Монголын шилдэг зөн билэгтэн Тарваагийн Заманд гэхээр мэдэхгүй хүн ховор. Жинхэнэ чадалтай удганы эрдэм чадлыг биедээ цогцлоосон аугаа эмэгтэйтэй ирж буй усан могой жилийн төрх, бусад сонирхолтой зүйлсийн талаар яриа өрнүүлсэн юм.



-Монголын шилдэг зөн билэгтэн хатагтай маань ойрд яагаад чимээгүй болов?

-Ойрдоо зав муутай байна аа. Хавар тав, зургадугаар сард тариаландаа гарчихдаг. Ес, аравдугаар сард бригадаар явна. Тариагаа хурааж ирэхээрээ эрүүл мэндээ бодоод гадаад уруу явдаг. Өнгөрсөн жил гэхэд Швейцарь, Францыг зорьсон. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүддээ ээл буянаа хайрлаад, уулзсан бүхэндээ таван өнгийн хадаг, даллаганы уут өгсөн. Би явсан бүх орондоо буян хийдэг уламжлалтай юм.



-Уучлаарай. Таны багш Эрдэнэбат гэж их мундаг хүн байсан. Багш тань өнгөрсөн жил таалал болсон нь Танд ихээхэн хүнд цохилт болсон байх?

-Тэгэлгүй яахав. Миний багш одоогоос 11 жилийн өмнө Улаанбаатарт ирж байлаа. Бид хамтдаа Зайсан, Гандан, Туул гол дээр очиж гэгээн бүхнийг ярьж алхдаг сан. Багшийн маань хань Цэндээ гэж сайхан эмэгтэй бий. Тэр эгч маань уг нь над уруу огт ярьдаггүй юм. Гэтэл нэг өдөр над уруу залгаад “Цэндээ эгч нь байна. Би хот ороод чамтай уулзах гэтэл утас чинь холбогдохгүй, уулзаж чадалгүй ирлээ.

 

Чиний эмээгийн эрхи багшид чинь байсан юм. 42 жилийн өмнө танай эмээ манайд ирж хонохдоо эрхиэ багшид чинь өгөөд “Энэ эрхийг миний охиныг мундаг хүн болохоор нь өгөөрэй” гэж захисан. Одоо чамд өгье дөө” гэсэн юм. Энэ сайхан эрхиэр миний багш 42 жил буян хураасан гээд бодохоор сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Би маш их гэгэлзсэн.

 

Цэндээ эгч маань багшийн минь барьж байсан эрхийг шар тостой цөгцтэй, шүдэнз, хөвөнтэй, хэрэглэж байсан цаг тооны бичигтэй нь хамт сүү, цагаан идээ өгсөн дөө. Аугаа сайхан үг хэлээд өгөхөд өөрийн эрхгүй сөгдөж суугаад авсан. Эмээ ээж, мөн багшийн минь эрхийг надад өвлүүлж өгсөн Цэндээ эгчдээ би хязгааргүй их баярлаж, бэлгэшээж сууна. Энэ эрхиэр дамжиж миний хийсэн буян Цэндээ эгч болон тэдний үр хүүхдэд өвлөн үлдэнэ гэдэгт итгэл төгс байна /бор хүрэн өнгийн чамин эрхи, зандан бор эрхиэ ихэд хүндэтгэн үзүүлэв/.



-Энэ хүндтэй эрхинүүдээ Та хэрхэн ашигладаг вэ?

-Эгч нь өдий наслахдаа сайн, муу зүйл олныг үзлээ. Хүнд ямар буян хийх вэ, яавал буян тогтох вэ гэдгийг сайн мэднэ. Миний дүү Мягмарсүрэн эмээ ээжийнхээ эрхийг таниад сэтгэл их л хангалуун байна лээ. “Эмээгийн маань цэнхэр толгойтой эрхи яг мөн байна” гээд үнэрлээд уйлахад нь миний ч сэтгэл хөдлөөд өөрийн эрхгүй хоолой зангирч билээ.

 

Би энэ эрхийг авахдаа өөрөөрөө хамгийн их бахархсан. Найдвартай, буянтай хүний мутраар дамжин надад өвлөгдөн ирсэнд хязгааргүй баярлаж сууна даа. Олон сайхан хүүхэдтэй багш маань надад эрхинүүдээ өгсөн болохоор бурхандаа залж зул өргөөд сэтгэл хангалуун байна.



-Луу жил шувтарч могой жил мориллоо. Энэ жил ямархуу байна гэж Таны зөн билэгт мэдрэгдэв?

-Усан могой жил маш өгөөжтэй өнгөрнө. Хүмүүс идээ будаагаар элбэг байж, хангай дэлхий хур бороогоо харамгүй хайрлана. Үр хүүхэдгүй хүмүүст үрийн заяа ирнэ. Бие давхар болсон эмэгтэй хайрхан зүүдэлдэг нь цаанаа учиртай. Могой чинь лусын амьтан шүү дээ.



-Могой жилд төрсөн хүүхэд гоц авьяастай содон байх магадлал өндөр гэх юм?

-Үнэн, үнэн. Энэ жилд мэндэлсэн хүүхдүүд их гэгээлэг, оюун ухаан сайтай, адтай эрүүл чийрэг байна гэдгийг зөн совин минь хэллээ.



-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Монгол Улсын төрийн тэргүүнээр ямар хүн гарах бол?

-Сонгууль маш шударга болно. Монгол Улсын төрийн тэргүүнээр зөв шударга, хүнлэг хүн сонгогдоно. Ард түмэн маань гэгээн зөв сонголт хийж, хүмүүсийн амьдрал ахуй дээшилнэ. Төр маань төвшин байвал түмэн олон маань амгалан байх юм.



-Могой жилд хангай дэлхий өгөөжөө хэр хайрлах бол?

-Өгөөжтэй байлгүй яахав. Усан могой жилд гэрэл гэгээтэй сайхан болно. Могой бол байх газраа л байна, тэнгэртэй хүнтэй л таардаг. Тийм учраас могой жилийг их хүндэтгэх хэрэгтэй.



-Та бэлгэ дэмбэрлээ бодов уу, дандаа сайныг нь ярьж өглөө. Саар тал бий л байх. Зөн билэгт тань юу мэдрэгдэж байна?

-Хур бороо ихтэй, аянга цахилгаантай байх магадлалтай. Могой жилд харш жилтэй хүмүүс хар домын аргаар заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Бороо орсон аянгатай сард газар ухаж хөндөхийг цээрлэ. Энэ жилийн могой өдөр мал муулах, ан агнах, урсгал усанд юм угаах зэрэг муу үйл хийж болохгүйг сайтар анхаараарай.



-Танд хийж чадахгүй засал байдаггүй гэсэн?

-Эрдэнэсийн 41 чулуу маань бүх юмыг хэлээд өгдөг. Чулууныхаа хэлснийг засч аргаддаг хар домын арга надад бий. Тиймээс хийж чадахгүй засал алга гэж ам бардам хэлнэ. Харин саяхан Швейцарьт байхдаа нэг гэр бүлийн хоёр хүний заслыг хийж чадалгүй ирсэн.



-Яагаад?

-Тэдэнд хар домын аргаар засал хийх хэрэгтэй байсан. Гэтэл дээс, тэнгэрийн дүлий, сумны дарь, хамрын тамхи олдоогүй учраас хийх боломж бүрдээгүй.



-Мэргэний энэ олон чулууг хаанаас цуглуулсан бэ?

-Төрсөн нутаг, Тэсийн гол, Австри, Чех, Израйль, Герман, Польш зэрэг энерги шингэсэн газраас цуглуулсан. Миний 41 чулуу бүгд өөр, өөрийн онгодтой.



-Зарим чулуу элэгдээд хутганы ир шиг болчихож. Их удаж байгаа байна уу?

-Аргагүй дээ. Би энэ чулуугаар 40 орчим жил мэргэлж байна шүү дээ.



-Та хуураа татахдаа их л уярч байгаа харагдах юм?

-Хүн нас ахиад ирэхээр уярамтгай болдог юм байна. Хуур гэдэг чинь аливаа зүйлийг аргадаж, зөөллөж, сайн энерги татдаг. Одоо миний хуур татах цаг ирсэн.



-Сүүлийн үед бөө олноороо гарах боллоо. Үнэн, худлыг нь яаж мэдэх билээ?

-Би ярилцлага болгондоо бурхны нэрийг барьж бизнес хийж байгаа хүмүүсийг буруутгадаг. Хүнийг “уг барь” гэж баахан мөнгийг нь авчихаад сүүлд нь утсаа хаагаад алга болох, орон байраа солих, эсвэл дахин дахин мөнгө нэхэж нөгөө хүмүүсээ хүнд байдалд оруулж эзэнгүй орхидог тал байна.

Нөгөө хүмүүс нь яах ч учраа олохгүй над дээр ирээд юмаа хаячихаад яваад өгдөг. Эсвэл тахилгатай хайрхан дээр цохиур, хэнгэргээ тавьчихна. Үнэн бөө бол аяндаа бүх юм нь ойлгомжтой болдог. Тэнгэрээс онгод нь ороод бүх зүйлийг заагаад өгдөг юм шүү дээ.



-Та “Зөн билгийн тулаан” нэг, хоёрт ялж Монголын сүсэгтэн олныг бишрүүлж чадсан. Хоосон магтаал энд хэрэггүй байх. Тэр үеийг эргэн дурсвал?

-Мэдээж сайхан байлгүй яахав. Одоо бодоход зарим зүйлийг дутуу хэлсэн санагдана. Гэхдээ шилдэг найман хүнээс хоёр нь ирээгүй. Үлдсэн хүмүүсээс шилдэг нь би байж чадсан шүү.



-Таныг харахад их ууртай байх гэж сүрдмээр. Гэвч яриа өрнүүлэхэд сэтгэл татагдмаар юм?

-Хүмүүс ч тэгж хэлдэг л юм. Тантай уулзаад байхаар салж чадахгүй нь гэдэг. Би чинь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, нийтэч хүн шүү дээ. Ямар сайндаа л тариачин болох вэ дээ. Би ууртай, ааштай. Гэхдээ цайлган. Далайсан ч гэсэн буулт нь зөөлөн дөө. Хүмүүс танайх дулаахан энергитэй юм гэдэг. Би орсон гарсанд дуутай, цайтай л явдаг.



-Таны залуу насыг такси баазгүйгээр төсөөлөхийн аргагүй. Залуу халуун насаа эргэн дурсахад сайхан байх болов уу?

-Би такси баазад 10 гаруй жил жолооч хийсэн. Миний амьдралыг энэ байгууллагагүйгээр төсөөлөхийн аргагүй. Манай хамт олон их хийморилог. Яагаад гэвэл өглөө таван цагт босдог. Шөнө хоёр, гурван цагт ч гэртээ ирэх үе ч бий. Эрт босдог хүний хүүхэд сэргэг, оюунлаг төрдөг. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн.



-“Киви” хамтлагийн ахлагч Ука охиноо хэлэх гээд байна уу?

-Ганц Ука биш олон хүний хүүхэд цовоо, сэргэлэн төрсөн.



-Хүмүүс олны танил хүний амьдралыг их сонирхдог. Та төдийгүй таны гэр бүл яах аргагүй олны танил. Гурван жилийн өмнө таныг “Авьяаслаг, билэгт хатан, академич эмэгтэй” шагнал авахад охин тань “Би ээждээ анх удаа баяр хүргэж дуугаа зориулж байна” гээд хамтлагаараа дуулаад ээждээ үнсүүлж байсан. Энэ агшныг харсан хэний ч сэтгэл хөдөлмөөр байсан шүү?

-Тийм ээ. Охин минь өөрийнхөө чадал, авьяас билгээр л өдий зэрэгтэй яваа. Ээж, охин хоёр уулзах нь ховор шүү дээ. Заримдаа хоёулаа өөр өөр тийш нисч байх жишээтэй. Хөөрхий муу охин минь одоо ч гэсэн надад нялхаараа.



-Олимпийн аварга Э.Бадар- Ууган Таны хүүгийн дотны найз гэсэн?

-Тийм ээ. Угаасаа дунд сургуулийн нэг ангийн найзууд. Орж гараад явж л байдаг. Найзууд ямар байдаг билээ, яг л тийм. Би олимпийн аварга, энгийн найз гэж ялгаж яримааргүй байна. Үзэл бодлоороо нөхөрлөдөг болохоос цол хэргэмээр найзалдаггүй байх л даа.



-Та нутгийнхаа Тунамал нууранд өвөл орж ариусдаг гэсэн. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очив?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Австрид байдаг том охиндоо нутгаа үзүүлээд хамт гурван удаа орж ариуссан. Миний нутаг сэтгэл татсан газар. Монголын Швейцарь, хоймор нутаг Хөвсгөлийн охин болж төрснөөрөө бардамхан алхдаг шүү /инээв/.



-Танай гэр номын өргөө шиг юм аа. Хэн ч харсан сүрдмээр. Бурхад шүтээний талаар мэдлэг хомс болохоор хамаагүй асууж зүрхлэхгүй юм?

-Бурхад шүтээн, онгод тэнгэр гэдэг маань хүний дээдийн дээд шүтээн. Би онгод шүтээн, бурхан тахил, галынхаа бурханд ариун дээд бүхнийг өргөж, мөргөж залбирч явдаг. Өнөөдөр хүн бурхан шүтээн, онгод тэнгэр гэж хэлчихээд түүндээ сүсэглэж, ариун байлгаж чадалгүй сэвтүүлээд хилэгнүүлчихгүй бол юунд ч дийлдэхгүй шүү дээ.



-Хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг яаж мэдрээд байна?

-Хүнийг хараад л хэлнэ дээ. Бас чулуу, онгод тэнгэрээсээ асууна. Би өдөр болгон онгод оруулж начигнуулдаггүй. Сард нэг, хоёр удаа л буудаг. Ингэж буухдаа ёстой нэг хэлнэ дээ. Халаасанд байгаа юмыг нь хүртэл хэлнэ шүү дээ. Би нэг ч удаа алдаж хэлж байгаагүй. Засал хийх боломжтой атлаа тухайн хүнийг бурхан сахиус нь хэрхэн хүлээж авахыг хүлээх үе гарна. “Царайтай төрөхөөр заяатай төр” гэдэг үг ч ортой шүү.



-Танд тэнгэрийн хүн гэдгийг батлах олон шалтгаан байна. Тухайлбал, Таны мэнгэ маш их анхаарал татлаа?

-Чиний хэлж байгаа тэнгэрийн хүн гэдэг сайхан л үг байна. Мэдрэмжтэй, нүдтэй хүн мэднэ. Дээр үед хүн тулгын гурван чулуугаар бадамлана гэж ярьдаг байсан гэдэг. Зул бадамлаад жаргавал ямар их буянтай юм бэ гэдэг. Миний баруун, зүүн мөр, дээд уруул дээр байгаа мэнгийг бурхнаас надад хайрласан нь учиртай шүү.



-Танаас олон хүн аврал гуйж ирдэг. Ихэвчлэн ямар асуудлаар хандаж байх юм?

-Асуудалгүй амьдралтай хүн алга. Эд мөнгөөр элбэг байлаа гэхэд үр хүүхэд нь тогтохгүй ч юм уу, янз бүрийн согогтой хүүхдүүд төрөх жишээтэй. Эмэгтэй хүн байлаа гэхэд хань ижил нь архи уугаад алга болчихно. Виз бүтэхгүй, мал, бурхан шүтээнээ алдлаа гээд л янз бүрийн л асуудал бий. Хамгийн хүнд нь газар лусын хорлол, үхээрийн бузар, архи сархадын дэв, идээ будааны бузар, буруу сахиусны хорлол байдаг.



-Энэ бүхнийг ч гэсэн Та аргална биз дээ?

-Хар домын аргаар дангинуулаад өгнө дөө.



-Юу гэсэн үг вэ?

-Газар лусын хорлол бол тэнгэр бурхныг нь аргадаад лусыг нь тахиад өгнө. Үхээрийн бузрыг олон аргаар янзална. Энэ бүхнийг яривал хугацаа их орно.



-Шинийн 1-нийг хэрхэн угтсанаас тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог гэдэг. Үнэн үү?

-Шинийн 1-ний цайны өнгөөс л бүх зүйл тодорхой харагдана шүү дээ. Хүмүүсийг шинийн 1-нд зургаа авахуулчихаад сайн аж гэж хэлье. Тэр зураг санаанд нь хүрсэн бол жилийн өнгө тийм л байна. Зурган дээр сайхан гардаг хүн сайн явдаг юм даа.



-Та гандангийн лам нарт өөрийгөө үзүүлдэг үү?

-Тийм ээ. Би үзүүлж ном уншуулж шүтэж биширдэг. Тэд ч намайг таньдаг.



-Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Бүх хүн эрүүл энх байгаасай. Миний Монголын ард түмний идээ будаа нь элбэг дэлбэг, эд мөнгө нь арвижих болтугай гэж ерөөе. Сүсэгтэн олон маань хүнд хүндлүүлж тэнгэрт тэтгүүлж яваарай.



Б.Анхцэцэг