​Монголын улс төрд онцгой гэмээр сонин, содон үзэгдэл дэндүү олон. “Хаанаас гараад хаашаа нь явж байгаагаа ч мэдэхгүй байна уу даа” гэмээр улстөрч ч чамгүй их.

Тэр хэрээр “Улс төрд ухаантай хүн байдаггүй” гэсэн дүгнэлт олны дунд тарах болсон. Мэдээж бүгд биш юм гэхэд олонх нь үгүйсгэлийн зарчмаар ажил төрөлдөө хандаж, өөрсдийгөө “Бурхан”, одооны модаар бол “Тэнгэрийн илч” болгон зарлах нь бий. Үүнийг нь харахаар төрийг хэзээд эрүүл ухаантай хүн бус өөр ертөнцийн илч төлөөлөгч нар удирдаж ирсэн юмуу гэлтэй. Энэ мэдээж шинжлэх ухааны ололт амжилтыг нэлэнхүйд нь үгүйсгэж үл ойлгогдох бие хүний самуурал түгэн дэлгэрч буй гэмээр... Ингэж төрд итгэх олны итгэл далд ертөнцийн таавар оньсоготой хэл­хэлдэхтэй зэрэгцээд төрд тодорсон одоогийн ер бусын тэнгэрийн элчүүд бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй улстөрчид. Араас нь Архангай аймгаар овоглодог УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтнүүдийг нэрлэж болно. Гэхдээ тэд бол ердөө л зах зух нь. Хамгийн гол нь дээрх үзэл хандлага нь эргээд нутаг усны нэгдлийг нягтруулж “хангайнхан” гэх нэгэн этгээд бүлгийг бий болгочихож.

Одоогийн төрийн өндөр­лөгүүдийг тэдний харж буй өнцгөөр харвал баруун аймгийнхан удирдаж эхлээд удаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховдынх, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увсынх, Ерөнхий прокурор Д.Дорлигжав Увсынх гэх мэтээр үргэлжилнэ. За тэгээд доод талынх нь гар, хөл болох хурган дарга нарын жагсаалтыг гаргавал баруун аймаг бүхэлдээ Монголын төр засгийг удирдах хэсэгтээ удирдаж, түших хэсэгтээ түшиж буй. Иймийн учир “Хангай” нутгийн фракци Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хөөрхөн нууц ажиллагаа зохион байгуулахаар санаарахсан гэх яриа байдаг. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчид сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагаатгуулах замаар шоронгоос суллана. Дараа нь Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэн ялалт байгуулснаар “Хангай” фракци хүчийг авна гэж. Энэ бол байж болох л хувилбар. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн талд эргэсэн бол шүү дээ. Эндээс улстөрчдийн амбиц, нутаг усны хэлхээ холбооны ерөнхий загвар харагдана. Тэгээд ч алийн болгон зөвхөн “Увсынхан” гэх харьяалал Монголын төрийг удирдах билээ дээ.

Тэгвэл ингэж бодсон “Хангай” фракцийнхан өдгөө Монголын эдийн засгийг хүлж баглах, хүчилж унагах ажилд ханцуй шамлан орсон бололтой юм. Нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалаа тэнгэрийн зараал гээд ойлгочихсон. Бүхэл бүтэн Япон улстай хэлэлцээр хийж, Монголын эдийн засагт санхүүжилт оруулж ирэхээр ярихдаа мөнгөн дүнгээ мартчихсан. Ер нь мартсан ч гэж дээ. “Энэ цаг үед биш эрт урьдын цаг үед...” гэх маягийн юм бодож сууж байгаад мөнгөн дүнг нь сонсч амжаагүй байж мэдэх юм. Тэгээд энд ирчихээд бантсандаа “Хязгааргүй их мөнгө Японоос ирнэ. Хязгааргүй шүү дээ” гээд л түгдчээд байгаа харагдсан. “Хязгааргүй их” гэж ямар ч тоо байдаг юм. Хаашаа ч янзын хэлэлцээр гэхээр ийм барагцаагүй юм ярьдаг юм бүү мэд. Ингэж Эдийн засгийн хөгжлийн сайд нь тэнгэр, газрын хэлийг хольж, солин түргэн хэллэг хэлж байх зуур Уул уурхайн сайд нь ч зүгээр байсангүй. “Хаашдаа л би өнгөрсөн хүн” гэсэн шиг сүүлийн үед уул уурхайн талаараа, тэр дундаа Оюутолгойн асуудлаар олигтой үг хэлсэн нь үгүй. Нэг хэсэг “Оюутолгойн гэрээг цуцалж байж л би нойртой хонож чадна” гэх маягтай үг, үсэг унагаж, сонгогч олны сэтгэлийг татсандаа бантсан ч байж мэдэх юм. Ямар ч байсан “Гэрээг цуцална” гэж дахин дуугарч зүрхлээгүйг бодоход тэр хүн өнөөдөртөө хүний хэлээр ярихыг чухалчилж байж мэдэх. Гэхдээ л Уул уурхайн сайд нэг л өдөр “Уулыг нурааж улсаа хөгжүүлэхгүй ээ” гэж гүрийвэл гүрийх л нэгэн шүү дээ.

Ингэж “Хангай” фракцийн ид шид дэлгэрч байх үед их удалгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ирж хүч нэмж мэдэх л юм. “Миний үед... одоо үед” гэсэн он цагийн дарааллаар тэрбээр хүч ихтэй улс төрийг өрнүүлэхийг үгүйсгэх аргагүй. Энэ бүхний төгсгөлд “Хангай” фракцийнхнаас “Эдийн засаг “хүлэх” нь танк хүлэхтэй адил байдаг уу” гэж асуумаар санагдаад байгаа юм даа. Хаа холын “танк” хүлсэн өвгөдийнхөө дурсамжаар эдийн засагт хандаад байгаа хандлагад нь эгдүү, дургүй хоёр зэрэг хүрээд байгаа болохоор шүү дээ.

 

Т.Элиса