УИХ-ын гишүүн С.Одонтуяа ноцтой хуулийн өөрчлөлт батлуулах гэж байна!
2013/08/21
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын нийгэм нэг хэцүү асуудалтай тулгарчээ. Энэ нь 1980-аад онд анагаах ухаанд авиа долгион ашиглан ургийн хүйсийг тодорхойлдог болсноор тус улсад охидыг төрөхөөс нь өмнө үйл олноор үр хөндөн хөнөөсөнөөс үүдэлтэй ажээ.
Энэ аймшигт үзэгдлийн шалтгаан нь күнзийн ёсонд суурилсан солонгос ёс заншилд байв. Солонгосийн нийгэмд эр хүнийг эм хүнээс дээгүүрт тавих тул гэр бүлүүд хөвгүүнтэй байхыг илүүд үзсэн ажээ.
Дээрх явдлаас үүдэн Өмнөд Солонгост хүн амын хүйсийн тэнцвэр алдагдсан ба гэрлэх насны эрчүүдийн тоо эмэгтэйгээсээ хавьгүй давж, олон тооны эрчүүд эхнэр авч чадахгүйд хүрчээ. 2009 оны мэдээгээр Өмнөд Солонгос 600 мянга орчим илүүдэл эрчүүдтэй байв. Нийгмийн энэ асуудал тус улсын өнөөгийн төр засгийн толгойны өвчин болж буй. Гэхдээ тус улсын төр ба иргэдийн зүгээс гарц эрэлхийлж, нэгэн бодлого явуулж эхэлсэн нь зуучлалаар дамжуулан харь орноос “бэр импортлох” юм.
Өмнөд Солонгосын бэрийн импорт ихэвчлэн Азийн ядуу орнууд, түүний дотор Хятад, Вьетнам, Кампучи, Филиппин, Балба, Монголд илүүтэй чиглэжээ. Гэвч бэрийн импорт нь сүүлийн үед хүний эрхийн төлөө байгууллагуудын дургүйцлийг ихээр төрүүлэх болсон юм. Тухайлбал, зөвхөн нэг жилийн дотор Өмнөд Солонгос Вьетнамаас 40 мянган эмэгтэйг бэр болгон импортолсон нь тэдний гайхаш, зэвүүцэл аль алиныг нь төрүүлэхээр үйл явдал байв (http://batbayar.niitlelch.mn/content/3332.shtml).
Хамгийн харамсалтай нь харийн бэр импортолж буй арга зам боолын худалдаатай нэн төстэй болж буй ажээ. Бэрийн импортод зориулсан гэрлэлтийн гэрээг “Shuud.mn” сайт 2010 онд Монголд анх олон нийтэд дэлгэн харуулсан нь хүмүүсийг цочирдуулсан юм. Учир нь энэ бол эхнэрээ хүүхэд гаргах эсэхийг нөхөр нь шийднэ гэх мэтээр хүнийг өмч мэт үзсэн гэрээ байв. Нийтлэлч Б.Батбаярын бичсэнээр солонгос эрчүүд ийм гэрээний төлөө ердөө 10 сая вон зуучлагчид төлдөг ажээ (http://batbayar.niitlelch.mn/content/3332.shtml).
Өмнөд Солонгосын бэрийн импорт нь хүний наймааны шинжтэй, дэндүү харгис зүйл болсон, ялангуяа импортын бэрүүд тэнд очоод эрхээ бүдүүлгээр зөрчүүлж, амь насаа ч алдах тохиолдол гарах болсон юм. Үүнээс үүдэн улс орнуудын төр засаг энэ явдлын эсрэг тууштай арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Тухайлбал, Кампучи улсын засгийн газар Өмнөд Солонгосын иргэдтэй дээрх замаар гэр бүл болохыг албан ёсоор хориглож, өөрийн иргэдийг бусармаг явдлаас хамгаалжээ.
Харин Монголын улсын хувьд байдал эсэргээр байна. Тус улсын төр засаг өөрийн иргэдийг хамгаалж энэ муухай явдалтай тэмцэх бус, харин гадаад улсын эрх ашигт илүү санаа тавьж, үүнд нь хамтран ажиллах болжээ. Гэхдээ тэд үүнийг “глобалчлагдсан гэр бүл”, “олон улсын гэр бүл”, “гадаад дахь иргэдийн эрх” гэх гоё нэр томьёо хэрэглэн яах ч аргагүй зүйл мэтээр тайлбар өгч байна.
Тухайлбал, Өмнөд Солонгост суух Монголын өнөөгийн элчин сайд нь солонгос иргэдтэй монгол эмэгтэйчүүд олноор гэрлэж буй нь глобалчлагдсан ертөнцөд байх ёстой зүйл гэж энэ зун Ийгл телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн, одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосоос Монголд суух элчин сайд Жон Ил гэгч монгол эмэгтэйчүүд солонгос эртэй гэр бүл болбол сайхан амьдрана гэж тус телевизэд өгсөн ярилцлагадаа уриалж байв.
Гэтэл одоо Монголын эрх баригчид өөрийн иргэдийг харьд бэр болгон илгээх, гадаад иргэнтэй гэр бүл болоход улам таатай нөхцөл бий болгоход тустай хуулийн нэмэлт өөрчлөлт батлахаар зэхэж байна!!!
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа Өмнөд Солонгост айлчлал хийж, тус улсын нийгмийн халамжийн холбогдох байгууллагатай уулзалт хийх үеэр “давхар иргэншил”-тэй холбоотойгоор Монгол Улсын хуулиуд, ялангуяа гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулах томоохон амлалт авснаа албан ёсоор зарлалаа (http://news.gogo.mn/r/127256). Өмнөд Солонгосын холбогдох албаныхантай зэрэгцэн сууж байгаад өгсөн түүний амлалт нь хүүхдүүддээ Монгол улсын давхар иргэншил авахыг хүссэн мөнөөх харийн монгол бэрүүдийн “хүсэлт” гэж тайлбарлажээ.
Өөрийн улсад бус, харь улсад очиж хүсэлт сонсож, амлалт үүрэг авсан нь УИХ-ын гишүүн болсоноос хойшхи түүний хамгийн том ажил хэрэг ч болж магадгүй юм. Нөгөө талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа давхар иргэншлийн асуудлыг “хамгийн том бэр импортлогч” орны холбогдох байгууллагынхантай уулзан гарган тавьж буй нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байжээ.
Давхар иргэншил нь цөөн хүнтэй, буурай хэрнээ хээл хахуульд улам идэгдэн гадны нөлөөнд автаж буй Монголын хувьд тун ярвигтай, эмзэг асуудал байсан юм. Үүний зэрэгцээ, Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт нь Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөхгүй гэж заасан ажээ. Гэтэл нэр бүхий эрх мэдэлтнүүд давхар иргэншилтэй болох, үүнд нийцүүлж хууль өөрчлөх асуудлыг ойрын жилүүдэд хүчтэй тавих болжээ. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилигийн тайлбарласнаар давхар иргэншилтэй болох цаг аль хэдийн болсон гэнэ.
Улмаар асуудал хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тавигджээ. Энэ нь мөн л Өмнөд Солонгосын иргэн толгойлдог байгууллагын санаачлагаар тавигдсан байна. 2011 оны 5 сард Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль (хожим Улаанбаатарын их сургууль болсон)-ийн санаачлагаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол гэр бүл, асуудал-шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулжээ (president.mn: 2011-05-12).
Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн асуудлаар солонгос эзэнтэй сургууль санаачлан зохион байгуулсан дээрх хуралд гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Тус хурлаар гадаад иргэдтэй гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох талаар ч хэлэлцсэн ба гадаад иргэдтэй гэр бүл болох, давхар иргэншилд төр нааштай хандахыг удаа дараа хэвлэлээр уриалж буй тус их сургуулийн багш Т.Намжил нарын илтгэл хуралд ач холбогдолтой байв.
Ийнхүү удахгүй ирэх намар УИХ монгол гэр бүл, гадаад иргэнтэй гэрлэх таатай нөхцөл, үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншилтэй холбоотойгоор нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах гэж байна. Гэвч энэ бол Монголын эрх баригчид өөрийн улсад өөрийн иргэдийн үгийг сонсож бус, харин гадаад улсад, гадаад эзэнтэй байгуулагуудын санаачлагаар, гадаадад очиж үүрэг амлалт авсны үр дүн юм.
Эдгээр аюултай өөрчлөлт батлагдвал солонгос төдийгүй бусад орны иргэд, ялангуяа Монголд олноор сууршиж буй хятад иргэдтэй гэр бүл болоход ч таатай нөхцөл үүсэх боломжтой юм. Энэ нь Монголын иргэд, үндэсний аюулгүй байдлыг золиослон гадаад улсын хүн ам зүйн тулгамдсан асуудлыг шийдэх төдийгүй эрх баригчид нь гадаад улсын нөлөөнд улам бүр автаж буйг харуулах болно.
Монголд жендэр, эмэгтэйчүүдийн эрх ярьж сурталчилж УИХ-д сонгогддог гишүүд, гадаадаас санхүүжилт авдаг олон тооны хүмүүс, байгууллагууд бий. Гэвч тэд үнэхээр Монгол орондоо, монгол эмэгтэйчүүддээ санаа зовдог гэж үү? Нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр ч монгол эмэгтэй зочид буудлын цонхоор унаж, сэжигтэйгаар амиа алдлаа. Энэ хэрэг хятад, солонгос иргэдтэй холбоотой ба харамсалтай нь хохирогчид өөрсдөө буруутан болж магадгүй байгаа ажээ. Харин монгол эмэгтэйчүүд нь эх орондоо ийм хэрцгийлэлд өртөж байх үед нөгөө айхтар жендэр, эмэгтэйчүүдийн эрх яригчид дуугаараагүй юм даа.
Ч.Номун