Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “Багануурын дулааны станц” ТӨХК-ын гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа, Багануурын дулааны станцаас, Жаст группрүү 2 тэрбум төгрөг шилжсэн гэсэн мэдээллийн талаар тайлбар хийн үнэн зөв мэдээллийг өглөө.

 

     Б.Жаргалсайхан: 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн “Өдрийн сонины” дугаарт болон тус сонины вэб сайтад “Оюуны Ундраагийн С.Отгонбаяр, Жаст группийн Ш.Батхүүтэй ярилцан тохирч, “Хадгаламж” банкийг худалдан авах зориулалтаар Багануур дулааны станц” ТӨХК-аас их хэмжээний мөнгө шилжүүлгэсэн байна” гэсэн агуулагатай мэдээллийг цацсан байсан.

 

     Харин бид бүхэн тухайн үед энэ мэдээллийг зөрүүтэй мэдээлэл байна гэж хүлээн аван асуудалд хүлээцтэй хандах үүднээс тэр даруйд нь асуудал яриагүй. Гэтэл үүнээс хойш долдугаар сарын 30-нд манай ажилтан санхүү борлуулалтын хэлтсийн дарга Ц.Энхцэцэгтэй “Төрийн хянан шалгах”-аас ярьж байна гэж “Өдрийн сонин”-нд гарсан мэдээллийн талаар лавлагаа авсан байдаг.

 

     Гэтэл тэрхүү “Төрийн хянан шалгах”-аас ярьж байна гэсэн хүн, энэ тухай ярьсан яриагаа мушгин гуйвуулж, “Багануурын уурхай”-аас манайд өрөө төл гэсэн бичиг ирсэн гэснийг NBS телевизээр удаа дараа “Багануур дулааны станц” ТӨХК-аас тодорхой хэмжээний мөнгийг С.Отгонбаярын заавраар “Жаст” компанид шилжүүлсэн мэтээр мэдээллэж байгаа нь ор үндэслэлгүйгээр бусдыг гүтгэсэн, нөгөөтэйгүүр манай байгууллагын нэр хүндэд нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулж байна гэсэн агууллагаар энэхүү хэвлэлийн хурлыг зарлаж байна.

 

     Мөн тэрээр Эрчим хүчний үйлдвэрүүд эдийн засаг, санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байгаа салбар. Манай компани л гэхэд 4 тэрбум 600 сая төгрөгний зардлыг гаргаж, 3 тэрбум орчим төгрөгний борлуулалтыг хийн төрөөс бол сүүлийн гурван жилд 1 тэрбум 450 сая төгрөгний татаасыг авч үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага бөгөөд аливаа төлбөр тоцоо хийхдээ 20-30 сая төгрөгийн нэг дор шилжүүлэх санхүүгийн боломж байдгаас биш хэдэн тэрбум төгрөгөөр нь шилжүүлэх ямар ч боломж байдаггүйгээ учирласан юм.

 

     Түүнчлэн “Өдрийн сонин” дээр гарсан мэдээллийг байгууллагынхаа шугамаар лавлаж, тус сонин буруу ташаа мэдээлэл нийтэлсэндээ хүлцэл өчсөн мэдэгдэлээ гаргасан аж. Гэсэн хэдий боловч NBS болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр энэ төрлийн мэдээлэл давтагдан явагдсаар байгаа нь компанийн нэр төр, ажилчдын хэвийн нөхцөлд ажиллах боломжийг алдагдуулж байгаа болон төрийн байгууллагуудтай ч гэсэн харилцах харилцаан дээр хүртэл үл ойлголцох төвөгтэй байдлыг үүсгээд байгаа учир энэхүү залруулгыг хийж байгаа юм. Бид асуудлаар цаашид хууль хяналтын байгууллагад нь хандана хэмээн мэдэгдэв.

 

 

Б.Баттулга