ШШГЕГ-ын боловсон хүчин, хүний нөөцийн чиглэлээр хийгдэж буй томоохон ажлын нэг болох хүний нөөцийн бүртгэлийг цахимжуулах ажлын явц ямар хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Зул-Очироос тодруулсан юм.
    -Хүний нөөцийн бүртгэлийг цахимжуулах ажлын явц ямар хэмжээнд  хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгөх үү?
    -Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад боловсон хүчний бүртгэлийг зайлшгүй цахим хэлбэрт шилжүүлэх ёстой. Энэ ажил байгууллагын бодлогын хэмжээнд яригдаж буй томоохон ажлуудын нэг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахим бүртгэлийн  программыг бүрэн суулгаж  дууссан. Одоогоор боловсон хүчний байцаагч нар системийн хэмжээн дэх алба хаагчдын хувийн хэрэг дээрх баяжилтыг хүн нэг бүрчлэн шивж оруулах ажил явагдаж байна. Энэ үйл ажиллагаа цаг хугацааны хувьд удаашралтай явагдах боловч нэгдүгээр улиралдаа багтаж, системийн хэмээнд цахим бүртгэлд бүрэн шилжинэ.
    -Цахимжуулах ажлыг ямар компаниар гүйцэтгүүлж байгаа вэ?
    -Цахимжуулах ажлын хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн "MCS электроникс" компанитай хамтран ажиллаж байна.
    -Энэ программын давуу тал, ач холбогдол  юу вэ?
    -Ерөнхий газрын боловсон хүчний байцаагчид толгой серверээс кодоор ороод ШШГЕГ-ын харьяа хорих анги, алба, салбар нэгжийн дарга нарын гаргасан тушаал шийдвэрийн мэдээллийг шууд харах, шаардлагатай тохиолдолд хэвлэж авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн алба хаагчдын цолны хугацаа болсон эсэх, шагнагдсан байдал, сахилгын шийтгэл оногдсон зэрэг мэдээллүүдийг авахдаа өргөдөл бичүүлж авдаг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр энэ бүхий л мэдээллийг түргэн, шуурхай авах боломжтой болж байна гэсэн үг. Түүнээс гадна тухайн алба хаагчийн цол, шагналын хугацаа болсон тохиолдолд ерөнхий газрын боловсон хүчний байцаагч нарын комтьпютрт гэрэл асч, дохио дугарч мэдэгдэж байхаар программыг тааруулсан. Ингэснээр цаг хүгацааг маш ихээр  хэмнэнэ.
    -ШШГЕГ-ын харьяа анги, алба, салбар нэгжийн хүний нөөцийн ажилтнуудад цахим бүртгэлийн талаарх мэдээлэл өгч, сургалт явуулах уу, ямар байдлаар тэд энэ программд шилжих вэ?
    -Хамтран ажиллаж буй компаниас нийт анги, алба, салбар, нэгжүүд интернет сүлжээнд холбогдсон байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Интернет сүлжээнд холбогдсоноор цахим сүлжээнд бүрэн холбогдоно. .Мөн хөдөө орон нутгийн хүний нөөцийн ажилтнуудыг нэгдсэн журмаар  энэ чиглэлээр хичээл, сургалтад хамруулна.

Я.Баяраа