Орон сууцны үнийг зад буулгаад өгөөч, боломж нь энэ байна
2013/02/21
Барилгын салбарт эрүүл зах зээлийг төр яагаад бий болгож чадахгүй байна вэ
Сүүлийн үед орон сууцны үнэ эрчимтэй өсөж байна. Өнөөгийн байдлаар энгийн орон сууцны метр квадратын үнэ бараг хоёр сая төгрөгт дөхөв. Энэ нь 30 метр квадрат буюу багахан талбайтай орон сууц худалдан авахын тулд 60 сая төгрөг хэрэгтэй гэсэн үг. Эсвэл 20 жилийн хугацаатай, дор хаяж сарын 600 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгээр банкнаас зээлээр авч болно.
Энэ нь олон улстай харьцуулахад дундаж цалин харьцангуй бага манай орны иргэдийн хувьд хүнд сорилт билээ. Гэлээ ч хэрэгцээ шаардлага байгаа учир иргэд урт хугацаанд өндөр хүү төлөөд ч болов орон сууцанд орохыг эрмэлзсээр байна. Мэдээж орон сууцны үнийг өсгөхөөс өөр аргагүй хэмээдэг барилгын компаниудын хувьд ядуурсан уу гэвэл үгүй. Тэгвэл орон сууцны үнэ яагаад өсөөд байна вэ.
Үнийг хямдруулах боломж бий юу. Үнэндээ энэ талаар сүүлийн хэдэн жил тасралтг үй ярьж ирсэн. Үр дүнд нь сууцны үнэ буурах бус нэмэгдсэн билээ. Бүр яамнаас анх 4000 айлын орон сууц хөтөлбөрийг зарлаж байхад орон сууцны метр квадратын үнийг 650 мянган төгрөг байх бололцоотой хэмээн мэдэгдэж, тооцоо судалгаатай нь танилцуулж, компаниудаас үнээ буулгахыг шахаж шаардаж байсан.
Гэвч энэ дүнг нэг ч компани мөрдөөгүй. Ядахдаа энэ шахалт нь орон сууцны үнийг тогтвортой барихад ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Энэ нь орон сууцны үнийг буулгах ёстой хэмээн яриад эсвэл шахаж шаардаад хэрэгжүүлэх бололцоогүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, ардчилал хөгжсөн оронд барилгын компаниудыг “үнэ нэмлээ” гэж чичилж муулахаас бус “буулга” хэмээн хүчилж болдоггүй аж.
Энэ тохиолдолд бид яах ёстой вэ. Товчхондоо үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэх нь сууцны үнийг хямдруулах хамгийн боломжит алхам билээ. Үүний тулд төрөөс ихээхэн зүйл шалтгаалах нь дамжиггүй. Харамсалтай нь барилга, орон сууцны салбарт төрийн бодлого хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байна. Хамгийн сүүлийн жишээ бол 100 мянган айлын орон сууц хөтөлб өрийн хэрэгжилт юм.
Засгийн газраас тус хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээл гаргаж байгаагаа зарласан. Үүнийг дагаад бараг өрх бүр ОССК-ийн үүдийг сахиж, барилгын компаниуд харин ч нэг үнээ дураараа өсгөсөн дөө. Бүр өмнө нь гэрээ хийгээд урьдчилгаагаа төлчихсөн байсан иргэдийг зарим барилгын компаниуд мөнгө нэмж өгөхийг шаардаж, хэрэв өгөхгүй бол гэрээгээ цуцлах асуудлыг хүртэл ярьж байсан.
Арга ч үгүй юм. Цаана нь зургаан хувийн хүүгээр сууц авъя гэсэн өч төчнөөн иргэд байхад заавал хямдхан зараад байх шаардлаа барилгынханд байхгүй. Нэг үгээр хэлбэл, нийлүүлэлтийг зохицуулж чадаагүй байж эрэлтийг өсгөж зээл олгосон нь төрийн алдаа байв. Алдаа гэхээс илүү сонгуулийн шоу байсан гэвэл хилсдэхгүй. Өнөөдөр өмнөх Засгийн газрын шийдвэр бүдгэрэн арилж, зургаан хувийн хүүгээр зээл авах мөрөөдөл дашийн шог болж байна.
Эндээс төрийн бодлого шийдвэр иргэдийг хямд орон сууцтай болгох чиглэл рүү яваад байна уу эсвэл эсрэгээр хэрэгжээд байна уу гэсэн эргэлзээнд хүргэж байна. Засгийн газраас иргэдийг хямд сууцтай болгох асуудлыг хөндөж байхад зарим төрийн албан хаагч нь хотын төвийн газрыг ханцуйн доогуур наймаалцаж байдаг. Нөгөө талд хотын захирагч нь барилга барих зөвшөөрлийг түдгэлзүүлж, зарим зөвшөөрөл аваагүй сууцыг нураах асуудлыг хүртэл хөндөж байна.
Мөн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг олон жилийн өмнө ярьсан. Хэрэв тухайн үед гаргасан шийдвэр хэрэгжсэн бол томоохон үйлдвэр үүд шаваа тавьчихсан. Гадаад зах зээлээс барилгын материал өндөр зардлаар авчирах боломж хязгаарлагдах хэмжээнд хүрэх байв. Харамсалтай нь төр засаг, яамдын ажлын уялдаа холбоо гэж алга.
Үүнээс хамаарч барилгын салбарт баримтлах бодлого хоосон уриа лоозон төдий байна. Үүн дээр нь барилгын компаниуд тоглож, үндсэндээ ямар ч хяналтгүйгээр энэ зах зээлд ноёрхож байгаа юм. Уг нь барилгын салбарын бодлого зөвхөн салбарын яам бус хотын захиргаа, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба зэрэг төрийн олон байгууллагын нягт уялдааны үр дүнд хэрэгжих ёстой.
Хотоос барилга орон сууц барих төлөвлөлтөө гаргадаг, газрын албанаас зохих талбайн зөвш өөрлийг чирэгдэлгүй олгодог, мэргэжлийн хяналт нь шаардлагатай хяналтаа тавьдаг, ҮХАА яам нь барилгын материалын үйлдвэрүүдээ хөгжүүлдэг, Эрчим хүчний яам нь цахилгаан, дулааны эх үүсвэрийг шийддэг, Сангийн яам нь энэ бүхэнтэй уялдуулж зээлийн эх үүсвэрээ шийддэг бол төр барилгын салбарын бодлогын хэрэгжилтээ хянаж, үүнийг дагаад салбарын хөгжил цэгцтэй болох учиртай.
Тиймээс орон сууцны үнэ яагаад өсөөд байна хэмээн барилгын компаниудаас буруу хайхаас илүү эрүүл зах зээлийг төр яагаад бий болгож чадахгүй байгааг асуух нь зүйтэй болов уу. Үнэндээ барилгын компанийн эзэд бизнес эрхэлж байгаа. Бизнест ашиг нэн тэргүүнд эхэнд тавигддаг нь зүйн хэрэг юм. Хүний хамгийн анхдагч амин чухал хэрэгцээ нь орон гэр. Тэгвэл гэр хорооллынхон бидэнд гэрээ засах боломж хайрла, ирээдүйн Ерөнхийлөгч өө.
Энэ бол монголд амьдарч байгаа болон гадны улсаас эх орноо зорихоор зэхэж буй хүн бүрийн хүсэл. Монголд янз бүрийн сонгуулийн мөчлөг дагаж ажил ундардгийг, ажил хэрэг болдгийг бид мэддэг болсон. Тиймээс л энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сценарийн сэдвийг орон сууцны үнийн зад хямдрал байх болов уу хэмээн хардаж дээр, доорг үй жиргээд эхэлчихлээ. Олны үг ортой гэдэг дээ.
Сонин юм шүү хөөсөрсөөр тогооноосоо хэдийнэ хальсан орон сууцны метр квадратын үнийг сая төгрөгт барих боломжтойг ШӨХТГ-ын дарга О.Магнай л саяхны нэгэн өдөр бусдаасаа түрүүлж дуулгаснаар иргэдийн дунд жаахан ч гэсэн энэ салбар руу инээмсэглэж харах итгэл төрүүлэв. Тэгэвч энэ сэдэв царцав уу, цаанаас нь царцаав уу юутай ч намжчихлаа. Сонгуулиар яригдах сэдэв учраас хав дарчихав уу. Магнай дарга аа, орон сууцны үнийг зад буулгая. Метр квадрат нь монголд үнэтэй байх боломжгүйг хамтдаа бодъё.
Хямд үнэтэй орон сууцыг ингэж баръя
Элс, хайрга, тоосго, блок, мод гэх мэт барилгын гол түүхий эд манайд ямар ч үнэгүй. Хаанаас л бол хаанаас ухаад, ачаад авчихаж болно. Монголд юу л байна шороо, ус, ажиллах хүч байна. Орон гэрийнхээ хана, баганыг хүртэл гадныхнаар түшүүлэхээ болъё манайхаан. Монгол хүн бүрийг эх орныхоо бүтээн байгуулалтад дуудъя. Ажилгүй иргэдийг барилгын салбарт бүртгэж, оюутнуудаар тоосго цохиулж, шавар зууруулж сургая.
Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүдийг дайчилъя. Үүн дээр нэмээд байр сав нь хүрэлцэхгүй, багтаж шингэхгүй байгаа өнөөх хоригдлуудыг ашиглая. Ингэж чадвал харийнхан руу цацдаг цалин хөлс дотооддоо үлдэнэ. Зайлшгүй энэ салбарт чухал хэрэгтэй мэдлэг боловсролтой ажилчдад үлдэнэ. Ингэснээрээ бид ажиллах хүчинд зориулдаг мөнгөө асар их хэмнэх боломжтой болж байна. Юун хятад, солонгос барилгачид вэ.
Тэд мартагдана. Нийслэлд барилга байтугай ундны ус хүрэлцэхгүй байна гэсэн дүн мэдээ хэн бүхнийг сэрдхийлгэсэн. Тэгвэл бодоод үзье. Бидэнд цас, борооныхоо усыг тосож, өнөөх муу усаа цэвэршүүлээд барилгын ус болгож ашиглах боломж байна. Бохир ус болон бороо цасныхаа ус ашиглалтаараа Сингапурыг жишээлдэг юм билээ. Тэд Малайзаас бохир усыг нь авч цэвэршүүлээд усны хэрэглээндээ зарцуулдаг байдлаас нь суралцъя.
Ус ашиглалтаараа үргүй зардал гаргадаг орон сууцныхны хэрэглээг цэгцэле. Өглөөнийхөө өлөн хирнээс салахдаа л хэдэн тонн цэвэр ус гоожуулж сул асгачихдаг тэдний усыг үнэлгээжүүлье. Ийм байдлаар цэвэр усаа хэмнэсний үр ашиг гарч л таарна. Ерөөсөө л бороо, цас, бохир усаа барилгын салбар руу нийлүүлье. Ингэж чадвал усанд зарцуулах зардлаа хэмнэж орон сууцны үнээс ангид болж хувирна.
Мэдээж мод бэлтгэлийн асуудал хөндөгдөнө. Манай улс жилд дунджаар 850-950 мянга орчим шоо метр мод бэлтгэхийг зөвшөөрдөг байна. Үүн дээр гадагшаа вагон вагоноор нь зөөдөг болон өнөөх хууль бус мод бэлтгэлийг тооцвол энэ салбарт мод дахиад л үнэгүй. Тэгвэл одоо яах вэ. Тоосго, блок, шавар, элс, цемент, ус, мод, ажиллах хүч...бүгд үнэгүй байх боломжтой байхад чанаргүй, өндөр үнэтэй орон сууц Монголд моод болох хэрэг байна уу.
Дөнгөж цухалзах үнэ хаанаас үүсэх боломжтой вэ
Магнай даргаас орон сууцны үнэ хямд байх боломжтой тухай сонсоогүй бол барилга, байшин шүтэх тэнэглэлтэйгээ зууралдсаар үлдэх байлаа. Түүний энэхүү мэдэгдлийг батлах гэсэн шиг Орон сууц санхүүжилтын корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга ингэж байна. “Бидний хийсэн судалгааны үр дүнд орон сууцны метр квадратыг нэг сая төгрөг байж болно гэсэн үр дүн харагдсан.
Мөн түүнээс гадна Барилга, хот байгуулалтын яам Монгол банк хамтраад энэ онд баригдах барилгууд дээр хөнгөлөлттэй зээл олгох талаар санамж бичигт гарын үсэг зурсан. Орон сууцны үнийг бууруулах хамгийн зөв алхам бол барилгын компаниудыг төрөөс бодлоготойгоор дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Өмнө нь иргэдэд бага хувийн хүүтэй зээл олгож байна гээд эрэлтийг нэмсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болсон.
Тэгэхээр эхлээд бид чанартай, үнэ боломжийн орон сууцнуудыг баръя, тэгэхээр үнэ аяндаа тогтворжино” гэчихлээ. ОССК 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүх аймгуудад 650-700 мянган төгрөгөөр, Улаанбаатар хотод 730 мянган төгрөгөөр орон сууц барьсан түүхтэй. Тэгвэл дэд бүтэц, газрын асуудлыг үнэгүй шийдвэл дээрх үнээр байртай болох боломжтой аж. Сайхан мэдээ шүү.
Жишээ болгож Баянхонгор аймагт 30 айлын орон сууцыг метр.квадратыг нь 656 мянган төгрөгөөр, Говь-Сүмбэр аймагт 80 айлын орон сууцыг метр. квадратыг нь 239 мянган төгрөгөөр борлуулснаа ярьж байна. Тэгвэл барилгын салбарт 25 жил ажилласан “Дельта констракшн” компанийн Ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат ингэж ярьж байна.
“Би Нийслэлийн захиргаанд “Инженерийн шугам сүлжээтэй газрыг нь үнэгүй гаргаад өгчих, би мкв-ыг нь 650 мянгаар бодоод дөрвөн жилийн хугацаанд 4000 айлын орон сууц бариад өгье” гэж захидал бичсэн. “Барилгачдын холбоо”, “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-нд ч энэ саналаа хэлсэн. Би бүх хариуцлагыг өөрөө үүрье, болохгүй бол намайг “цаазын тавцанд” аваачна биз. Би юу хэлж байгаагаа мэдэх хэмжээний инженер хүн шүү.
Хэрвээ моргэйжийн зээлээр бариад эхэлбэл угаасаа мкв нь 650 мянга болоод эхэлнэ. Дунд орлоготой хүмүүстээ зориулаад ийм арга хэмжээ авах боломж төрд байгаа. Хэдэн тэрбумаа зүгээр цацчихдаг биз дээ. Би барилга барьдаг хүн болохоос зардаг хүн биш”. Тэрбээр монголд хэрэгтэй хүний нэг яах аргагүй мөн гэж бодож байна.
Энэ мэт хийдэг хүнээ төр нь дэмжээд өгвөл өнөөдрийн үнэ нь тэнгэрт хадчихсан барилгын үнэ навс унана биш үү, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэгчид ээ. Дөрвөн уулынхаа хонхорт багтаж шингэхгүй утаа, угаартаа хахаж цацсаар байгаа иргэдээ энэ мэт бодлогоор зохицуулаад орон гэрийг нь засаад өгөөч. Гэрээ засаад төрөө засдаг гэдэг биш билүү.
Тэгэхээр орон сууцны үнэ хаанаас дөнгөж цухалзах боломжтой вэ. Мэдээж манайд үйлдвэрлэх боломжгүй, гадны улсаас оруулж ирдэг дотоод гадаад засал чимэглэлтэй холбоотой бараа материал, сантехникийн асуудалд үнэ бодогдох нь гарцаагүй. Тэгэхээр иргэдэд эхний байдлаар мэдээллээд байгаа сая төгрөг ч үнэтэйд тооцогдож байна.
М.Мөнхтунгалаг