МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ДАХЬ ОРОС СОНИРХОЛ
2013/02/19
Гадаадын зарим хэвлэлүүдийн бичсэнээр 1,3 их наяд ам.доллараар үнэлэгдэх ашигт малтмалын ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ахуй амьдралаа богино хугацаанд сайжруулах нь монголчуудын хувьд нэн тулгамдсан зорилт болоод байгаа билээ.
Стратегийн ач холбогдолтой нүсэр том ордуудыг төмөр зам барихгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг мэдээж хэрэг боломжгүй.
Асар хурдацтай тэлж буй эдийн засгийнхаа өсөлтийг хангахын тулд түүхий эдийн асар их хэрэгцээтэй байгаа Хятад улс, Ази дахь Хятадын нөлөөг саармагжуулах гэсэн АНУ, Алс Дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож буй Орос гэсэн гурван улсын ашиг сонирхлын огтлолцол нь Монгол улс болж хувираад байна.
Иймээс дээр дурдсан гурван их гүрэн, ялангуяа хойд их Орос улс Монголын төмөр замын салбарыг хэр зэрэг сонирхож байгаа тухайд товч өгүүлье.
ОХУ-ын хувьд Тавантолгой төсөлд оролцох, үүнтэй холбоотойгоор шинээр төмөр зам байгуулах, УБТЗ-ыг шинэчлэх гэсэн сонирхлоо ил тод илэрхийлж байгаа билээ.
Ер нь бол анхандаа оросууд Тавантолгой олон хэсэгт хуваахгүй, нэгэн цул бүхэл байлгах, өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд ашигтай байлгах сонирхолтой байсан. Гэвч Монголын тал улс төрийн шийдвэр гаргаж Тавантолгойн ордыг Баруун Цанхи, Зүүн Цанхи гэсэн хоёр хэсэгт хуваасан байгаа. Энэ бол нэгэнт монголчуудын шийдэх асуудал учраас оросууд төдийлэн дургүйцсэнгүй.
Тэд Сайншанд-Чойбалсангийн чиглэлд тавих гэж буй төмөр замыг санхүүжүүлэх сонирхолтой байгаа нь геополитикийн хувьд дэлхийн хөгжлийн төв дорно дахин руу шилжиж байгаатай юуны өмнө холбоотой. Оросуудын томоохон өөр нэг сонирхол бол одоогоор ачаалал багатай байгаа, хүчин чадлынхаа тал хувийг л ашиглаж буй БАМ-ын төмөр замын сүлжээгээр Монголын нүүрсийг тээвэрлэх замаар ашиглалтын үйл ажиллагааг нь хэвийн явуулах явдал. Тавантолгой төсөлд гол түншийн хувиар оролцсоноор Орос улс Монгол дахь урьдын нөлөөгөө сэргээх замаар Хятад болон гуравдагч бусад орнуудын оролцоог хязгаарлах төлөвлөгөөтэй байж магадгүй юм.
Дээр дурдсан зүйлүүдээс, УБТЗ-ын мэдэлд байгаа 1100 гаруй км урт төмөр замын магистраль шугамыг иж бүрэн хөтөлбөрийн хүрээнд шинэчлэх асуудал бол бидний хувьд хамгийн тулгамдсан зорилт болоод байгаа юм. Тэгээд ч манай улсын толгой эрдэмтдийн оюун ухаанаа уралдуулан бий болгож 2008 онд УИХ-аар батлуулсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д Улаанбаатар төмөр замыг хоёр урсгалтай болгох, цахилгаанжуулах, зүтгүүрийн болон хөдөлгөөнт бүрэлдэхүүнийг шинэчлэх, зам дагуух дэд бүтцийг хөгжүүлнэ гэж заасан байдаг
Яг ийм шинэчлэлийг оросууд хийгээд өгье, шаардагдах хөрөнгө нь бэлэн болгосон гэж олонтоо мэдэгдсэн. Их ч том мөнгөний сураг /7 тэрбум доллар/ ноён элчин сайд В.В.Самойленкогийн амнаас сонсогдож байгаа юм.
Үүнийгээ нотлохын тулд 2010 оны 10 дугаар сард Оросын төмөр замын дарга В.И.Якунин Монголд ирж хэлцээ хийсэн. Түүний хувьд Монголын ордуудыг нэлээд хэдэн жилийн өмнөөс сонирхож эхэлсэн бөгөөд 2009 онд В.Путин Улаанбаатарт айлчилж Орост талтай ханддаг Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсанаас хойш түүний үйл ажиллагаа илт идэвхижсэн гэж шинжээчид үздэг.
Яриа хэлцлийн дүнд, Монголын талаас “МТЗ”компани нь “Дэд бүтцийн хөгжил” гэдэг ХХК-иар дамжуулан РЖД /Оросын төмөр зам/ хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болжээ. Мөн оны 11 дүгээр сард Монголын засгийн газар МТЗ компанид төмөр зам барих зөвшөөрөл олгосон байна. Гэтэл МТЗ компани “Оросын төмөр зам” ХНН, “Дэд бүтцийн хөгжил” компани, УБТЗ-ын аль алинтай нь хамтрахгүй, харин бие даан шинэ төмөр зам барихаар болсон нь тодорхой болов. 2011 онд манайхан Өмнөд Солонгосын Лотте групптэй хамтран Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлд төмөр зам барихаар шийдвэрлэсэн гэдгийг сониноос олж мэдсэн оросууд мэл гайхан цэл хөхрөв.
Хожим нь Лотте-гийн солонгосчууд нутагтаа санхүүгийн луйварт холбогдон баригдсан тул хойд чиглэлийн төмөр замын асуудал хэсэгтээ нам дарагдав. Харин энэ он гарсны дараахан М.Энхсайхан “Монголын төмөр зам” компанийн захирлын албан тушаалаас огцруулснаар дээрх яриа дахин сөхөгдөв. Хэдий “хулхидуулсан” ч оросууд Тавантолгойн төсөлд оролцох хүсэлтэй хэвээр байгаа гэдгээ дахин илэрхийлсэн. Үүний сацуу, ингэж муур, хулгана болж тоглосноос болоод 2010, 2011, 2012 гэсэн бүхэл бүтэн 3 жилийн хугацааг алдлаа шүү гэж сануулаад авна лээ. Өнөөдөр манай төмөр зам хамгийн дээд ачаалалтайгаар ажиллаж нийт зүтгүүрийн 80 хувь, вагоны 67 хувь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тухай мэдээ бий. Саяхан Оросын нэгэн сайтад гарсан мэдээллийг уншваас, Оросын төмөр замаар явж буй галт тэрэгний цувааны дундаж хурд 37 км/цаг байдаг ажээ. Харин өртөөнүүд дээрх зогсолтыг тооцвоос энэ хурд үлэмж багасч бүр 10,5 км/цаг болдог сураг байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 267 км замыг туулна гэсэн үг. Үүнээс дүгнэвээс, манай Монголын төмөр зам ч техникийн хувьд хоцрогдолд орж мөлхөө төмөр зам болсныг сануулсан М.Энхсайханы үг тун ортойдог. Тэгвэл дэлхийд тэргүүлдэг Хятадын төмөр замын хурд үүнээс даруй 6 дахин их байдаг гэнэ.
Хэдэн жилийн өмнө “Төмөр замын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд манай улсын төмөр замд АНУ-ын Мянганы сорилын сангаас 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байсныг оросууд болиулсан. Тэд “үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг”, “өрсөлдөгчийнхөө зүтгүүрийг засч өгдөг, өрсөлдөгчдөөрөө өөрийнхөө санхүүг шалгуулдаг тэнэг хүмүүс бид биш” гэсэн утгатай мэргэн цэцэн үгсээр америкчууд болоод монголчуудыг хэлэх үггүй болгосон удаатай. Энэ бол Монголд америкчууд болон барууны орныхны нөлөө ихсэх вий хэмээн оросууд болгоомжилсных. Америкчууд төмөр замд мөнгө өгнө гэсний дараачаас л хойд хөрш маань Монголын төмөр замд санаа тавьж шинэчлэл хийх тухай ярьж эхэлсэн юм. Гэтэл шинэчлэлийн асуудлаар хоёр тал нэг л сайн ойлголцож өгөхгүй байх шиг байна. Оросуудын хийсэн тооцоогоор бол, УБТЗ-ыг шинэчлэхэд 2 тэрбум доллар шаардлагатай ажээ. “Оросын төмөр зам” НХН УБТЗ-ыг шинэчлэх зорилгоор эдийн засгийн нарийн тооцоонд тулгуурласан хөтөлбөрийг бэлэн болгоод байгаа гэнэ. Гэтэл үүнийгээ УБТЗ-ын Удирдах зөвлөлд танилцуулах гэхээр түүнийг нь Монголын тал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулдаггүй, хэлэлцэхээс ямагт бултдаг гэж оросууд гомдол мэдүүлдэг. Монголын тал УБТЗ дахь өөрт одоо ногдож буй 50 хувиа 51:49 болгон өсгөхийг санал болгосоор ирсэн боловч үүнд оросууд тоймтой хариу өгөхгүй байсаар өдийг хүрэв. Дээрх асуудлаар 16 удаа албан уулзалт хийсэн гэх боловч дээрх саналыг Оросын тал сонсохыг ч хүсэхгүй байгаа нь илт. Яг үнэндээ бол замаа шинэчлэхийн тулд эдийн засгийн нарийн тооцоонд үндэслэсэн төсөл бэлтгээд хоёр тал хөрөнгөө ярьсныхаа дагуу гаргаваас хувь хэмжээний асуудлыг нэг их сүр болголгүйгээр шийдчихэж бололцоотой гэж найдах л үлдлээ.
Оросууд нэг хувиа өгөхгүй байна гэж гомдоод тэдний зүгээс төмөр замын шинэчлэл, шинээр төмөр зам барихад оруулах гээд бэлэн болгочихсон байгаа гэх 7 тэрбум долларын төслийг бойкотлох нь манай монголчуудын хувьд хэр ашигтай юм бол доо гэж эргэлзэх юм.
Оросууд Монголын нүүрсийг зөөн Япон, Өмнөд Солонгос руу тээвэрлэх сонирхолтой дээр нь УБТЗ-д байгаа 50 хувиа тавиад туучихгүйг ихэд хичээж байгаа юм.
Уул уурхайн бүтээгдэхүүнээ Алс Дорнодын боомтуудаар тээвэрлэхэд нь бидэнд 52 хувийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ оросууд мэдэгдсэн. Энэ нь одоогоор төслийн хүчин чадлынхаа 45-50 хувийг ашиглаж буй БАМ-ын төмөр замаар Монголын нүүрсийг зөөж уг нүсэр байгууламжийг ачаалалтай байлгах зорилготой, эндээс ямар нэгэн ашиг хараагүй гэдгээ оросууд хэлж байгаа юм. 2010 оны хоёрдугаар сарын 26-нд Владивосток хотноо хуралдсан Тээврийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийн долдугаар хуралдаан дээр Оросын тал монголчуудын хүсэлтийг хүлээн авч Оросын төмөр замаар Монголоос гадагш болон Монгол руу ачааг транзитаар тээвэрлэх онцгой тарифаа хэвээр үлдээсэн. Харин манайхан ийм хөнгөлөлтийг 50 буюу түүний дээш жилийн хугацаагаар эдлэхийг хүссэн байгаа. Хагас зуун жилд ер нь юу ч болоо билээ хэмээн хаширласан оросууд үүнийг дэндүү урт хугацаа гэж үзээд тодорхой хариу өгөхгүй байна. Энэ нь цаанаа шалтгаантай. Оросын нэгэн сайтад бичсэнээр, БАМ-ын бүсэд Оросын ашигт малтмалын одоо нээгдээд байгаа нийт нөөцийн 30 хувь нь байдаг. Тэгээд ч БАМ-ын ачаа эргэлт хоёрхон жилийн дараа 100 тэрбум тоннд хүрнэ гэсэн тооцоо байгаа бөгөөд энэ нөхцөлд хэдий бага хэмжээтэй ч гэсэн Монголын нүүрс уг замаар чихцэлдэх болох нь. Тэгэхээр нөгөө геополитикийн гэгдэх 1800 км зам барьсны ид шид төдийлөн гарахгүй байх магадлал бий. Үүнтэй холбоотой өөр нэгэн маш том сөрөг тал бий. Дэлхийн банкны хийсэн тооцоогоор Хятадын Тяньжин боомтоор дамжуулан Япон болон Өмнөд Солонгост нүүрс, төмрийн хүдэр борлуулах нь Оросын боомтоор дамжуулснаас 2 дахин хямд тусч байгаа юм. Тэгэхээр Хятад руу чиглэсэн төмөр замыг ойрын хугацаанд барихгүй бол монголчууд бид өрсөлдөгчид болох Австралид зах зээлээ алдах нь ойлгомжтой. Гол зах зээлийнхээ хажуугаар сүнгэнэтэл давхиад нүүрс, зэсээ 5000 км-ийн алсад аваачиж борлуулна гэдэг нь өөрөө “маш гаж сонин санаа” болохыг дэлхийн томоохон эдийн засагчид сануулсаар байгаа. Манай УИХ “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, хойд чиглэлийн төмөр замыг Оросын төмөр замынхтай адил 1520 мм өргөн царигтайгаар барих шийдвэр гаргасанд оросууд сэтгэл хангалуун байгаа. 2010 онд уг баримт бичиг батлагдсаны дараахан “Оросын төмөр зам” НХН Монголын Засгийн газарт захидал илгээж байсан удаатай.
Саяхан Оросын нэгэн сайтад гарсан мэдээллийг уншлаа. Оросын төмөр замаар явж буй галт тэрэгний цувааны дундаж хурд 37 км/цаг байдаг ажээ. Харин өртөөнүүд дээрх зогсолтыг тооцвоос энэ хурд үлэмж багасч бүр 10,5 км/цаг болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, өдөрт 267 км замыг туулна гэсэн үг. Үүнээс дүгнэвээс,Оросын төмөр замд байдал ийм байхад яг ижил технологитой манай Монголын төмөр зам ч мөн адил техникийн хувьд хоцрогдолд орж мөлхөө төмөр зам болсон гэж М.Энхсайхан сануулаад байгаа нь ортойдог. Тэгвэл дэлхийд тэргүүлдэг Хятадын төмөр замын хурд үүнээс даруй 6 дахин их байдаг гэнэ. Нөгөө талаар, Монгол дахь “Оросын төмөр зам“-ын сонирхол өөр нэгэн эрх ашгийг дагуулж байж магадгүй юм. Учир хэмээвээс, дэлхийн ураны нөөцийн 20 хувь манай оронд бий. Нүүрсустөрөгчийн түлш хэрэглэхээс дэлхий даяараа татгалзаж байгаа өнөө үед ураны арвин нөөц нь олон талт гэрээ байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна. Тэгээд ч оросууд социализмын үед Дорнод аймагт уран олборлож байсан түүх бий. Одоо түүнийгээ сэргээхийн тулд лицензийн маргаан дэгдээгээд явж байгаа. Ураныг эс тооцвоос өөр төрлийн түүхий эдийг Монголоос авахыг Орос улс сонирхдоггүй гэж нэрт монгол судлаач Ю.Н.Кручкин хэлсэн нь бий.
...Анхандаа Монголын тал Тавантолгой хүртэлх төмөр замыг эн тэнцүү хувааж барихыг Орос, Хятад хоёрт санал болгож үзжээ. Өмнөд хөршийнхөн ийм нөхцлийг дуртайяа хүлээж авсан, учир нь олборлосон нүүрсний ихэнх нь хятадуудын тавьсан төмөр замаар Хятад руу гарах нь нэгэнт тодорхой учраас. Оросууд дээрх хэлцэл нь өөрсдөд нь ашигтай эсэхэд эргэлзэж байгаа юм. Харин хятадуудын тухайд, Монголын томоохон ордуудаас хил дээр хүрээд ирсэн төмрийн хүдэр, нүүрс, зэсийг хэрхэн боловсруулах үйлдвэрүүддээ аваачих вэ гэдэг талаар л бодож байгаа болохоос биш монголчууд ямар царигтай төмөр замаар нүүрсээ зөөх, эсвэл хүнд даацын тэргээр зөөх эсэхийг төдийлөн ч сонирхохгүй байх шиг байна. Сарын өмнө Монголд айлчлаад буцсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга У Бангогийн хэлж ярьснаас ийм дүгнэлт хийлээ. “Хятадын нөлөө бүхий компаниудыг Монголын бүтээн байгуулалтад оролцуулахад бэлэн” гэдгийг тэрбээр дурдаад хамгийн гол нь хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгавал тун зүгээр байна гэдгийг санууллаа. Монголчууд далайд гарц олоход түвэг учрахгүй гэдгийг мөн дурдсан нь олзуурхууштай санаа юм. Хятадын тал Монголын баялагт хүрэхийн тулд тоглоомын ямар ч хамаагүй дүрмийг зөвшөөрөхөд бэлэн байна гэсэн дүгнэлтийг шинжээчид хийж байгаа юм. Оросын болоод барууны өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь Хятадын тал ашгийн хэмжээг тэгтлээ их чухалчлан харахгүй байгаа бололтой дүр зураг харагдаж байна.
Оросын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн жил Хятадад айлчлах явцад хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээг ирэх онд 100 тэрбум, 2020 он гэхэд 200 тэрбумд хүргэх тухай шийдвэр гарчээ. Иймээс оросууд транзит ачааг УБТЗ-аар дамжуулан тээвэрлэх сонирхол их байгаа бололтой. УБТЗ-д оросууд 2 тэрбум доллароор дорвитой шинэчлэл хийвээс олон улсын транзит тээврийн хэмжээ 3-4 дахин нэмэгдэж 60-80 сая тонн-д хүрэх тун аятайхан хэтийн төлөв харагдаж байгаа юм. Энэ нөхцөлд оросуудаар төмөр замаа додомдоод авсан монголчууд бид УБТЗ-ын 50 хувийг эзэмшдгийнхээ хувьд бараг л зүгээр сууж чулуу нясалж байгаад л транзит тээврээс ашиг хүртээд сууж байх боломжтой.
Чухам ямар шалтгаанаар “Оросын төмөр зам” Монголд төмөр зам барих хэт нүсэр төсөлд оролцохоор ингэж их шургуу оролдож байна вэ? Ашигт малтмалын ямар ордыг ашиглахгүйгээр зүгээр л төмөр зам барина гэдэг бол мөнгөө салхинд хийсгэсэнтэй адил гэнэн хэрэг. Зам барингаа орд ашиглалаа ч гэсэн барьсан замынхаа өртгийг нөхөхөд дор хаяж 10 жил болно. Гэсэн хэдий ч “ОТЗ” НХН-ийн хувьд гадаад зах зээлийн төлөө тун шаргуу “тулалдаж” байгаа учраас энэ байтугай хугацааг тэсээд өнгөрүүлж чадах бололтой. Тус компани Саудын Арави, Алжирт төмөр зам барих тендерт ялж, Арменид концессийн гэрээгээр төмөр зам барихаар болсон байна. Тэгэхээр энэ нь яах аргагүй геополитик, геоэдийн засаг хосолсон цогц асуудал хувирч байгаа юм.
Шинжээчид нэг зүйлийг онцолж байгаа. Хэрвээ шийдвэр гаргах үйл явц удааширч буй энэ үед одоо муу ёрлож байгаачлан “түүхий эдийн үнийн хоёрдахь уналт” болох эрсдэл бий. Энэ үед санхүүгийн хувьд сайнгүй байгаа “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь Сайншанд-Тавантолгой мэтийн төмөр замын нүсэр том төслүүдэд хөрөнгө оруулж чадахгүй болж, барууны компаниуд мөнгө төгрөгөндөө улам хямгатай хандах болно. Энэ бүхэн нь санхүүгийн асар их нөөц хуримтлуулаад буй хятадуудад ашигтай тусах нь мэдээж.
Б.Адъяахүү
best social boo · 2013/06/10
B5kXwm wow, awesome article post.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
pVaxcE Very neat blog article.Really looking fward to read me. Much obliged.