Оюутолгой төслийг удирдаж байгаа Рио Тинтогийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх бусармаг үйлдлийг зогсоохын төлөө иргэн С.Гантуяа стратегийн ач холбогдол бүхий өмгөөллийг эхлүүлэх гэж байна.

Энэ талаар тэрбээр: Оюутолгой / Рио Тинто нь Монгол Улсын хуулийг үл хүндэлж, дагаж мөрдөхгүй, төрийн эрх бүхий байгууллагыг үл ойшоож, хүний эрхийг, хөдөлмөрлөх эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа талаар Монгол Улсын төр засаг зохих арга хэмжээг авч шахаж, шаардсаар ирлээ. Гэвч тэрхүү шаардлагыг хүргүүлсээр 10 гаруй сар болсон нь Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа 8000 Монгол болон тэдний ар гэрийнхний нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүндээр тусч байна. Арьс өнгөөр ялгаварлах нь нийгмийн хулгайч байдаг. Рио Тинто бидний гэр бүлээ тэтгэх боломыг хааж, нийгэмдээ оруулах хувь нэмрээс минь хулгайлж байна. Оюутолгойг удирдаж байгаа Рио Тинто компани нь Монгол Улсын төдийгүй олон улсын гэрээ конвенцийг аймшиггүйгээр зөрчиж байна. Үүнд: Хөдөлмөрийн хууль, Яамны эрхзүйн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Хүний Эрхийн Тунхаглал, Даян дэлхийн гэрээ, ОУХБ-ын 100 болон 111-р конвенц, Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бодлогын заалт зэргийг бүдүүлгээр зөрчиж байгаа бөгөөд үүнийг Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагууд шаардаад ч бардаггүй ийм байдал үүсээд байна. Рио Тинто нь их мөнгө зарж өөрсдийгөө сайхан харагдуулах гэдэг ч тэд дэлхийд хар данстай, бохир компани гэдэг нь дэлхийн бусад улсад ажилласан тэдний түүхээс илхэн харагдаж байна. Жишээ нь Рио Тинто Намибия улсад хүний эрхийг дээд зэргээр зөрчиж хөдөлмөрчдийг арьс өнгөөр ялгаварлаж, эрс ялгаатай цалин хөлс олгож байна. Намибияад 276 хүнийг л ажлаас нь халахад ажилчид нь эсэргүүцэж бослого гаргаж, улмаар хүн тус бүрт 4317 ам.долларын нөхөн олговор шаардсан байна. Гэтэл Монгол Улсад 1700 хүнийг халаад нөхөн олговорын талаар зөрүүтэй мэдээлэл цацагдаад байхад яам, Үйлдвэрчний Эвлэл энэ асуудалру орж хөдөлмөрчдийг хамгаалах ёстой юм. Өнөөдөр бид Рио Тинтогийн энэ их мөнгө цацаж толгой угааж байгаа дүр төрхөд нь итгэхийн аргаггүй юм. Учир нь Австралийн Ерөнхий Сайд асан Боб Хаувкэ хэлэхдээ "Рио Тинтогийн Үйлдвэрчний Эвлэлийг үйл ажиллагаанаасаа арчиж хаях гэсэн зарчим нь нийтлэг эрх ашгийг хохироосон заналхийлэл болоод байна" гэх хэлжээ. Мөн 2008 онд Норвеги улс Засгийн газрын тэтгэвэрийн фондоосоо Рио Тинтог хассан. Учир нь Индонез дахь Рио Тинтогийн уурхайд хүний эрхийг хэтэрхий зөрчиж, байгаль орчныг хордуулж улмаар Рио Тинто нь гэмт хэргийн шинжтэй зүйлүүдэд холбогдож байсан тул бохир компаниас татгалзсан хэрэг. Монголчууд бид эх нутагтаа хүний ёсоор, ялгаварлан гадуурхагдалгүй, шударга хөдөлмөрийн гэрээтэй, шударга цалин хөлс авч ажиллах эрхтэй бөгөөд бидэнд Рио Тинтогийн мөнгөнөөс илүү тэдний хүндлэл хэрэгтэй гэдгийг дахин сануулмаар байна.” гэв.  

А.Баярмаа