Гоо сайхан байхад би багаасаа суралцсан

Дотоод, гадаад гоо сайхныг нэгэн биед цогцлоож, тэрхүү гоо үзэсгэлэнгээрээ миссийн титмийг зүүж, хийсэн ажил, хэлсэн үг, гишгэсэн алхаа гишгээ, хаана ч биеэ сайхан авч яваагаараа олон охид, бүсгүйчүүдэд үлгэр жишээ болсоор ирсэн мисс Б.Батцэцэгийг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцоллоо. Байгалиас заяасан гоо үзэсгэлэн байлаа ч арчилж тордож байж улам гэрэлтдэг жамтай. Тэгвэл Б.Батцэцэг хэрхэн гоо сайхандаа анхаарч, өнөөдрийн гоо үзэсгэлэнгээ бүтээсэн бол...


№1 АРЧИЛГАА БОЛ АРЬС

Арьсны эрүүл мэнддээ хамгийн их анхаардаг мисс бүсгүй маань нүүрний гэлтгүй биеийн бүх арьсаа адилхан арчилж тордохыг хичээдэг байна. Зураг авалт, шоу зэрэг ажлын онцлогоос шалтгаалан үс болон нүүрээ байнга будуулж янзлуулдаг учраас дараа нь түүнийгээ сайн арчлахгүй бол амархан гэмтчих гээд байдаг. Тиймээс арьсны хувьд маш сайн цэвэрлэгээ хийхийг зорьдог аж.

Нүүрээ цэвэрлэх дараалал:

1. Будаг арилгагчаар нүүрний будгаа нэгд нэгэнгүй арчилгаж цэвэрлэнэ.

2. Нүүрний савангаа сайн хөөсрүүлж байгаад сайн угаана.

3. Үлдэгдэл бохирдлоо сүүн шингэнээр цэвэрлэж авна.

Зураг авалтгүй үедээ харин будахгүй арьсаа өөрөөр нь амьсгалуулж, нэг өдөр ч болтугай амраахаар арьс гэрэлтээд амарсан нь илт мэдрэгддэг гэнэ. Долоо хоногтоо нэг удаа мэргэжлийн гоо сайхны эмнэлэгт нүүрний массажинд ордог байна.


 

“Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонголт их чухал”

Энэ бол түүний гоо сайхны косметикаа сонгохдоо тавьдаг зарчим. Холимог арьс арчилгаа их шаарддаг болохоор өөрт таарч тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэвэл дороо хуурайшиж, эсвэл тослогтдог. Тиймээс түүний холимог арьсыг Ив Роше арьс арчилгааны, тэр дундаа нүүр цэвэрлэгч нь арьсанд элдэв асуудал үүсэхээс сэргийлж, яг таарч тохирдог байна.

 

ЗӨГИЙН БАЛАН ТАТЛАГА

Эмэгтэй хүн бүрт байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр арьсаа арчлах өөр өөрийн жор бий. Б.Батцэцэгийн хувьд 7, эсвэл 14 хоногтоо нэг удаа чихэргүй, сайн чанарын зөгийн балаар таван минут нүүрэндээ хөнгөн татлага хийдэг байна. Энэ нь арьсыг чангаруулж, илүү сэргээж, бас тэжээл өгдөг нь татлага хийсний дараагаас шууд мэдрэгддэг гэнэ.

 

ФИТНЕСС + ХООЛЛОЛТ

Энэ хослол мисс бүсгүйн гоолиг бие галбир хийгээд эрүүл чийрэг байгаагийн нууц юм. Цаг зав гарвал аль болох спортоор хичээллэж, биеэ хөгжүүлэхийг зорьдог Батцэцэг ихэвчлэн фитнессээр хичээллэн хөлсөө гаргах дуртай. Хааяа найзуудтайгаа заал авах гэх мэтчилэн спортод тун элэгтэй. Зарим хүмүүс фитнессээр хичээллэхээр жин сайн хаядаггүй гэдгийг тэрээр өөрийн туршлагаас үгүйсгэж, үнэхээр уг спортыг сонгосон бол давхар хоолны нарийн дэглэмийг барьж байж хүссэн үр дүнд хүрч чадна гэдгийг хэлж байна. Яг энэ горимоор Батцэцэг хичээллэж, төвөггүй хүссэн жиндээ хүрчихдэг ажээ. Фитнессээр хичээллэж буй бол мэргэжлийн багшийн зөвлөгөөн дор хийвэл илүү үр дүнтэйг тэрээр энэ дашрамд зөвлөж байна.


Жингээ барьдаг нууц: ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ

Жингээ барих шаардлага түүний ажлын гол онцлог. Тиймээс байнгын нормтой байх хэрэгцээ шаардлагатай байдаг учраас аль болох амин дэмээр баялаг буюу ногоо ихтэй хоол хүнс түлхүү иддэг. Хэрэгцээт амин дэм багатай, тэр дундаа цагаан гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, орой 19 цагаас хойш хүнд хоол иддэггүй түүний энэ зуршил жингийн асуудалд санаа зовохооргүй байлгадаг гэнэ.

Өглөө босонгуутаа хоёр аяга ус ууж, цай ундаа сайн уучихаад гэрээсээ гардаг нь түүний амьдралын хэмнэл. Өглөөний энэ хэсэг түүний өдрийг эрч хүчийг хангалттай өгч, илүү бүтээлч ажиллахад нь тусалдаг байна. Эрч хүч бэлэглэх өглөөний цайндаа бэлнээр нь чанасан өндөг, эсвэл цаг байвал шөлтэй хоол хийж иддэг. Өдрийн хоолондоо хүссэн махан хоолоо, орой нь хөнгөн зууш идчихдэг байна.


ГОО САЙХНЫХ НЬ ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГЧ

Эмэгтэйчүүд өөрийн гоо сайхан байдлаа бүтээн бий болгохдоо олон зүйлээс суралцсан байдаг. Зарим нь сонин сэтгүүл, бичлэг, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, ээж, эгч гэр бүлийнхнээсээ гэх мэт. Батцэцэгийн хувьд гоо сайхны үнэнч зөвлөгч нь түүний ээж гэнэ. Жаахан охин байхаас нь нүүрний арьсаа хэрхэн зөв арчлах, эрүүл хүнс байнга хэрэглэж, энэ нь эрүүл мэндэд ямар их ач тустайг багаас нь зааж зөвлөж иржээ. Багаас олж авсан энэ хүмүүжлээр одоо ч гэсэн явдаг мисс бүсгүй маань нэг үгээр гоо сайхан байхад багаасаа суралцсан гэхэд болно.


ГОО САЙХАН ГЭЖ ЮУ ВЭ?

“Гоо сайхан гэдэг бол гадаад үзэмжээр дүгнэгдэх асуудал биш юм байна гэдгийг ойлгосон. Учир нь, гоо сайхан, гоо үзэсгэлэн гэдэг мөнхийн зүйл биш. Тиймээс дотоод хүн нь зөв бодолтой, хүмүүст туслахдаа үргэлж баяртай байдаг, сайхан сэтгэлтэй, мөн эрдэм мэдлэгтэй байж гоо сайхан бүрэн утгаараа цогцолно гэж боддог. Тиймээс гадаад үзэмжиндээ арчаатай байхын зэрэгцээ дотор хүнээ илүү энэрэнгүй, зөв санаа бодолтой байж, боловсрохын төлөө явдаг бол өөртөө гоо сайхныг цоглоосон байна гэж ойлгодог.”

Эх сурвалж: www.ubs.mn