Хооллох соёл бол хувь хүний соёлын хэм хэмжээг илэрхийлэгч шалгуур үзүүлэлтийн нэг юм. Соёлтой хооллолтын талаар мөрдвөл зохих нийтлэг зүйлс олон ч тухайлсан орноосоо хамаарч харилцан адилгүй байдаг.

Жишээ нь Өмнөд Солонгост ямар ч хоолыг хоёр гараараа тосч авдаг уламжлалтай. Тэгвэл Тайланд болон Филиппинд сэрээгээр иддэггүй. Харин сэрээгээрээ дэмнэн ямар ч хоолыг халбагаар иддэг. Танзанид хоол үнэрлэх нь бүдүүлэгт тооцогдоно.

Ер нь зоогонд орохдоо цагаа баримтлах бас зочноо хүндэтгэн цэвэрхэн хувцаслах хэрэгтэй. Махан хоолыг идэхдээ махыг нь нэгмөсөн жижиглэдэггүйгээс гадна талхыг шөлөнд дүрдэггүй.

Мөн ам арчдаг цаасаар хөлсөө арчдаггүй. Зоогийн ширээний ард нүүрнийхээ будгийг сэргээдэггүй. Энэ мэтчилэн орон орны зоог барих соёлыг түгээсэн нэгэн нийтлэлийг хүргэе.

1. Португал

 

Зоогийн ширээн дээр давс болон перец тавиагүй тохиолдолд зөөгчөөс авчруулахыг хүсэх нь бүдүүлэгт тооцогддог. Ингэснээрээ тогоочийн чадварыг үнэлээгүй хэрэг болно. Цайны мөнгө нь нийт төлбөрийн 10% - тай тэнцэхүйц байдаг.

2. Франц

 

Хоёр гараа зоогийн ширээний доор тавих нь бүдүүлэгт тооцогдоно. Тиймээс гарынхаа бугуйн хэсгийг ширээн дээр ил гарган тавина. Тэрнээс тохойлдож болохгүй. Тооцоогоо хувааж төлөх нь маш бүдүүлэг хэрэг байдаг. Тиймээс урьсан зочин төлсөн нь дээр юм.

3. Япон

 

Савхыг аягатай будаандаа зоохыг цээрлэдэг. Цайны мөнгө өгөх нь маш ховор байдаг. Шөлийг халбагаар идэлгүй харин аяганаас нь сорж уух хэрэгтэй. Ингэхдээ амтархан сорох мөн чанга чимээ гаргах нь тогоочид талархсан сэтгэлээ илэрхийлэх нэг хэлбэр болдог гэнэ. Японд олон нийтийн газар эсвэл явуут дундаа юм идэх нь бүдүүлэгт тооцогддог.

4. Итали

 

Зоогонд урьсан эзэн давуу эрхтэй байдаг. Зочид тэднийгээ хүндэтгэн ширээнд нь эхэлж суулгах ба тэд зоогоо түрүүлж иднэ бас ширээнээсээ түрүүлж босно. Хэрвээ хоолонд нь бяслаг дагалдаж ирээгүй бол нэмж авчруулах нь зохисгүй үйлдэл юм.

Бяслагийг гараараа биш хутгаараа авах ёстой. Мөн зоог барьсныхаа дараа сүүтэй уух зүйл захиалахаас татгалзах хэрэгтэй. Энэ нь хоолны шингэцийг удаашруулдаг болохоор эспрессо захиалах нь дээр байдаг.

5. Энэтхэг

 

Хоолоо идэлгүй дутуу орхих нь бүдүүлэгт тооцогддог. Хоолыг гараараа эсвэл зориулалтын хэрэгслээр идсэн ч идээгүй ч зоогийн өмнө болон дараа гараа заавал угаадаг.

Хоолоо ихэвчлэн хивсэн дээр тойрч суугаад иддэг ба ахмад настнаа хүндэтгэн түрүүлж суулгана. Мөн ахмадыг идтэл зоогондоо хүрэхгүй. Зүүн гараараа идэх хориотой.

6. БНХАУ

 

Савхыг аягатай будаандаа зоох нь муу ёрыг зөгнөдөг гэж үздэг. Зоогийг эхлээд бусаддаа тараан өгсний дараа өөртөө авна. Тавагтай хоолоо бүгдийг нь иддэггүй. Бага зэргийг үлдээх нь барахааргүй амттай зоогоор дайлсныг илэрхийлдэг. Мөн түүнчлэн хэхрэх нь тогоочид сэтгэл хангалуун байгаагаа хэлж буй хэрэг ажээ.

7. Колумб

 

Нэгэнт хоолоо идэж эхэлсэн л бол хутга сэрээгээ нэг гараасаа нөгөө рүүгээ сольж барих нь зохисгүй үйлдэлд тооцогдоно. Зоогийн ширээн дээр тохойлддоггүй бас ширээний ард чигчлүүр хэрэглэдэггүй. Хэрвээ хэн нэгний хоолыг дамжуулахаар болвол зүүн гараараа л дамжуулдаг.

8. Сальвадор

 

Хооллосныхоо дараа шууд гарч явах нь зохисгүй. Тиймээс зоогийнхоо дараа хамгийн багадаа нэг цаг орчим яриа дэлгэн суудаг. Ингэхдээ мэдээж улс төр, шашин шүтлэг болон мөнгөний талаарх ярих нь тохиромжгүй. Жимсийг гараар биш хутга сэрээгээр иддэг.

9. Унгар

 

Шар айргийг тулгадаггүй. Бас ерөөлийн үг «Cheers!» хэлэх хориотой. Энэ уламжлал 170 орчим жил мөрдөгдөж байгаа гэнэ. Шалтгаан нь 1848 оны Австри - Унгарын хувьсгалын дайнтай холбоотой. Австричууд ялалтаа тэмдэглэн шар айраг тулган хундаганы үг хэлдэг байснаас эхэлжээ.

10. Саудын Араб

 

Эсрэг хүйстэнтэйгээ зоогонд орох тохиолдол ховор байдаг. Хэрвээ эрэгтэй эмэгтэй хүн хоолонд орох гэж байвал тусгай өрөөнд оруулдаг. Та кофе уудаггүй ч гэсэн санал болгосон Арабын кофег зочноо хүндэтгэн заавал амсаарай.

Хүндтэй зочиндоо дээжийг нь өгдөг ба бүс нутгаасаа хамаарч хутга сэрээ өгнө. Ер нь бол баруун гараараа иддэг ёстой. Зоогийн үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүй бас гахайн махан зоог байдаггүй.