2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, дуусаад харьяаллын дагуу прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн үзжээ. Улмаар энэ хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтайгаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан.

Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хэргийн талаар бид хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбаттай ярилцсан юм.

 

- Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

- Төв аймгийн Баянчандмань суманд гарсан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцэлгүйгээр мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Шүүх бол өөрийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд энэ хэргийг үзээд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16-р зүйлд зааснаар тал бүрээс нь бодитой хянаж үзээгүй алдагдуулж үзсэн юм шиг байна.

Нэгдүгээрт: Хэргийг цагаатгах болон яллах талаас нь үзээгүй байна.

Хоёрдугаарт: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 214-р зүйлд прокурор хянах асуудлыг бүрэн гүйцэд хянаагүй байна.

Гуравдугаарт: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80-р зүйлд нотлогдож болох асуудлыг бүрэн нотлоогүй байна. Гэсэн энэ гурван хууль зүйн үндэслэлээр бүрэн эрхийн хороонд шүүх хурал хийлгүйгээр хэргийн мөрдөн байцаах газар буцаасан байгаа.

Хохирогчийн талаас бол шүүхийн байр суурьтай бодол санаа нэг байна. Гэмт хэрэгт хамааралтай байдлаас нь хэрэгтнүүдийг бүрэн шалгаагүй байна гэж хохирогч гомдолтой байна.

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэр дээр прокурорын эсэргүүцэл бичих хууль зүйн хугацаа 2016 оны 3-р сарын 9-ний өдөр дуусна. Энэ эсэргүүцэл бичигдэхгүй бол хэрэг дахин мөрдөн байцаалтын шатанд буцаж шалгагдаж эхэлнэ. Мөн энэ шатанд дараа дараачийн арга хэмжээгхүмүүс авч эхлэх байх. Хэрэгт зарим нэг зүйлийг шалгах дутуу гэж бид үзэж байгаа. Хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой анагаах ухааны чиглэлийн дүгнэлтүүдийг гаргуулах нь зүйтэй гэж ийм байр суурьтай өмгөөллийн ажлаа явуулж байна.

 

- Энэ хэрэгт н.Ариунболд яллагдагчаар татагдах ёстой ч гэрчээр оролцож байгаад олон нийтэд дургүйцэж байгаа.

- Олон нийтэд ил тод болчихсон энэ хэрэгт н.Ариунболдыг гэрчээр оролцуулж байгаад маш их гомдолтой байгаа. Яагаад гэхээр н.Ариунболдын хэргийг хэрэгсэхгүй болгосон Төв аймгийн прокурорын шийдвэр 2015.10.18-нд гарсан байдаг. Гэвч тэр шийдвэрийг 2016.02.29-ны өдөр хохирогч гардаж авсан. Гэтэл энэ хэрэг нь аль эрт Төв аймгийн прокурорын газраас харьяаллын дагуу Сонгино хайрхан дүүрэгт шилжээд ирчихсэн. Төв аймгийн прокурорын газар өнөөдөр гомдол гаргах хууль зүйн боломж ээдрээтэй болчихсон. Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр дээд шатны прокурорт хохирогч түүний өмгөөлөгч гомдол гаргах хууль зүйн арга хэмжээ нь хаагдсан байгаа. Бид Төв аймгийн прокурорт гомдол гаргах боломжгүй болсон. Прокурорын байгууллага гарч байгаа хууль зүйн үр дагавартай шийдвэрүүд дээр хэргийн урьдчилсан шат нэр төрөө гардуулан авах үүргээ биелүүлээгүйгээс болоод хохирогчийн эрх ашиг эргэлзээтэй байдалд орж байна. Эрх ашгаа хамгаалах байдал нь хүндрэлтэй байдалд орж байна. Прокурорын байгууллага иргэний нэхэмжлэлийн асуудлыг бүрэн шийдээгүй байхдаа хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн үндэслэл яригдсан. Тодруулбал хохирогч өөрт нь учирсан гэм хороо нэхэмжлэх энэ боломжуудыг бүрэн гүйцэд хангаагүй байна гэж шүүх үзсэн. Хохирогч энэ тал дээр санал нэг байгаа.

 

- Хохирогчийн биеийн байдал болон сэтгэл санаа ямар байгаа бол?

- Яг өнөөдрийн байдлаар хохирогч эмнэлгээс гарсан. Гэхдээ хамгийн сүүлд хийгдсэн хагалгааны эмчилгээнүүд нь хийгдэж байгаа. Бие даагаад босоод явж байгаа ч удаан явж чадахгүй болсон. Мөн байнгын нийгмийн идэвхтэй харилцаанд орох боломж хомсдолтой байгаа. Байнга нэг хүн хажууд нь байх шаардлагатай байгаа болохоор төрсөн ах нь ажлаасаа гарч асарч, ээж нь хөдөөнөөс ирээд сахиж байгаа.

Хохирогчид хагалгаа хийхдээ нарийн гэдсийг нь тайрсан. Тэгэхээр хагалгааны дараа цоо эрүүл болчихсон гэсэн ойлголт байхгүй. Хөдөлмөрийн чадавх алдалт 60 нас хүртэл байна гээд групп тогтоосон. Хохирогчийн хувьд бүрэн эдгэрээгүй, авсан гэмтэл, шарх нь амь насанд нь аюулгүй болсон.

Энэ гэмт хэргээс зөвхөн хохирогч төдийгүй түүний гэр бүлийг хохироочихсон. Яагаад гэхээр ах нь Баянхонгорт алтны компанид ажилладаг гэвч ажлаа хийхээ болиод дүүгийнхээ хажууд үргэлж байгаа. Ээж нь Борнуур сумаас хүрээд ирчихсэн одоогийн байдлаар иймэрхүү байдалтай байж байна.

 

- Өнгөрсөн хугацаанд хохирогч хичнээн удаа ямар хагалгаанд орсон бэ? Хувь хүний нууцтай холбоотой болохоор та хариулахгүй байж болно.

- Таны хэлж байгаачлан энэ бол хувийн нууцын асуудал мөн. Гаднын хүчин зүйлийн нөлөөллөөр дотор эрхтэнд үүссэн гэмтлүүдийг тодорхой хэмжээнд нь эмчилсэн. Жишээ нь, нарийн гэдэс залгаж оёх, давсаг оёсон гэх мэт 2-3 удаагийн цуврал хагалгаа хийлгэсэн. Нэг удаагийн хагалгаа биш олон хагалгааны үр дүнд энэ хүн өнөөдрийн хувьд амь насны аюулгүй болсон. Мэдээж залуу эмэгтэйн хувьд ирээдүйд өнгөрсөн амьдралын талаар сөхөгдөнө. Энэ тал дээр хохирогчийн өмгөөлөгч нарын хувьд дүгнэлтийг нь гаргуулна. Одооноос л энэ охин маань хүмүүстэй ярьж эхэлж байгаа ч сэтгэл санааны хувьд бас мэдээж хэцүү байгаа.

Мөн гэрч хохирогчийнх нь талаас хамгаалах тухай хуулиар энэ хүн одоо яах вэ? гэдэг асуудал яригдах ёстой. Тэр гэм буруутай хүмүүс нь зохих хэмжээний арга хэмжээгээ аваад яллагдаад дуусна. Харин хууль зүйн үйл ажиллагааны дараа энэ эмэгтэйн амьдрал яах вэ? Ажиллаж байсан газартаа үргэлжлүүлэн ажиллах юм уу? Эсвэл өөр орон нутаг руу шилжүүлэх юм уу? Гадаад руу явуулах уу? Нэрийг нь солих уу? гэх мэт олон асуудлууд байна. Энэ хүнийг яаж буцаад нийгэмд нь хэвийн хэмжээнд амьдрах боломжоор нь хангаж хамгаалах вэ?Энэ хэрэг бол өмнө нь олон гарч байгаагүй хэрэг.

 

- Хохирогчийн талаар дахин эвгүй асуулт асуух гэж байгаад уучлаарай. Таны үйлчлүүлэгч Б.Ханбаатар болон н.Ариунболд нартай дотно харьцаатай байсан нь хэрэг гарахад нөлөөлсөн гэдэг. Тэдэнтэй хувийн харьцаа байсан болов уу?

- Хүний амьдрал бусдад бол хамаагүй. Эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө бол ардчилсан нийгэмд нэг номерын асуудал. Хэн нэгэн сэтгэл алдаад бэлгийн харьцаанд орсон бол тэр гэмт хэргийн шинжтэй биш. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд ийм асуудал байхгүй. Зарим сайтууд энэ талаар буруугаар бичсэн тохиолдол байдаг. Аливаа хүний харьцааг мэдэх гээд байгаа бол тэр хүнийхээ амнаас нь л сонсох хэрэгтэй. Хохирогч Б-гийн хувьд яадгаа алдсан зан ааштай, соёлгүй, боловсролгүй хүн биш. Төв аймгийн Баянчандмань сум бол 1сая 300 мянган хүнтэй Улаанбаатар хот биш, бараг айл болгоныхоо адуу мал, нохойг зүсээр нь мэддэг газар. Арав алхахгүй байшинд байж байгаа байж байгууллагынхаа хоёр хүнтэй зэрэг явна гэж бүтэшгүй зүйл.

- Хэрэг гарсны дараагаар Б.Ханбаатар болон Н.Ариунболдын талаас хохирогчтой уулзаж уучлалт гуйсан болов уу?

- Анх хагалгаанд орох үед нь Б.Ханбаатарын талаас 500 000 – 600 000 төгрөг өгсөн удаа байгаа. Ямар нэг байдлаар хохирол, гомдол барагдуулах нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл хариуцлага хүлээсэн хүмүүсийн үүрэг. Б.Ханбаатарын талаас ганц хоёр удаа уулзсан. Харин н.Ариунболдын талаас одоохондоо мэдэгдсэн юм алга. Прокурорын байгууллагаас буруугүй гэсэн дүгнэлт гаргасан учраас өөрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж магадгүй л дээ. Хэрэг цаашдаа яаж эргэх нь тодорхойгүй. Хэрэг прокурорт шилжсэн учраас ерөнхийдөө шүүхийн заасан үндэслэлээр хэрэгт хамааралтай үгүйг нь дахин шалгах ёстой.

- Өмгөөлөгч хүний тань хувиар асуумаар байна. Эрүүгийн хуулийн 126-р зүйл бол хүчиндэх, 125-р бэлгийн дур хүслийг ёс бусаар хангах гэж заасан байдаг. Тэгтэл Б.Ханбаатарт хүндрүүлэх нөхцөлгүйгээр 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу зүйлчилсэн байсан. Прокурорын гаргасан зүйлчлэлүүд таны хувийн бодол?

- Эрүүгийн хуулийн 125, 126-р зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн бол энэ асуудал дээр байгаа. Би энэ зүйлүүдээс гадна Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл буюу хүний биед санаатай хүнд гэмтэл учруулах гэсэн зүйл ангийг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 35,36 дугаар зүйл гэж бий. Гэмт хэрэгт хамтран оролцох, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр гээд байгаа. Энэ хамтран оролцсон нөхцөл байдлыг бүрэн тогтоох ёстой. Нуун далдалсан асуудал байна уу? Хамтран оролцсон асуудал байна уу? Хохирогчийг дуудсан уу? Дуудаагүй юу? гэх зэргээр. Дуудсан хүн нь ямар оролцоотой юм гэх мэтчилэнгээр. Зөвхөн Б.Ханбаатарын талаас гадна бас хэрэг гарах нөхцөл байдлаас шалтгаалан эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шалгаж тогтоох ёстой. Хөдөлмөрийн харилцаанд бол ажлын байрны бэлгийн дарамт гэж юу вэ? гэхээр эмэгтэй хүний тодорхой цэгүүд рүү удаан хугацаанд харах, эвгүй байдалд оруулах, биед нь хүрэхэд л онолын хувьд бэлгийн дарамт үзүүлсэн болдог.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа

О.Номин