2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчиний байр сууринд шилжсэн билээ. Дотоод шинэчлэл, эдийн засгийн хямрал  гэх зэргээр асуудалтай байгаа ч  сөрөг хүчний зүгээс бодлготой хөгжихийг уриалж өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн мэдээллээр: Өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндрээд байна. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд Ард түмний мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон боловч түүнийгээ гардан хэрэгжүүлэх боломжоо алдсан юм. Нөгөө талаар тухайн хөгжлийн стратегийг боловсруулж байх үеийн эдийн засгийн нөхцөл байдлууд ганцхан жилийн дотор муу талруугаа өөрчлөгдсөн нь МАН-ыг улс орныхоо хөгжлийн талаар дэвшүүлсэн зорилтыг дахин авч үзэж, тодотгоход хүргэж байгаа бололтой. Сөрөг хүчин гэдэг нь ганцхан эрх баригчдын муу талыг зүгээр хараад суухын хэрэг биш бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөх гэдгийг МАН эрх баригч хүчин АН, Засгийн газарт ухааруулж буй бололтой. Үнэн хэрэг дээрээ МАН-ынхны ярьж боловсруулж буй хөгжлийн бодлогыг уг нь эрх баригчид л хамгийн түрүүнд ярьж боловсруулж, хэрэгжүүлж байх учиртай баймаар. Гэтэл үгүй юмаа. Өнөөгийн Засгийн газар улс орноо “бодлогогүй бодлого”-оор “дүрэмгүй дүрэм”-ээр л жолоодож байх шиг.” Гэдгийг мэдээллэв.

Улмаар  2013 оны 10 дугаар сарын 27-нд болох XXVII Их хурлаараа Монгол Ардын Нам Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгжил дэвшлийн талаарх байр сууриа тодорхойлохтой холбогдуулан залуу эрдэмтэн судлаачдын дунд Монгол Улсын хөгжлийн загвар сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нээлттэй байгаа юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд шагналын нийт дүрмийн сан нь 20 сая төгрөг байх ажээ.  Сэдвийн хувьд нэлээн өргөн хүрээтэй бөгөөд эдийн засгийн зохистой бүтэц, олон тулгуурт бодлого, байгалийн баялагийн ашиглалт, хуваарилалтыг бодлоготой, шударга болгох, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх бодлого, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг оновчтой болгож, бизнесийн орчныг тааламжтай болгох, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлогын талаар судлаач, сонирхогч хэн бүхэн МАН-аас зарласан уралдаанд өөрийн дуу хоолойгоо нэмэрлэх, тусгах боломжтой юм.

Түүнчлэн Монгол улсын нийгмийн бодлогын хөгжилийн хүрээнд ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудал, боловсролын тогтолцоог оновчтой болгож, чанарыг дээшлүүлэх асуудал багтсан бол байгальд ээлтэй уул уурхайн бодлого, байгалийг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хүрээнд иргэн, аж ахуй нэгжийг оролцоог хангах бодлогыг ч чухалчлан авч үзэхээ МАН-ынхан илэрхийллээ.

            А.Баярмаа