Халтирч унах уу, эсвэл гулгаж тоглох уу
2013/02/20
Өвөл дуусч байгаа ч халтиргаа, гулгаа арилах янзгүй. Хотын төвөөр эрх биш нэг халтиргаагүй байх шиг. Бас жолооч нар зам халтиргаагүй боллоо гэж баярлаж байна билээ.
Гэхдээ хотын захын гудамжаар, гэр хорооллын замаар халтиргаа гэж айхтар зүйл бүр хүний аминд хүрсэн сурагтай.
Сар шинийн өдрүүдээр гурван ч хүн золголтоор явж байгаад халтирч унаад, өөд болсон гэнэ. Тун харамсалтай. Өнгөрч буй өвөл 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн гэх мэдээллийг албаныхан өгч байгаа. Ер нь бол өвлийн цагт хүний амь нас, эрүүл мэнд гэгч автомашинаас үнэгүй болж хувирах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Автомашины замын халтиргааг арилгаж байна гээд давс, бодис цацаад л улсын төсвөөс өч, төчнөөн төгрөг гаргана. Харин явган хүний зам гэж ёстой л “коток” болж хувирдаг.
Ийм мөсөн гулгуур дээр аятайхан шиг яваад, гэмтэж бэртчилгүйхэн өвлийг давсан бол болох нь тэр. Гэтэл бэртэж, гэмтсэн хүмүүсийн тухайд харин ч “талийчихаагүй” дээ баярлахаар болж байна. Тэр байтугай цаана чинь хүн нас бараад байна. Тийм байхад өөрийнхөө анхаарал, болгоомжгүйгээс болж унаад, бэртэж гэмтчихээд тэр энэ байгууллагаас мөнгө төгрөг нэхээд явж байгаа хүмүүс олон байгаа гэж сонссон. Тэдгээр хандаж хэлж байгаа юм. Улаанбаатар хот сая гаруй хүн амтай. Явганаар 400 гаруй мянган зорчигч зорчдог гэж тооцвол эцсийн дүндээ 1000 гаруй хүн халтирч унах нь байх л үзэгдэл мэт.
Ер нь тэгээд өвлийн олимпийн мөсөн гулгуурын талбай шиг нийслэлдээ дасан зохицоод л амьдаръя. Тэртээ тэргүй хаана ч гэсэн ялгаагүй, халтиргаатай л байгаа биз. Бүр болохгүй, халтирч уначих гээд байвал аятайхан чарга, эсвэл тэшүүртэй явахад болно шүү дээ. Эрүүл мэндэд ч сайн. Ер нь хотын даргад хандаж хэлэхэд хүмүүс халтирч унаад, гэмтэж бэртээд байгаа учраас иргэдээ тэшүүржүүлэх аян зохион байгуулбал ямар вэ. Үүнтэйгээ хамт хамгаалалтын хувцас энэ тэрийг нь шийдээд өгчих. Тэшүүртэй явж байгаад унасан ч гэсэн бэртээд байхгүй, амар. Ямартай ч одоо удахгүй өвөл дуусч, хаврын өдрүүд эхлэх нь.
Өвлийг өнтэй, халтирч уналгүй, бэртэлгүйгээр давсан бол боллоо. Гэхдээ дараагийн өвөл ирэхээр ирнэ. Тэр үед ядахдаа нийслэлийн гудамжаараа айх аюулгүй алхах сан.
Л.Энхдэлгэр