А.ГАНСҮХ: ЗАСГИЙН ГАЗРААС ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД МӨНГӨ ӨГӨӨГҮЙ БАЙНА
2013/02/20
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүр хариуцсан салбарынхаа талаарх асуултад нээлттэй хариулт өгч байгаа. Энэ удаад Зам тээврийн сайд А.Гансүх салбарынхаа үйл ажиллагааны талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Авто замыг чанар муутай тавьж байгаа. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?. Замыг хугацаанд нь багтааж барих асуудлыг ямар байдлаар шийдэж байгаа вэ?
- Засгийн газраас аймгуудын төвийг Улаанбаатар хоттой авто замаар холбох том зорилт тавьсан. Үүнд их ч хөрөнгө зарцуулагдана. Энэ бүтээн байгуулалтыг хийх талаар авто замын компаниудтай дөрвөн удаа уулзалт хийсэн. Энэ үеэр чанартай зам тавих асуудлыг чухалчилж тавьсан. Авто замчид ч бэрхшээлтэй асуудлаа бас бидэнд тавьсан. Ингээд бид үүнийг нь шийдэх арга замуудаа боловсруулаад Засгийн газарт удахгүй оруулахаар боллоо.
-Ямар бэрхшээлтэй асуудал байсныг хэрхэн шийдэхээр болсон бэ?
- Авто замыг он дамжиж зам барихыг зогсооно. Он дамжихаар инфляцтай холбоотой үнийн зөрүү гардаг. Мөн нэг км зам барих нэгж өртөг чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс нэг км зам барих нэгж өртгөө эргэж харж байгаа. Энэ өртөг говьд нэг өөр, хангайд нэг өөр байдаг. Энэ талаар авто замчидтай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Дээр нь орчин үеийн техник, тоног төхөөрөмж. Замын ажлын бүтээмжийн 98 хувь нь өндөр өгөөжтэй техник байдаг. Энэ талаар Монголбанктай хамтран цогцоор нь арга хэмжээ авахаар бодлого боловсруулсан. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Мөн авто замын компаинудаа зэрэглэлд хувааж байгаа. Нөгөө талаар ажлаа хийж чаддаггүй, урьд нь ажлаа чанаргүй хийсэн компаниудын жагсаалтыг гаргасан. Ингээд компани шалгаруулдаг тусгай программ боловсруулсан. Ингэхээр компаниуд хэн нэгний үзэмжээр биш хүчин чадлаараа гараад ирдэг болж байгаа юм.
-МИАТ компани өндөр шатахуун хэрэглэж байгаагаас алдагдалтай ажиллаж байгаа. Үүнээс гадна МИАТ-д ажиллагсад цус ойртсон гэдэг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-МИАТ-ын шатахуун монополь компаний хяналтад байгаа. Тиймээс хоёрдагч эх үүсвэр хайж, бусад орноос хямд шатахуун авахаар хайж байна. Үүнтэй холбоотой МИАТ-аас тодорхой ажил хийгээд эхэлсэн. Шатахууны хараат байдлаас гарахын тулд өөр эх үүсвэрээс шатахуун олж, нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын тогтоол 2010 онд гарсан. Энэ дагуу өөр орнуудтай хэлэлцээр хийгээд эхэлчихсэн. Шатахуун сумалдаг хоёр машинаа хувийн компаниас буцааж аваад МИАТ-д өгсөн. Ингэснээр шатахууны үнэ 80 орчим ам.доллараар хямдрах байх. Энэ мэтээр өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээгээ авч байна. МИАТ дээр бид шинэчлэл хийж байгаа. Энэ нь шинэ дэг журам. Шинэ арга барил их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэр бүлийн хамаатан саднууд ажиллах явдал байдаг. Бид судалгаа гаргаж байна. Бие биенээ шууд удирдах ажилд ажилладаг бол ажиллуулахгүй. Харин шууд удирдах юмуу ашиг сонирхлын зөрчилгүй бол ажиллаж болно.
-“Монголиан айрланс”-ийг “МИАТ”-ийн хувьчлалд оруулах гэж байгаа нь үнэн үү?
-Үгүй, гэхдээ “МИАТ”-ийн хувьчлалд бид энэ чиглэлээр туршлагатай, үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг оруулах чиглэлийг ярьж байгаа.
-Монгол Улс 2016 онд гурван онгоцтой болохын тулд бондоос мөнгө гаргана гэсэн. Эдгээр онгоц хэзээнээс үр ашгаа өгч, бондын мөнгийг төлөх боломжтой вэ?
-Өнөөдөр манай улс гадаадын зорчигч тээвэрт өөрийн гэсэн онгоцгүй, түрээсийн онгоц хэрэглэж байгаа. Шинэ онгоц авна гэдэг нь далайд гарцгүй манай орны хувьд стратегийн том зорилт. 240 сая ам.долларын өртөгтэй гурван онгоц авна. Энэ гурван онгоцыг авах зээлээ хүүтэй нь 2023 онд бүрэн төлж дуусах тооцоо байгаа. Ингэснээр энэ салбар ашигтай ажиллана. Бонд эрсдэлд орохгүй гэсэн үг.
-Орон нутаг дахь агаарын нислэгийн тийзийн үнийг бууруулах боломжтой юу?
-УИХ-аас баталсан Иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогод бүс нутаг дахь агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр хэд, хэдэн заалт туссан. Нэн тэргүүнд агаарын тээврийн компаниудыг төрийн бодлогоор дэмжих, татварын бодлогоор дэмжих, мөн шатахууны үнэ тарифыг буулгахын тулд хоёрдогч хөршөөс онгоцны түлш импортлох зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхээд эхлэхээр уялдаа холбоотой шийдэгдэнэ.
-УИХ-аас 2010 онд баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого нь хоёр хөршийн бодлоготой уялдаж байгаа юу?. Төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахад Оросын талаас санхүүгийн дэмжлэг авсан гэх яриа байгаа. Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл төмөр зам барихад Оросын талаас хөрөнгө оруулъя гэдэг санал ирсэн үү?
-Төмөр замын бодлогыг боловсруулахдаа өргөн хэмжээний судалгаа хийж, зөвхөн хоёр хөрш төдийгүй гуравдагч хөрш, Монгол Улстай эдийн засгийн харилцаа өргөжүүлэх боломжтой улсууд, стратегийн түнштэй уялдаа холбоотой авч үзсэн. Түүнчлэн хоёр хөршийн далайн боомтын хөгжил, цаашид бий болох байршилтай бүрэн нягт уялдаж чадсан. Харин ТЭЗҮ боловсруулахад оросуудаас хөрөнгийн дэмжлэг аваагүй гэж тодорхой хэлэх байна. Монголын төмөр зам компани “Хаан банк”-наас таван сая ам.долларын зээл авсан. Энд ямар нэг гадны хөрөнгө оруулалт байхгүй.
-Шинэ төмөр зам барихад төмөр замын салбарт бондоос өөрөөр ямар байдлаар хөрөнгө оруулах вэ?
- “Шинэ төмөр зам”ХХК-ний 49 хувьд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татна. Бусад банк санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалт хийнэ, Засгийн газар өөрийнхөө хөрөнгө оруулалтыг бондоор санхүүжүүлнэ. Ийм гурван эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
-Хятадын БХАИХТ-ын байнгын хорооны дарга Бангоуг ирэхэд төмөр замын асуудлыг ярьсан уу?
-Хятадын байнгын хорооны дарга ирэхэд төмөр замын асуудал яригдсан. Гэхдээ бодлогын хэмжээнд яригдсан. Үүний дагуу Хятадын талтай бид бодлогын түвшинд хэлэлцээр эхлүүлнэ.
-“Монголын төмөр зам” компани ХААН банкинд зүтгүүрээ барьцаанд тавиад ТЭЗҮ-ээ хийсэн. Энэ ТЭЗҮ-г өөрчлөх үү?
-Монголын төмөр зам компани таван сая ам.долларын зээл авч ТЭЗҮ-ээ хийсэн. Одоо хүүтэйгээ бараг зургаан сая ам.доллар болсон. Энэ ТЭЗҮ-гээрээ төмөр замаа барина.
-Төмөр замаар хөрш орнуудын боомтуудаар дамжуулан байгалийнхаа баялгийг экспортолно гэж ойлгож байгаа. Үүний хүрээнд хөрш орнуудтайгаа ярьсан зүйл бий юү?
-ОХУ-тай гурван боомтод тохиролцсон. Одоо төмөр замын хэлэлцээрийн явцад БНХАУ-тай ярина. Байгалийн баялгаа ОХУ-аар дамжуулан төмөр замаар тээвэрлэх зам урд хөршийнхөөс бараг хоёр дахин урт. Тиймээс хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэх хүсэлт тавиад байгаа. Тавантолгойн нүүрсийг тээвэрлээд Владивостокт очиход 4400 орчим км. Харин Тяньжин руу тээвэрлэхэд хоёр дахин бага зай туулна. Энэ зайнаас шалтгаалан тээврийн тариф ялгаатай гарна. Бид хоёр оронтойгоо зайнаас үл хамааран тээвэрлэх зардал ижил байх шаардлага тавьж байгаа.
-Ийм хол зам туулсан манай нүүрс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар байгаа юу?
-Угаасан нүүрсийг 41 ам.доллараар олборлоно. Тавантолгой-Нөмрөгийн чиглэлд тооцож үзэхэд 30 ам.доллараар тээвэрлэнэ. Шилжүүлэн ачихад гурван ам.доллар, Хятадын төмөр замын тээврийн өртөг боомт хүртлээ 18 ам.доллар, далайн боомтын өртөг дөрвөн ам.доллар, далайн тээврийн өртөг 15 ам.доллар ингээд 111 ам.доллараар манай нүүрс очиж байгаа. Үүнийг Австралиас Японд зарж байгаа нүүрсний үнэтэй харьцуулсан юм. Автралиас коксжих нүүрсээ 200 ам.доллараар зарж байгаа. Бид энэ үнээр өгөх юм бол 89 ам.долларын ашигтай ажиллана.
-Тавантолгойгоос хил хүртэл төмөр зам барих хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний тээвэрлэлтээ “Энержи ресурс” компанийн барьсан авто замаар тээвэрлэхээс аргагүй байгаа. Гэтэл үүнээсээ болж нэлээд өртэй болж байна гэх юм. Хэрхэн шийдэхээр ажиллаж байна вэ?
-Тавантолгой Ухаа худагийн уурхайгаас Гашуун сухайтын Ханги Мандал хүртэл 239 км хатуу хучилттай зам баригдсан. Тэнд байгаа гурван уурхайн бүх тээврийн хэрэгсэл энэ замаар тээвэрлэдэг. Өнгөрсөн оны сүүлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаад одоо барьж байгаа авто зам ашигласны төлбөрийг 40 гаруй хувиар бууруулах санал гарсан. Гэхдээ энэ саналаа Эдийн засгийн хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Энержи ресурс” компаниудтай тус бүр санал солилцон зөвшилцсөний үндсэн дээр бууруулах асуудал дээр эцсийн шийдэл гаргана. Шийдэгдвэл хямд өртөгтэй тарифаар явах бололцоотой болно.
-Төмөр замын ажлын асуудлаар 30 компанид 50 тэрбум төгрөг хувааж өгөөд ажлыг нь эхлүүлэх гэж байгаа нь үнэн үү?
-Та буруу мэдээлэлтэй байна. Тийм зүйл байхгүй. Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө өгөөгүй байгаа. 55 сая ам.доллар өгөх шийдвэр Засгийн газраас 2011 онд гарсан боловч энэ мөнгө өгөгдөөгүй. Энэ мөнгийг өгөх шийдвэр сая шийдэгдээд гэрээ нь зурагдаад явж байна. Өөрөөр хэлбэл 2010 онд Төмөр замын тээврийн асуудлаар төрийн бодлого батлагдсанаас хойш төрөөс төмөр замд нэг ч төгрөг өгөөгүй.
-Замын-Үүдэд байгаа УАЗ-469 автомашиныг орчин үеийн тав тухтай тээврийн хэрэгслээр солих асуудлыг байнга ярьдаг. Энэ хэзээ ажил хэрэг болох вэ?
-Энэ асуудалтай олон хүний амьдрал ахуй холбогддог. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдийг Улаанбаатартай холбосон автозамаа 2013 онд ашиглалтад оруулж, улмаар зорчигч тээврийн стандартыг өөрчилнө.
-Автомашины дугаарын стандартыг шинэчилнэ гэж ярьж байгаа. Хэдийгээр үүнийг шийдвэрлэж дуусах вэ?
-Судалгаа хийж байгаа. Олон улсын шаардлага хангасан латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжихээр ярьж байна. Замын цагдаагийн газраас дугаар өгдөг байж байгаад манай яам руу шилжсэн. Гэхдээ ЗЦГ хэдэн серийг өөртөө аваад үлдчихсэн юм. Ингээд хоёр газар дугаар олгож эхэлснээс болж давхардсан дугаарууд гарах болсон. Одоо бид бүх серийг өөртөө авснаар дугаарын давхардлыг арилгаж байгаа. Одоогоор 1111 гэх зэрэг найман8 дугаарыг хурааж авсан. Өөр зарим дугаарыг хураах хүсэлт тавиад байгаа.
Ш.Эрдэнэ