Ипотекийн зээлийн хүүг бууруулж таван хувь болгоно хэмээн Монголбанкны захирал Н.Золжаргал УИХ-ын дарга З.Энхболд нар анх мэдэгдэхэд иргэд итгэж ядан баярлан суусан.

Энэ асуудал сонгуулийн пи-ар болоод өнгөрөх вий дээ гэсэн түгүүр олны дунд байсан нь нууцгүй. Гэсэн ч Барилга хот байгуулалтын сайдаас эхлэн албаныхан “ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой” хэмээн мэдэгдэж, бүр найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулж, тавруу шилжүүлнэ гэхэд зээл, зээлгүй олон мянган иргэн, өрх айл баярлаж байсан. “Зээлийн хүүг хурдхан бууруулаасай, тэгвэл орон сууцтай болох нь, зээлийн хүү буурчихвал манай зээлийн төлөлтөөс 100 орчим төгрөг хасагдана” гээд л хүлээлт үүсгэн байсан.

Тэгвэл Засгийн газар өнгөрөгч баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журам гаргасан байна. Харамсалтай нь иргэдийн хүсэн хүлээсэн шийдвэр гарсангүй. Иргэдийн зээлийг ялгаваргүйгээр бууруулж чадсангүй.

Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан байна.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Засгийн газар өнгөрөгч баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журам гаргасан байна. Харамсалтай нь иргэдийн хүсэн хүлээсэн шийдвэр гарсангүй. Иргэдийн зээлийг ялгаваргүйгээр бууруулж чадсангүй.

Энэхүү эхний ээлж гэдэгт өнөөдөр орон сууцны зээлтэй, найман хувийн хүү төлдөг иргэд, өөрийн хүссэн газар байршилодаа орон сууц худалдан авахаар зээл хүссэн, бодсон иргэд хамаарахгүй. Найман хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдийн хувьд таван хувь руу шилжих боломжийг хүлээх л болж байна. Харин зөвхөн нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан байршлуудад байгаа орон сууцуудаас зээл авсан тохиолдолд л зээлийн хүү таван хувь байна гэсэн үг.

Гэтэл Монгол банкны захирал Н.Золжаргал “Инпляци буурсан учир зээлийн хүүг бууруулах боломжтой” хэмээн мэдэгдсэн ийн атлаа иргэдээ ялгаварлан зээлийн хүүг бууруулж байгааг өнөөдөр олон нийт ойлгохгүй л болов уу.

Учир нь иргэн бүр адил тэгш эрхийнхээ дагуу төрийн үйлчилгээг ижил авах учиртай атал, иргэдээ эхний ээлжид дараагийн ээлжид гэж ялгаж байгаад олон иргэд дургүйцлээ илэрхийлээд эхэлжээ. Мэдээж, дараагийн ээлжид бусад иргэд орж болох ч дараагийн ээлж гэдэг бол “мянгуужингийн үлгэр” ч байх магадлалтай. Иймээс дараагийн ээлж гэж хэзээнээс вэ гэдэг асуулт гарч ирнэ. Дараагийн ээлж гэдэг бол сонгуулийн өмнө амжихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр дараа нь гэсэн үг. Тэр үед шинэ засаг, шинэ парламент гарна. Ингэсээр цаг хугацаа урссаар л байна.

Сонгууль өнгөрсөн л бол бусад иргэдийн зээлийг таван хувь руу шилжүүлж, зээлийн хүүг бууруулна гэдэг бодитой байна гэдэг эргэлзээтэй. Ийнхүү төр засаг дахиад л иргэдийнхээ сэтгэл санаагаар тоглочихов уу даа.

М.Уянга

buzznews.mn