Төр татвар авахдаа ялгадаггүй атлаа таван хувиар алагчилж болохгүй
2016/03/24
Засгийн газраас саяхан баталсан орон сууцны зээлийн хүүг наймаас таван хувь болгосон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж хуульч О.Батхүү үзэж байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн цалингаас суутгасан хөрөнгийг эргэн хуваарилахдаа иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаад тэрбээр шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.
-Ипотекийн зээлийн журам ямар учраас Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болсон гэж та үзэв?
-Засгийн газар таван хувийн зээлийн хүүг батлахдаа иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Нийт татвар төлөгчдийн 60-70 хувь нь нийслэлд, тэр дундаа төвийн зургаан дүүрэгт ажиллаж, амьдардаг. Гэтэл орон сууцны зээлийн хүүг таван хувьд шилжүүлэхдээ шууд утгаараа алагчилсан шийдвэр гаргалаа. Энэ зээлийн хүүг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас буюу өнөөдөр ажил хийж байгаа иргэдийн татвараас бүрдүүлж байгаа. Хүмүүсийг нас хүйс, хөгшин залуугаар нь ялгаварлалгүй татвараа авч, нөөц бүрдүүлж байгаа атлаа зөвхөн хөдөө орон нутгийн болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийг таван хувиар орон сууцандаа ор гэж байгаа нь буруу. Энэ бол төр иргэдээ илтэд алагчилсан шийдвэр. Зөвхөн таван хувийн зээлээс гадна орон нутгийн малчдад Засгийн газрын зүгээс маш олон төрлийн хөнгөлөлт туслалцаа үзүүлдэг. Тухайлбал, хөдөөгийн иргэдийн бизнесийг дэмжсэн бүх төрлийн зээл олгодог. Ингэхдээ хүү нь нийслэлийнхний авч байгаа зээлээс харьцангуй бага байх жишээтэй. Малчид малын хөлийн татварыг ч хөнгөлөлттэй үнээр төлдөг. Гэтэл нийслэлд амьдарч байгаагаар нь иргэдээ яагаад торгоод байгаа юм бэ. Нийслэл тэр дундаа төвийн зургаан дүүрэгт ажиллаж, амьдардаг иргэд ажиллах гол хүчийг бүрдүүлдгээс гадна маш их хэмжээний татвар төлдөг. Бараг жилд хурааж авах татварын талаас илүү хувийг бүрдүүлж байгаа. Гэтэл тэдэнд ямар ч хөнгөлөлт байхгүй байна. Энэ нь улсад орон нутгийн иргэд нь илүү чухал, тэд л төрийн хайр хишгийг хүртэх ёстой. Харин нийслэлийн тэр дундаа төвийн зургаан дүүргийн иргэдийг төрийн хайр халамжаас гадуур зүтгээд бай гэж байгаатай адилхан үйлдэл боллоо.
-Энэ шийдвэр оршин суугчдын ямар эрхэд халдсан гэж үзэж байгаа вэ?
-Үндсэн хуульд хүнийг нийгмийн гарал үүслээр нь ялгаварлахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүр тэгш эрхтэй. Малчид нь хөнгөлөлттэй зээл авдаг байхад барилгачид нь хөнгөлөлт эдэлдэггүй. Алслагдсан гурван дүүргийн иргэд орон сууцаа таван хувийн хүүтэй авна. Харин төвийн зургаан дүүргийнхэн найман хувиар ав гэж байна шүү дээ. Засгийн газар шийдвэр гаргахдаа иргэдээ алагчлах ёсгүй. Улсдаа бүгд адилхан татвар төлж байгаа атлаа хөнгөлөлт, урамшуулал эдлэхдээ ялгаварлуулж болохгүй гэж үзээд байгаа юм. Тиймээс орон сууцны зээлийн хүүг таван хувь болгосноо нэн даруй өөрчилж хүн бүрт тэгш хүртээгээч гэж хүсч байгаагаа энэ дашрамд хэлье. Орон нутгийнхан бага хүү, хотын төвийн дүүргийнхэн өндөр хүү төлдөг байж болохгүй. Бүгд Монгол Улсын иргэн учраас төр, засаг бүгдэд ижил тэгш үйлчлэх ёстой.
-Эдийн засаг таван хувийн зээлийн ачааллыг даах эсэхийг та хэрхэн харж байна вэ. Түр зуурын ажил боллоо гэх шүүмжлэл их байгаатай та санал нийлэх үү?
-Эрх баригчдын гаргасан энэ шийдвэр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн. Харин энэ зээлийн хүүг бууруулсан нь цаанаа хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудал дагуулж таарна. Гэтэл үүнийг төр, засаг яаж шийдэх гэж байгаа нь тодорхойгүй. Тооцоо судалгаа багатайгаар энэ шийдвэрийг гаргалаа гэдэг шүүмжлэлтэй би санал нийлж байгаа. Найман хувийг тав руу шилжүүллээ л гэсэн болохоос цаашид ямар эх үүсвэрээр хэр удаан хугацаанд энэ зээлийг иргэдэд олгох талаар тодорхой тооцоо судалгаа ярихгүй байгаа шүү дээ.
-АН-ынхан эрх барих хугацаандаа иргэдийн тулгамдсан асуудлаар шоу хийж, орон сууцны зээлийн хүүг наймаас таван хувьд шилжүүлсэн. Үүний нэг баталгаа нь энэ шийдвэрээ хэсэгчилж гаргасан явдал гэх шүүмжлэл бий. Таныг хэн нэгний захиалгаар ийм зүйл ярьж байна гэж хардах хүн байж болох юм?
-Надтай санал нэгтэй хуульч цөөнгүй бий. Бид төр, засгаас гаргаж байгаа шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг хянадаг. Өөрөөр хэлбэл, төрөөс гаргаж байгаа шийдвэр Монгол Улсын иргэний эрхэд халдсан эсэхийг хянаж, гаргаж тавьдаг. Энэ хүрээндээ л би хуульчийнхаа үүргийг гүйцэтгэж, иргэдийн эрх ашгийг хөндсөн энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Миний Цэцэд хандаж байгааг хэн нэгний захиалга эсвэл сонгуульд хамаатай шоу гэж ойлгож огтхон ч болохгүй.
-Таны өргөдөл бэлэн болчихсон уу. Цэцэд өргөдлөө хэзээ өгөх вэ?
-Өргөдлөө бичээд бэлэн болгосон. Энэ долоо хоногтоо багтаагаад Үндсэн хуулийн Цэцэд аваачиж өгнө.
-Эдийн засгийн хүндрэлээс болж олон компани дампуурлаа зарлахад хүрсэн талаар та ярьж байсан. Эдийн засаг ийм хүнд байгаа үед таван хувийн зээл цаашид үргэлжлэх боломжтой юу?
-Нэгдүгээрт, орон сууцны зээл бол хамгийн найдвартай нь байдаг. Би банкинд ажиллаж байсан. Тэгэхээр орон сууцны зээл хэзээ ч эрсдэлд ордоггүй. Гаднаас бага хүүтэй эх үүсвэр татвал энэ зээлийн насыг урт байлгах бүрэн бололцоотой. Харин банкуудын хувьд дотоодын эх үүсвэрээр энэ зээлийг шийдэхэд хүндрэлтэй л дээ. Яагаад гэхээр банкууд 13 хувийн хүүтэй мөнгийг гаднаас татаж байгаа. Гэтэл үүнийгээ таван хувиар зээлнэ гэхээр ашиггүй байгаа биз дээ. Тиймээс энэ зээлийг гаднын хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой гэж харж байгаа. Эсвэл бидний сар бүрийн цалингаас нийгмийн даатгалд хураан авдаг мөнгийг таван хувийн зээлд зарцуулахад ямар ч асуудалгүй байх нэг хувилбар бий.
-Орон сууцны зээлийн хүүг бууруулах талаар Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг болсон. Энэ үед банкуудын холбооны зүгээс найман хувийг тав руу шилжүүлэх ямар ч боломжгүй. Энэ бол банкуудаа татаж унагах гэсэн оролдлого гэж ярьж байсан. Гэтэл гурав хоногийн дараа Засгийн газраас шийдвэр гаргасан нь сонгуульд зориулсан ажил болчихов уу гэх хар төрүүллээ?
-Надад ч гэсэн ийм хардлага төрөөд байгаа. Яагаад гэхээр эрх баригчид буюу АН-ыхан орон нутгийн иргэд ипотекийн зээлээ таван хувиар ав гэж байгаа атлаа нийслэлийн төвийн зургаан дүүргийг сонгуулийн дараа шийднэ гээд байгаа юм. Эсвэл бүр оны өмнө шийднэ ч гэж ярьж байна лээ. Өөрөөр хэлбэл, бараг биднийг, манай намыг сонговол энэ зээлийг нийтэд олгоно гэсэн агуулгатай зүйл яриад байгаа шүү дээ. Улс төр талаасаа ийм. Харин энэ зээлийг явуулахын тулд мэдээж эх үүсвэр хэрэгтэй. Нэгэнт ам гарчихсан учраас эх үүсвэрээ олж ирэх нь Засгийн газрын үүрэг гэдгийг эрх баригчид ухамсарлаж байгаа гэж найдъя.
-Ирэх сонгуульд АН 50-аас дээш суудал авбал таван хувийн зээлийг үргэлжлүүлнэ гэх агуулгатай мессежийг явуулсан. Энэ нь нэг талаас иргэдийг барьцаалж, шантаажилсан үйлдэл юм биш үү?
-Энэ бол нэг талаас сонгуулийн амлалт ч байж болно. Уг нь энэ шийдвэрийг цааш нь удаан хугацаанд, иргэдээ ялгаварлалгүй олгох л хэрэгтэй.
М.ӨНӨРЖАРГАЛ
tseren · 2016/03/25
Tiimee yg vnen bvgdiig ni 5huw bolgohgvi bol AH d sanalaa bitgii ugtsguuguurei
Зочин · 2016/03/24
mash zuv asuudal baina . demjij baina
Зочин · 2016/03/24
Taniig demjij bn zub asuudal hundjee
гадуурхагдсан ... · 2016/03/24
ёстой загатнасан газар майжлаадаа. энэ асуудлыг сөхөх гэж бэлдэж байгаа олон хүн бий. би 25 жил татвар төлсөн. тэтгэвэрт гарах дөхөж байгаа. гэхдээ л 5 % -д хамрагдмаар л байна. Гэтэл 5%-с гадуурхагдсан монгол иргэн.
Зочин · 2016/03/24
yag zov. bid tatvar tolj niigmiin neg heseg davhargiig tejeej baigaa. bas boloogui bidnii munguur zasag toriihon tansaglaj baina. getel ergeed bidniig ingej alag uzeh yamar zorilgo baina. AN songuuliin baritsaand uldeechih shig bolloo. anh Z.Enkhbold chiny kavdrat metriin hyazgaariig choloolj, baga huvi ruu shiljuulehiig zovshooroh bolno gej ireed heden TV-eer ch garav daa. tegehdee ene huuraltaa yarihgui yasan yum be. ajil am 2 ni zorj baidag.novsh yum daa.
demjij bna · 2016/03/24
yag ynen tiim l iym bol tatvaraa tuluhduu bid bas yalgavartai handiil daa mash zuv sanal bna yndsen huuliin tsetsed urgulduu uguurei BATKHYY-g demjij bna shooo 5 huvi bolvol heregtei l bna sh dee bas 60.000-100,000 gaad myangan tugrug hasagdana gesen yg
ocir · 2016/03/24
tatvar tuluhduu 3% baga tulii