"Ноён долларыг хазаарлана" хэмээн шоудах хүн ч үгүй болж, өр нэмэхэд л санаагаа чилээж сууна
2016/03/07
Манай улсад эдийн засгийн хямрал нүүрлээд нэлээдгүй удаж байгаа билээ. Хямралын үеэр гадаад өрийг сөхөөд ч хэрэггүй биз. Засгийн газрын тавьсан өр, Хувийн хэвшлийн өр гээд нийт монгол улс гадаад өр хэмээн дөнгөнд байгаа.
Гадаад өр 2009-2012 оны хооронд огцом өсчээ. 2009 онд гурван тэрбум орчим ам.долларын өртэй байсан бол 2016 онд буюу 22 тэрбум болж өссөн. Үүнээс 16 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн өр юм. Хувийн хэвшлүүдийн авсан зээл эргэн төлөгдөх хугацаа нь 2016 оноос 2023 он гэсэн тооцоо бий. Гэтэл үүнтэй давхцаад Засгийн газрын гадаад өрийн үндсэн төлбөр эхлэх гэнэ. Ингээд авч үзэхээр 2023 он хүртэлх жилүүд бол гадаад өрөөс үүдэлтэй маш хүнд жилүүд үргэлжилж одоо үүсээд буй эдийн засгийн хямрал арилж, эдийн засаг сэргэхгүй нь ээ гэсэн таамагийг эдийн засагчид дэвшүүлээд байгаа юм.
Ноён ногоон л галзууртлаа өсөх хандлагатай. Хөөрхий төгрөг хүчээ авах тэнхэлгүй мөлхсөөр...Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2042 төгрөгтэй тэнцлээ. Арижлааны банкууд 2036-2039 төгрөгөөр авч, 2043-2047 төгрөгөөр зарж байна. Төсөвт ам.долларыг 2030 төгрөгтэй тэнцэхээр төсөвлөсөн. Тэгвэл үүнээс хэтрээд давчихлаа хазаарлах зоригтой хүн алга.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг доллар өсөхөөр буулгана, хэн зохиомлоор өсгөөд байгаа удахгүй зарлах болно хэмээн шоудсаар суудлааса буусан. Тэгсэн өнөөгийн засгийн газарт "долларыг удахгүй буулгана. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр үнийг барина" гэж дуугарчих хүн алга. Тэд эдийн засгаа хөл дээр нь босгох талаар бодож байгаа гэдэгт найдаж л сууя.
Хөөрхий тэд энэ жилийн сонгуулиар нэр дэвшээд гарчих талаар өдөр, шөнөгүй бодож, улс орондоо хөрөнгө оруулагч татаж, даллах асуудал дээр ухаанаа уралдуулах бус хэн нэгнээсээ давсан бэлэг түгээн, иргэдийн саналыг худалдаж авахаа л бодож суугаа болов уу даа.
Дахин сануулахад, нийт гадаад өр 22 тэрбум ам.долларт хүрчихсэн. Энэ л хамгийн ихээр санаагаа чилээмээр асуудал болж баймаар юм. Гэтэл үүнийг эрх баригчид огт тоохгүй байна. Харин ч Засгийн газрын гадаад өрийг улам нэмэгдүүлэх арга зам хайж БНХАУ-тай 1.3 тэрбум ам.долларын зээлийн гэрээ хийхээр зэхэж буй. Мөн Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын зээл авахаар яригдсан нь хэлэлцээрийн шатандаа явж байна. Энэ бол Засгийн газрын гадаад өрийг ахин 3.3 тэрбумаар нэмэх аюул нүүрлэв. Ийнхүү өр нэмээд байвал удахгүй 2017 онд дампуурлаа Монгол улс хамгийн түрүүнд зарлах улсаар тодорно гэсэн таамаг биелэлээ олох вий дээ.
Irgen · 2016/03/07
Yg odoo 8 sharga deer dollar zarah ni 2049 tug baina.