Оюутны 70 мянга хэнийг тэтгээд байна
2013/02/21
Оюутны гар дээр мөнгө олгох байдал хэр үр дүн, өгөөжтэй хэрэгжилт вэ.
Одоогийн Ерөнхийлөгчийн санаачилгаар олгогддог 70 мянган төгрөгийн тэтгэлэг оюутнуудын тэсэн ядан хүлээдэг хүлээлтийн эзэн. Ардчиллаар овоглодог залууст энэ мөнгө үнэхээр тус дэм болдог зөв шийдвэр.
Ирэх сонгуулиар дээрх мөнгийг 100 мянга болгож нэмнэ гэж амлавал хэнбугай ч сонгогдох бүрэн магадлалтай. Учир нь 200 мянган оюутан үр шимийг хүртэнэ. 70 мянга буух сургийг байнга хүлээдэг оюутнууд ядуу биш л баймаар.
Урьд цагт 70 мянган олгодоггүй байхад яаж болоод байсанг ойлгоод барамгүй. Өөрт нь олгож буй мөнгийг хэрхэн ашиглах нь эздийн дур. Гэхдээ баар, караоке пабууд мөнгө буусан үгүй юу л дүүрдэг. Тэр дундаа бааранд бол гол төлөв маш их хүн ихтэй болчихно. Эсвэл захын оюутны байрны гадаа хөглөрөх архи, пивоны шилнээс харахад л ойлгомжтой.
Аль аль нь л нэг л зүйлийг өгүүлнэ. Хэд хоногийн тансаглал эхэлдэг гэдгийг л харуулна. Тэгэхээр 70 мянга хэнийг тэтгээд байна гэвэл баар, пабууд. Шуудхан хэлэхэд оюутны гараар дамжуулж тэтгэгдэж байна гэсэн үг. Уулгаж суулгасныхаа хариуд тэд төлбөрөө нугалад авчихдаг л улс. Гал дээр тос нэмэх гэгчээр Э.Бат-Үүл дарга оюутнуудаар гол орлогоо олдог бааруудыг шөнийн 04.00 цаг хүртэл ажиллуулах санааг илэрхийлсэн. Ардчилсан залуучуудыг мөнгөөр дэмжсэн. Одоо түүнийг нь үрэх аргыг нь шийдэж өгөх нь.
Энэ ардчиллын бодлого үнэт зарчим бололтой. Сургалтын төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр олгож болохгүй гэж үү. Хэрэв ингэж өгвөл хувийн их дээд сургуулиудын төлбөр нэмэх асуудлыг тогтоож барих давуу тал байж магад. Гар дээр биш сургалтын төлбөр лүү тэтгэлгийг чиглүүлж болмоор. Үгүй гэвэл дараа жил төлбөр нэмэгдээд 70 мянгын тэтгэлэг буруу замаар орсоор байх шинжтэй.
Г.Золбоо