Яагаад бид аминч болчихов оо
2013/08/29
Бусдаас илүүг хийчих вий, бусдаас илүү хөдөлчих вий гэсэн арчаагүй чанарууд бидний өөрсдийг минь өдрөөс өдөрт бага багаар идэж байна. Яагаад бид бусдаас илүү хийж болохгүй гэж, яагаад бид заримдаа бусдаас илүү хөлсөөө урсгаж болохгүй гэж.
Багад минь аав ээж минь бусдаас илүү ажиллаа, хөдөлмөрлөлөө гээд хүнд муу зүйл юу ч болохгүй. Бас бусдад тусаллаа гээд буян болно л гэж сургаж, хүмүүжүүлж өсгөсөн. Хүн хөдөлмөр хийснээр үхчихдэггүй юм хэмээн сургасан учраас хөдөлмөрийг үнэлдэг болон хүмүүжсэн.
Зүгээр сууж байгаад, бусдын нөмөр нөөлөгт амьдарч байгаад мөнгө олох хүсэлтэй хүмүүс олон болчихож. Зөвхөн л өөрийгөө бодож, олз ашиг харагч амьтан. Ийм хүмүүс олны төлөө өндөр албан тушаалд очиж ажиллавал ард түмэнд хор хохирол учруулах аюултай л баймаар. Харамсалтай нь тиймэрхүү аминчхан хүмүүсээр манай төр дүүрчихэж дээ.
Ардчилал, зах зээл гэсэн энэ хоёр үгийн буруу ойлгож, буруу хэрэгжүүлснээр хамтач, нийтэч Монгол хүн өөрсдийгөө танихаа больтол өөрчлөгджээ. Ардчиллыг “юу ч хийсэн болно”, “чаддаг нь амьдарч, чадахгүй нь хохь нь”,“чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн ойлгож, эдгээр хүмүүнлэг бус зарчим өнөөдрийг хүртэл Монголын нийгэм үйлчилж ирлээ. Зах зээлийн хууль гэж “ашиггүй бол бусдад туслах хэрэггүй”, “Зогсвол зоос, хөгжвөл хөлс” гэсэн дэндүү хүн чанаргүй хуулийг сурталчилж иржээ.
Бусдад тусаллаа гээд, бусдаасаа илүү хөдөлмөрлөлөө гээд буруу нь юу байгаа юм бэ? Хөдөлмөрлөлөө, ажиллалаа гээд хүн үхчихгүй шүү дээ. Харамсалтай нь “зах зээл”-ийн хууль нь хүмүүсийн хоорондын харьцааг “мөнгө”-өөр хэмжиж, “ашиг хонжоо”-оор тодорхойлдог болчихож дээ. Яагаад бүхий л зүйлийг мөнгөөр хэмжинэ вэ? Яагаад бүхий л харьцаа мөнгөн дээр тогтоно вэ? Хүн чанар, хүмүүнлэг үзэл, хүн байх хаачсан бэ? Хүн мөнгийг олж болно, мөнгө хүнд эдийн засгийн эрх чөлөөг олгож болно. Гэхдээ нөгөө талд хүн өөрийн эрхэм чанар, хүмүүнлэг сэтгэлээ гээж болохгүй биз дээ. Бид хүмүүсийн дунд амьдарч байгаа. Бид Монголчуудынхаа дунд амьдарч байгаа.
Энэ ард түмэн муу сайн, хулгайч, гуйлгачин, биеэ үнэлэгч, шоронгийн хоригдол ч гэсэн Монгол хүн гэдгийг хэзээ ч марталгүй, үргэлж санаж явах учиртай. Бодит байдал эсрэгээрээ байна. Хүнд туслах гэхээр хулгайч байж магадгүй хэмээн хялалзана. Яагаад бидний амьдрал ийм хүйтэн хөндий болчихов? Юунаас болов?
Энэ бол бидний замнасан ардчиллын 23 жилийн аюултай гамшиг. Социалист нийгэмд амьдарч үзээгүй ч тэр нийгэмд хүмүүс бие биенээ дайсан, хулгайч гэж хардаггүй байсан тухай олон хүнээс сонссон. Тэр нийгэмд хамтаараа ажлаа хийж, хамтаараа амарч, бие биенээ өрөвдөн хайрлах жинхэнэ хүмүүнлэг ёс байсан байх. Мэдээж алдаа дутагдал байсан. Хатуу чанга дэг журам үйлчилж байсан. Гэхдээ тэр нь Монгол хүнийг сайн сайхан байлгахын төлөө шүү дээ гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эцсийн эцэст ямар ч том онол хүний сайн сайхны төлөө байдаг болохоос хүмүүсийг устгаад бай, ядууруулаад бай гэж номолдоггүй.
Социализм бол шорон байсан хэмээн өнгөрсөн рүүгээ нулимаж байгаа бол аав ээж, өвөө эмээ рүүгээ нулимаж байгаагаас ялгаагүй шүү дээ. Өнгөрсөн бол өнгөрсөн. Гэхдээ алдаа, дутагдлыг нь шүүн тунгаах л хэрэгтэй шүү дээ.
Бид дэндүү аминчхан бас өчүүхэн болчихож. Монгол хүн маргаашийг харж чадахаа больж, өнөөдрийн зугаа цэнгэл, сайхан байдлыг л харж түүнийг л амжиж мэдрэх гэсэн уралдаан тэмцээн үргэлжилж байна. Үнэнч хайр, итгэл, шударга, тууштай байх гэсэн хүн байхын дээд, эрхэм нандин чанарууд мартагдаж түүний оронд “амжуулж ч байвал сайн л байна шүү дээ”, “чадаж байгаа хойно одоо яах вэ дээ”, “баригдахгүй бол хулгай хийсэн ч яах вэ дээ”гэх мэт дэндүү доогуур, хүн өөрийгөө доромжилсон зарчмуудыг хэрэгжүүлж байна. Хувь хүний доройтлоос гэр бүлийн доройтол, гэр бүлийн доройтлоос нийгмийн доройтол руу явж байна. Эх эцэг, эцэг хүү, эх охин, эхнэр нөхрийн хоорон дахь халуун дулаан харьцаа алдагдаж, хууралт, хэрүүл, нууц амраг, архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн талбар болж хувирлаа. Манай нийгэм өөрөө маш том шорон адил боллоо.
Энд ёс суртахуун ярих хэцүү болж ирлээ. Энд зөвхөн хүчтэй нь хүчггүйгээ, зальтай нь зальгүйгээ, шударга бус нь шударга нэгнийгээ давах байгалийн хууль л үйлчилж, амьдрахын төлөөх тэмцэл л өрнөж байна.
Чадаж байгаа нь хулгай хий. Гэхдээ буруутгах хэрэггүй. Яагаад гэвэл чадаж байгаа юманд арга байхгүй. Чадахгүй бол өөртөө гомд. Чи арчаагүй учраас л амьдралаа авч явж чадаагүй. Чиний хохь. Үгүй дээ. Ийм байж таарахгүй. “Олон хүн сайнтай муутай,Уулын мод урттай богинтой” гэж бидний мэргэн өвөг дээдэс хэлсэн байдаг. Зарим хүнд боломж бага, заримд нь илүү. Зарим хүн чадваргүй, зарим нь чадвартай, Зарим хүн сэргэлэн, зарим хүн сэргэлэн биш. Зарим хүн зальтай, зарим хүн шударга. Тэгээд боломжтой, чадвартай, зальтай, сэргэлэн нь амьдар бусад нь хохь гэж хаяж орхих уу? Хэрэв ингэх юм бол төр байх хэрэггүй шүү дээ. Бүр ардчилал ярих шаардлага ч байхгүй.
Төр гэдэг дээрхи асуудлуудыг цэгцэлж бүх хүмүүсийг сайн сайхан амьдралаар амьдруулахын төлөө л байгуулагдсан хамтын байгууллага. Ардчилал гэдэг эцсийн эцэст ард түмний төлөө байгуулагдсан ард түмний төр гэсэн үг шүү дээ. Ард түмний төр бол хүмүүнлэг, шударга, сайн төр. Ард түмний төртэй нийгэмд цөөн хэдэн хүмүүс л нийгмийн баялгийг эзэмшин сайхан амьдрах биш харин аль болох л ард түмэн хамтаараа сайн сайхан амьдрах ёстой гэсэн зарчмыг барьдаг. Тиймээс ард түмний төр шударга ёс, эрх чөлөө, тэнцүү байдлыг эрхэмлэж хүн бүр бие биетэйгээ ахан дүүсийн сэтгэлээр харилцаж, хамтарч амьдрах нөхцлийг бүрдүүлэхийг чухалчилдаг.
Төрд шударга ёс алдагдаж, хариуцлагагүй байдал газар авч эхэлвэл нийгэмд шударга ёс алдагдаж, хариуцлагагүй байдал газар авна. Төрд хулгайч нар дүүрч, хулгайч төртэй болвол нийгэм хулгайчаар дүүрч, хулгай газар авна. Төрд завхайрагчид дүүрвэл нийгэм хэмжээ хязгааргүй завхайралд автагдана. Тиймээс л сайн төртэй улс үндэстэн л хөгждөг. Төргүй бол толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж, бүх зүйл замбараагүй болно гэсэн үг. Өнөөдөр Монгол яг л ийм төлөв байдалд орчихоод байна.
Нэгэнт л төр нь ард түмнийхээ төлөө биш тул хүмүүс бие биенийхээ төлөө биш зөвхөн өөрийгөө бодож байна. Товчоор хэлбэл амиа бодож, довоо шарлуулж байна. Нэгэнт л шүүхэд нь шудрага ёс алдагдсан учраас шудрага, үнэнчээр явбал хохирно гэх үзэл газар авлаа. Боловсролын тогтолцоо дампуурч, хүүхдийг хүмүүжүүлж, мэдлэг эзэмшүүлж чадахгүй байна. Шударга ёс гэж хаана ч байхгүй, үнэнээр явбал юунд ч хүрэхгүй хэмээн сургаж, суут хүн 100 жилд ганц л төрдөг хэмээн тархи угааж байна.
1990 онд хамтаараа бие биедээ тусалдаг байсан ард түмнийг нэг л өглөө босоход нь “одоо та нар өөрөө өөрсдийгөө бод, өөрөө өөрсдөө амьдралаа авч яв. Төр та нарт туслахгүй шүү. Бас төр та нарыг хамгаалахгүй”хэмээн зарлаж, “насанд хүрээгүй нялх хүүхдийг гэрээс нь хөөн гаргадаг шиг Монголчуудыг ардчилал, зах зээлийг ойлгоогүй байхад нь гудамжинд хөөн гаргасан. Сүүлийн 23 жил Монголчууд амьдрахын төлөө тэмцсэн. Олон ч Монгол хүн гудамжинд амьдралаа төгсгөсөн. Олон ч Монгол хүүхэд гудамжинд төрсөн, өссөн.
Яасан хатуу үе вэ? Социализм хатуу, хахирч хүмүүсээ гудамжинд амьдруулаагүй. Хаана байна тэр Үндсэн Хуулинд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм чинь. Магадгүй зайсангийн аманд, төрөөс төрсөн олигархиудын гэрт, ойр орчимд л биелэгдсэн байх. Харин ард түмний хувьд, Монголын нийгэмд хүмүүнлэг бус иргэдийн анархист нийгэм бий болчихожээ. Хүн уг чанар нь сайн төрдөг боловч, нийгэм хүнийг муу болгочихдог хэмээн том том философчид бичиж үлдээсэн байдаг. Монгол хүн хэзээч мууг биш харин сайныг бодож, сайныг л хүсэж байдаг ард түмэн. Тиймээс сайныг ярьж, сайныг үйлдэхийг чухалчилдаг сайн ард түмэн. Шударга, үнэнч, тууштай байдлыг чухалчилдаг ард түмэн. Худал, шударга бус байдлыг үзэн яддаг ард түмэн. Ийм ард түмнийг ямар болгосныг бид өнөөдөр харж байна.
Бид 23 жил төөрлөө. Өөрсдийгөө танихаа больтол төөрлөө. Хүн чанараа гээж төөрлөө. Бие биенээ хайрлахаа больтлоо төөрлөө. Төөрсөөр төрөлдөө гэдэг. Монголчууд бидэнд “амиа бодож, хувиа борлуулах” өөрийгөө бодсон амьдрал таарахгүй. Монгол хүн бусдын төлөө явдаг ард түмэн шүү. Ядарсан нэгнээ өрөвдөж энэрдэг хүмүүнлэг ард түмэн шүү. Бид эргээд хүн чанар, хайр, үнэнч чанараа олж авъя гэвэл хамтын ардчиллыг хөгжүүлж, хамтын зах зээлийн эдийн засгаар замнах ёстой. Улс төр нь хамтаараа гэсэн зарчмаар шийдвэрээ гаргаж, бүхий л баялгаа хамтаараа тэнцүү хувааж амьдрах зарчимтай болох ёстой. Энэ бол хамтын ардчилал. Эдийн засаг хамтаараа хөдөлмөрлөж, үр шимийг нь хамтаараа хүртэж, хамтаараа сайн сайхан амьдрах зарчимтай байх ёстой. Энэ бол хамтын зах зээлийн эдийн засаг. Хүн бүрийн нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэнэ. Энэ бол хамтын нийгэм-бидний амьдрал.
Монгол хүнийн онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэх учиртай. Монгол хүн уг чанараараа хамтач, хүмүүнлэг ард түмэн. Хамгийн гол нь энэ нийгэм хүмүүсийг аминч, хувиа бодогч болгож байна.
Судлаач: Б.Гансүх
Зочин · 2013/08/30
Uneheer unen heljee yamar mundag ve busaddaa ali boloh taraan tugegeerei
Зочин · 2013/08/30
Олж хэлжээ. Гоёо ярьсан хөрөнгөнд дурласан энэ олигархууд ТӨРИЙН мөнгө дууссан цагт л буух болно. Зовлон үзээгүй ард түмний хөгжлийн хурд удааааааааан гэж.