөг гэж чамайг тодорхойлж болно. Эелдэг, сайхан зантай учир хүмүүстэй амархан найзлаж, нөхөрлөдөг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Мэлхий: Мэлхийн ордны эрчүүд цор ганц үнэн хайраа хайдаг бол Ихрийн ордны бүсгүйчүүд өөрийг нь түүнийх гэдгийг жаргалтайгаар мэдрүүлэх тэр л эрийг хайдаг. Тиймээс энэхүү романтик ордууд нь бие биенээ зүрхний гүнээс ойлгож, хүлээн авч чаддаг юм.
Жинлүүр: Ихэр болоод Жинлүүрийн ордныхон хоёул бие мах бодь болоод оюун санааны өдөөлтийг хүсэж байдаг. Жинлүүрийн ордны эрчүүдийн бие даасан шинж чанар чамд таалагдана. Харин чиний уян хатан, өөртөө шүүмжлэлтэй ханддаг чинь түүнд сайхан санагдана. Бие биенээ урамшуулж, дэмждэг сайхан хосууд болох болно.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Хилэнц: Түргэн зантай, омголон Хилэнцийн эрчүүдэд Ихрийн ордны бүсгүйн хөнгөн, тайван зан огт таалагдахгүй. Бие биенээ хардаж, хоёр биенээсээ залхаж эхлэх ба бүсгүй нь тогтвортой, тайван байдлыг хүсэж эхлэнэ.
Охин: Чи өөрөө адгуу яаруу биш ч Охины ордны эрчүүд чамд хэтэрхий дөлгөөн, тайван бас баригдмал, нэг хэвийн санагдана. Энэ нь чамайг галзууруулж ч мэдэх юм.
Мэлхий
Чи бол амбицтай хэдий ч хэзээд эелдэг зангаа гээдэггүй бүсгүй. Өөрийн чинь хүсэл тэмүүлэл, дуртай зүйлсийг хуваалцдаг хүмүүст татагддаг. Мэдрэмжтэй чанар чинь чамайг ухаалаг харагдуулдаг ба чи бусдыг инээлгэх дуртай.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Жинлүүр: Жинлүүрийн ордны эрчүүд тогтвортой, өөртөө итгэлтэй бөгөөд хувь, хувьсгалын ажлаа тэнцвэртэй авч явж чаддаг. Тиймдээ ч чи түүний дэргэд байхдаа өөрийгөө аюулгүй, тайвнаар мэдэрнэ. Жинлүүр, Мэлхий хоёр нь хоорондоо тун сайн зохицдог ордууд юм.
Үхэр: Үхрийн ордны эрчүүд буурь суурьтай, тэвчээртэй, чадалтай болохоор чамд хангалттай ихээр хайр халамжийг мэдрүүлж чадна. Өөрөөр хэлбэл чамайг яг өөрөөр чинь, баяр хөөртэй байлгаж чадах юм.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Хилэнц: Хилэнцийн ордны залуу чамд хэтэрхий хүчтэй, гал халуунаар татагдах ба үүнээс болж та хоёрын харилцаа хардалт, сэтгэл шаналалаар дүүрэх магадлал өндөр.
Охин: Охины ордны залуу болоод Мэлхийн ордны бүсгүйн аль аль нь өөрийгөө илэрхийлэхдээ тааруу болохоор хоорондоо бүрэн ойлголцож чаддаггүй.
Арслан
Өөрөөрөө бахархдаг, бардам чи эсрэг хүйстнээ өөртөө татахдаа ч дуртай. Хайр дурлалтай учрахаараа үнэнч, тогтвортой байдаг. Чи зөөлөн шинж чанартай ордуудын хувьд хэтэрхий хүчтэйдээд байдаг ба өөртэйгөө ижил төстэй хүмүүстэй тун сайхан зохицдог.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Ихэр: Халамжтай, соёлтой Ихрийн ордны эр чамд хайрлуулж байгааг чинь өдөр бүр мэдрүүлж чадна. Мөн тэр чиний хатуу, гуйвшгүй шинж чанарт татагдах болно.
Хилэнц: Чамайг дэргэд нь байгаад Хилэнцийн залуу үргэлж баярлаж, бахархдаг. Гэхдээ хэзээ ч харилцаандаа ноёрхохыг хүсдэггүй. Үнэнч байдал, итгэлцлийг чухалчилдаг ч нэг удаагийн сэтгэл хөдлөл та хоёрыг салгаж чадахгүй.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Нум: Нумын ордны эр чиний дэргэд хэтэрхий зөөлдөж, дураар чинь байлгах ба ингэснээр чи яваандаа түүнээс давамгайрч эхлэх юм. Гэвч чамд өөрийн чинь төлөө бат зогсох эр хэрэгтэй болохоос хөндий зүрх биш.
Матар: Аливаа асуудлыг эвээр шийдэхийг хичээдэг Матрын ордны эр бардам, хүч чадлаа гайхуулах хүсэлтэй Арслантай хосууд байна гэдэг сонсоход л сонин. Эцэст нь чи түүнийг өөрийнхөөрөө байлгах гэж хэтэрхий хичээж эхлэснээр зөрчил үүсэх болно.
Охин
Бодлогширонгуй, даруухан чи эмзэг мэдрэмтгий хэрнээ тэр талаа бусдаас нуух гэж хичээдэг. Чамайг бүрэн ойлгоход хэцүү ч дэргэдээ барьж үлдээж чадсан нэгэнд үүрд үнэнч байдаг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Жинлүүр: Жинлүүрийн ордны эрчүүд үзэл бодолдоо үнэнч, хүчтэй итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг. Тэрээр чам дээр харц унагавал заавал өөрийн болгож байж л санаа нь амарна. Тэр логик сэтгэлгээ сайтай, халамжтай. Хэзээ ч өөрийн дурласан эмэгтэйн зүрхийг шархлуулахгүй. Энэ нь л чамд таалагдана даа.
Матар: Матрын ордны эр чамайг “үүр”-нээс чинь гаргаж, өөрийн хүч чадлаа мэдрэхэд тусална. Өөрийн хамгаалагч, нууцлаг шинж чанараа Матрууд үргэлж ил байлгана. Хэрвээ чи Матрын ордны эрд дурлаж, тогтвортой харилцаа үүсгэвэл өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг нээх болно.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Мэлхий: Хоёул өөрчлөлт, шинэчлэлтэд эмзэг учир хамтдаа байхад хэцүү. Ерөнхийдөө чамд хатуу, ул суурьтай, газар мах бодьтой хүмүүс тохирно.
Загас: Охин, Загас хоёул үнэхээр даруу, номхон хүмүүс учраас хэт их сэтгэл гутралгүйгээр харилцаагаа сайнаар авч үлдэж чадахгүйд хүрнэ.
Жинлүүр
Жинлүүрийнхэн юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг агаад түүнийгээ автал огт ухардаггүй шинж чанартай. Логик сэтгэлгээ, тооцоотой, өөрт хамаагүй зүйлст орооцолдоод байдаггүй. Бие даасан, буурь суурьтай бөгөөд бусдын арга эвийг олохдоо гаргууд.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Нум: Нумын эрчүүд чөлөөт сэтгэлгээтэй бол Жинлүүрийн бүсгүйчүүд хүчирхэг, өөртөө итгэлтэй байдаг. Гэхдээ тэд хоорондоо тун эв зүйтэй зохьцдог ба хамт байснаар эм нь өөрийгөө цоо шинээр нээж, эрийнх нь хийсвэр сэтгэлгээ газарт бууж, бодитоор сэтгэх болно.
Арслан: Тэд хоёул тун үнэнч, итгэлтэй зантай. Бүсгүй нь эрийнхээ эгог өргөж, эр нь өөрийнхөө томоогүй, хөгжилтэй зангаар бүсгүйдээ инээд хөөр авчирна. Тэд бол жинхэнэ заяаны хосууд мөн.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Матар: Матрын ордны эрийн адал явдал, эрх чөлөөний талаарх бодлыг чи залхуурал гэж үзнэ. Түүний муу зуршил, дутагдалтай талуудыг засаж сайжруулахын тулд чи хамаг хүч чадлаа барна.
Загас: Эмзэг мэдрэмтгий Загаснуудын аашинд чиний тэвчээр хүрэлцэхгүй л болов уу. Эм нь эргэлзэх зүйлгүй үнэнч бол эр нь баригдмал байдалд дургүй учир хэн хэнийхээ сэтгэлд нийцэхгүй.
Хилэнц
Хилэнц бол хамгийн хүчирхэг орд юм. Сэтгэл хөдлөл өндөртэй, хор шартайгийн дээр хүсэл тэмүүлэл ихтэй. Бие болоод сэтгэлийн хэрэгцээ ч өндөр. Ихэвчлэн давагдашгүй секс хүсэлтэй бөгөөд хурц хэл, хошин шогийн мэдрэмжээсээ болоод ташаа ойлгогдчих гээд байдаг талтай. Хилэнцийн ордны бүсгүйчүүд тун эрэмгий бөгөөд түүнийг дэргэдээ үлдээж чадсан эрийн амьдралыг гайхалтайгаар өөрчилж чаддаг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Матар: Аливаад шүүмжлэлтэй ханддаг, тэвчээртэй байдлаараа Матрууд аймшиггүй, уран сэтгэмж өндөртэй Хилэнцийн бүсгүйн хувьд идеал эр болж чадна. Тэд бие биенийхээ ертөнцөд тийм гэхийн аргагүйгээр уусаж, сексийн хувьд ч тун тохиромжтой байх учир бие биенээ жаргаах хувьтай.
Арслан: Энэ хоёр орд нь бие биенийхээ зогсолтгүй оргилох хүсэл тэмүүллийг харилцан тэжээж байдаг зохицолтой юм. Эр нь эмийнхээ урам зоригоо алддаггүй чанарт татагдах ба харин эм нь эрийнхээ үнэнч, тооцоотой чанарт дурлана. Эдгээр хоёр ордыг од эрхэс өөрсдөө нийцүүлэхээр бүтээсэн болно.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Хилэнц: Эр Хилэнц өөрийн эмэгтэй хувилбараас зайгаа барих хандлагатай. Бие биенийхээ дэргэд байснаар зүрхэн доторх дөлийг нь хэтэрхий хүчтэй өрдөж аюулд хүргэнэ. Сексийн хувьд сайн зохицох ч хайр дурлалын хувьд хор болно.
Ихэр: Хүчирхэг Хилэнцүүдэд Ихрийн ордны эр хэтэрхий романтик санагдана. Эр нь эмдээ нялуун, хүч чадалгүй санагдах бол эрийн хувьд эмийнх нь хэт их секс хүсэл аюултай мэдрэгдэнэ. Нэг үгээр хэлбэл Ихрийн ордны залууд энэ харилцаа нь Хилэнцийн шүдэнд сүлбүүлсэн туулай шиг л мэдрэмжийг төрүүлэх болно.
Нум
Нумын бүсгүйчүүд бол адал явдал, эрх чөлөөний хатан хаан юм. Хаашаа хөтлөх нь хамаагүйгээр зүрх сэтгэлээ дагахаас огт эргэлздэггүй. Хайр дурлалын талд дээр адал явдлыг хамтдаа эрэлхийлж, дэлхий ертөнцийг өөртэй нь хамт туулах тэр л нэгнийг хайдаг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Хонь: Хонь болоод Нумын ордныхон нь адал явдал эрэлхийлэгч эрвээхийнүүд юм. Хөгжилдөх дуртай, харьцахад амар хүмүүс хэдий ч хайр дурлалыг драм болгохыг хүсдэггүй. Эдгээр ордны хүмүүс хамтдаа байснаар хайр, баяр баяслаар бялхаж амьдрах болно оо.
Хумх: Хумхын ордны эр Нумын ордны бүсгүйн үүрдийн хань биш байж болох ч хувь хүнийхээ хувьд өсч дэвжихэд нь байнга туслаж байдаг. Эр нь эмийнхээ адал явдлын цангааг тайлж чадах хүчтэй бөгөөд хоёул зэрлэгдүү, шинийг эрэлхийлэгч сексийн амьдралтай юм.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Үхэр: Үхрийн ордны эр буурь суурьтай байх нь дээр гэж үзэх бол эм нь үргэлж чөлөөтэй “нисэхийг” эрэмлзэнэ. Тогтвортой байдлыг эрхэмлэгч Үхэрт нүүдлийн шувуу мэт Нумынхны хэв маяг гамшиг мэт л санагдана.
Охин: Охины ордны эр бүх зүйлийг дүрэм журам, эмх цэгцтэй байлгахыг хүсэх бөгөөд үүнд нь Нумын бүсгүй огт тохирохгүй. Эм нь завгүй байж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэх ч эр нь угаас хэтэрхий, бүр хэтэрхий завгүй амьдралын хэв маягтай байх болно.
Матар
Матрууд үргэлж зорилгодоо хөтлөгддөг ч хөгжилдөх дуртай хүмүүс. Гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй. Ихэвчлэн нухацтай, дотогшоогоо байх хэдий ч асуудлыг шийдвэрлэх чадвартай, тэвчээртэй бүсгүйчүүд байдаг. Амьдралыг томоор харж, чиг шугамаа огт алддаггүй.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Загас: Загасны эмзэг мэдрэмтгий шинж чанараас харвал Матрын ордны бүсгүйтэй огт тохирохгүй мэт санагдах хэдий ч үнэндээ тэд төгс зохицох хосууд юм. Эм нь эрээ тогтвортой байхад нь тусалж байхдаа л өөрийгөө аюулгүйгээр мэдэрч чаддаг. Харин эр нь эмийнхээ нухацтай, тооцоотой амьдралд гэрэл гэгээ татуулах чадалтай.
Охин: Охины ордны эр бол Матрын ордны бүсгүйн заяаны хань юм. Хоёул хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл ихтэй ч өөр хоорондоо эсэргүүцэхийн аргагүй гүн бат холбоо үүсгэж чадна. Хоёр биенийхээ аз жаргал дунд тав тухыг мэдэрдэг.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Арслан: Арслангийн ордны эрчүүд тогтворгүй, сэтгэл санаа нь өдөрт хэдэн ч удаа өөрчлөгдөж мэднэ. Харин Матрын ордны бүсгүйд тиймэрхүү, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хань огт хэрэггүй. Эгогоо нэгт тавьдаг Арслангийн ордны залуугийн хувьд Матрын ордны бүсгүй хэтэрхий хүйтэн санагдах болно.
Хонь: Хонины ордны эр, Матрын ордны бүсгүй хоёроос бүтсэн хосоос илүү хачирхалтай зүйл гэж байхгүй байх. Хонинууд сайхан сэтгэлтэй, хэнэггүй бол Матрууд арвич хямгач, нухацтай хүмүүс.
Хумх
Хумхын ордны бүсгүйчүүд төрөлхийн бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд байнга шинэ санаачлага, хөгжлийг эрж хайна. Хайрцаглагдсан, нэг хэвийн газарт байх бус үргэлж гадагшаа чиглэж, хүмүүстэй харилцаатай байхыг хүсдэг. Өөрийнхөө эрх чөлөөтэй, дороо уягддаггүй чанараар бахархдаг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Жинлүүр: Хоёул олны дунд, идэвхтэй байх дуртай. Эр нь эмийнхээ бүтээлч, ухаалаг шинж чанарт татагдах ба бие биенээ урамшуулж, зоригжуулах шидтэй хосууд юм.
Ихэр: Хоёул ямар ч маргаангүй дур булаам хүмүүс шүү дээ. Хамтдаа байх үедээ үргэлж бусдын анхаарлыг татна. Сексийн хувьд ч гайхалтай тохирдог бөгөөд бага зэрэг зэрлэг зүйлээр сексийг чимж өгөх нь хэвийн гэдэгтэй аль аль нь санал нийлдэг. Хумхын ордны бүсгүйг дэргэдээ үүрд байлгаж чадах ганц орд нь Ихэр ч байж мэдэх юм.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Хилэнц: Хэтэрхий хор шартай Хилэнцүүд, амар тайван байдлыг эрхэмлэгч Хумхуудад огт тохирохгүй. Хоёул өсч дэвжих чин хүсэлтэй ч арга барил нь зөрчилдөж, урам зоригоор дутах ажээ.
Загас: Чөлөөт сэтгэлгээтэй, бие даасан Хумхуудад Загасны ордны эрчүүдийн хэт их хайр халамж, анхаарал хүсэх нь таалагдахгүй. Эр нь хамтрагчаасаа хэт хамааралтай, эм нь харин баригдаж, уягдахыг хүсдэггүй шинж чанартайгаараа зөрчилдөнө.
Загас
Загасны ордны бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, сэтгэл хөдлөл өндөртэй ч ажигч гярхай хүмүүс. Бүтээлч сэтгэлгээтэй, зүгээр суудаггүй, ичимхий, наалинхай бөгөөд ихэвчлэн хийсвэрлэн бодож, мэдрэмжээ дагаж шийдвэр гаргадаг.
Болзоход тохиромжтой ордууд чинь:
Мэлхий: Хоёул өрөвч, нинжин сэтгэлтэй, мэдрэмждээ хөтлөгддөг болохоор өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж, хоорондын харилцаа нь элдэв маяггүй байж чадна. Мэлхийн ордны эрчүүд төрөлхийн хамгаалагч шинжтэй бөгөөд яг үүгээр Загасны ордны бүсгүй дутаж байдаг.
Матар: Мөрөөдөмтгий Загаснуудын хүслийг 100% биелүүлэгч нь Матрууд юм. Өдөр бүр тайван тухтай байх боломж бүхий, халамж хайраар дүүрэн харилцааг Загасны ордны бүсгүйд Матрууд л бий болгож өгч чадна. Эр нь эмийнхээ төрөлхийн эмзэг, сэтгэл булаам чанарт татагдах ба эм нь эрийнхээ мэргэн ухаан, логик сэтгэлгээг бишрэх болно.
Болзох хэрэггүй ордууд чинь:
Ихэр: Амархан шархладаг, эмзэгхэн Загаснуудын хувьд Ихрүүд хэтэрхий илэн далангүй, шулуун шударга санагдана. Эрийнх нь огт бодож тунгаагаагүй мэт үг, биеэ авч явах байдалд эм нь гомдох нь хэвийн үзэгдэл.
Жинлүүр: Жинлүүрийн ордны эрийн хүйтэн, хатуу чанар Загасны ордны бүсгүйн харилцаандаа сэтгэл ханамжгүй байх шалтгаан болно. Эцэст нь эм нь ганцаар байхдаа илүү тухтай байдлыг мэдрэх болно.
Эх сурвалж: www.goolingoo.mn