Эрдэс баялгийн салбар нь 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг үйлдвэрлэж Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж байна. Тэгвэл Монгол улсын хувь заяанд нөлөөлөх салбарт томоохон байр суурь эзэлдэг газар бол яах аргагүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар. Г.Алтансүхээр ахлуулсан энэ байгууллага өнөөдөр хэн нэгний төлөө биш нийтийн төлөө зүтгэх ёстой ч тэргүүн нь хувь хувьсгалаа ялгаж чадахгүй байгаа бололтой Н.Номтойбаярын “утсан хүүхэлдэй” гэсэн хардлага төрүүлэхээр үйлдэл цөөнгүй хийжээ. Өөрөөр хэлбэл “МАК” ХХК-ийн эрх ашгийн төлөө албан тушаалаа ашиглан зүтгэж, зэвүү дургүйг нь хүргэсэн ажлаа хуулийн дагуу хийж байгаа албан тушаалтан, албан хаагчийг АТГ болон хууль хяналтын байгууллагад өгч, цаг хожин, өөртэй нь арсалдаад хэрэггүйг мэдрүүлдэг байна. Ингээд “МАК” ХХК-ийн төлөө ажилласан байж болох нэгэн ноцтой үйлдлийг хураангуйлан хүргэе.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” хэмээх нүүрсний орд газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар “МАК” ХХК ашиглаж байсан бөгөөд ашиглалтын хугацаа дууссан тул орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн байх юм. Улмаар уг газрыг ашиглахаар “Өсөх Зоос” хэмээх 2009 онд байгуулагдсан ХХК төр захиргааны байгууллагаас хуулийн дагуу 1313.41 га талбайг авсан байна. “Өсөх зоос” ХХК Банкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар барьцаанд тавин “Голомт” банкаас зургаан сая ам.долларын зээл авч, 3 сая ам.доллараар хайгуулын ажил хийж, нөөц тогтоосноо Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгаажуулан АМГ-т хүлээлгэн өгч, улсын нөөцөд бүртгүүлэх тухай АМГ-ын даргын 614-р тушаал гарган баталгаажуулсан байна. Ингээд олборлолт хийх ажлаа хуулийн дагуу эхлэх гэж байтал “МАК” ХХК 2010 оны 7-р сарын 4-ны өдөр шүүхэд нүүрсний орд бүхий тус газар нь “Өсөх зоос”-ын бус манайх гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан байна. Уг нь хуулийн дагуу орон нутгийн хэрэгцээт газрыг буцаан өгснөөс нэг сарын дотор дахин эзэмших хүсэлтийг орон нутгийн захиргаанд гаргадаг бөгөөд ийм хүсэлт гаргаагүй бол тухайн газар нь хүсэлт тавьсан өөр байгууллагаынх болдог ажээ. Улмаар энэ хэргээр Захиргааны хэргийн шүүх хурлууд шат шатандаа явагдаж “МАК” ХХК-ын эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөөгүй, тус газрыг эзэмших давуу эрх эдлэх боломжоо алдсан зэргийг тогтоож байсан юм. Эцсийн шатны буюу Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 83-р тогтоол 2012 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр гарсан байна.

83-р тогтоолд заасан хуулийн заалтууд: Газрын тухай хууль долоодугаар бүлэг, 61 дүгээр зүйл. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох:61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.

Ашигт малтмалын тухай хууль, гуравдугаар бүлэг, 19 дүгээр зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх, 19.2.5.: Хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах. Ашигт малтмалын тухай хууль, гуравдугаар бүлэг, 19 дүгээр зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх 19.6.: Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

Энэхүү тогтоол гарснаар “МАК” ХХК тус газрыг өөрсдөө эзэших боломжгүй болж байгаа юм. Харин энэхүү тогтоолыг “МАК” ХХК үл зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гарган бүх шүүгчдийн хурлаар оруулахыг хүссэн бөгөөд Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзсан болохыг 2012.08.20-ны өдөр мэдэгдэж энэ хэргийг эцэслэн шийдврлэсэн байна.

 

 Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.5, 19.6-г баримтлан “Өсөх зоос” ХХК-ны авсан талбай нь МАК-ийн орон нутгаас авсан газар эзэмших гэрчилгээтэй давхцсан байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон ба “Өсөх зоос” ХХК давхцаагүй хэсэгт нь хайгуул хийж, нөөц тогтоосон талбайг эзэмших болоцоог нь олгосон байна. Үүний улмаас 1313.41 га талбайг авсан байсан талбайн хэмжээ багассан юм. Гэсэн ч  “Өсөх зоос” ХХК нь хайгуул хийж нөөц тогтоосон газар нь МАК-ийн ямар нэг газрын гэрээ, гэрчилгээтэй давхцаагүй болохыг тогтоолгож шинжээчийн дүгнэлт гаргуулан баталгаажуулсан аж. Үүнтэй холбоотойгоор нөөц хүлээн авч бүртгэх тухай АМГ-ны дарга Г.Алтансүх тушаал гаргасан юм.

Гэвч энэ тушаал ажил хэрэг болохгүй чирэгдэл болж байсан тул нарийвчилсан хайгуул хийж, нөөц тогтоосон газрыг “Өсөх зоос” ХХК-д олгох агуулга бүхий өргөдлийг Захиргааны хэргийн шүүхэд хандан, тус ХХК гомдол гаргасан байна. Шүүх хэргийг хянан үзээд АМГ-аас тайлбар шаардсан боловч хууль ёсны үндэслэлтэй тайлбар өгөлгүй шүүхийг үл хүндэтгэх байдал гаргасан юм. Тиймээс шүүхээс энэ оны 4-р сарын 11-ны өдөр дахин хариу тайлбар шаардсан ба “Өсөх зоос” ХХК-ны нэхэмжлэлийг зөвшөрч байгаа эсэх, зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг гарган, нотлох баримтаар ирүүлэхийг үүрэг болгосон.

Энэхүү албан бичгийн хариу долоо хоногийн дараа буюу 2013.04.18-ны өдөр АМГ-аас тайлбарыг НЗХШ-д ирүүлжээ. Уг тайлбарын агуулга нь “Өсөх зоос ” ХХК-ны шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн байжээ.

 

Улмаар 2013.04.23-ны өдрийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 172 тоот дараах захирамжийг гаргасан байна.

 

172 тоот захирамжтай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 1027 тоот захирамж гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэсэн юм.

 

 

Өөрөөр хэлбэл “МАК” ХХК өөрсдийнх нь эзэмшиж байсан газрыг өөр байгууллага хуулийн дагуу авсанд дургүйлхэн дөрвөн жилийн турш янз бүрийн шалтагаар шүүхэд өргөдөл гарган маргаан хийсээр байгаа юм. Тус компанийн увиагүй гэж хэлж болох энэ үйлдлийн улмаас гэмгүй олон иргэн, аж ахуйн нэгж, АМГ-ын ажилтнууд хохироод байна. Тодруулбал энэ хэрэг хэдийгээр дөрвөн жилийн турш 80 гаруй удаа янз бүрийн агуулга бүхий өргөдөл гаргаж хэлбэрээр заргалдсан ч  хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, үнэн тогтоогдсон юм. Үүний улмаас “Өсөх зоос” ХХК зээлсэн ам.долларынхаа хүүг төлөхөд болон үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэлтэй болоод байгаа  юм. Тус компаниас гадна хуулийн дагуу ажлаа хийж байсан АМГ-ын нэр бүхий хүмүүс хохирч байна. Тэдний хохирч байгаа шалтгаан нь АМГ-ын дарга Г.Алтансүхийн зэвүү дургүйг зэрэг хүргэснээс үүдэлтэй ажээ. Тодруулбал хүчин төгөлдөр бүхий шүүхийн шийдврийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгэсэн хүнийг хууль зөрчсөн хэмээн АТГ-т өгсөн байна. Ингэхдээ “Өсөх зоос” ХХК-д олгосон Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх үндэслэлээр АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч н.Чинбаатар, тус хэлтсийн хуулийн дарга С.Дашдаржаа нарыг АТГ-т шалгуулан, өнөөдөр эргүүгийн хэрэг үүсгэн байцааж байна. Шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу, ажил үүргийнхээ хуваарийн дагуу биелүүлснийхээ төлөө даргадаа сэрдэгдэж АТГ-т байцаагдана гэдэг нь хүнийг сэтгэл зүйн хүнд дарамтад оруулж байгаа хэрэг юм.

Эндээс дараах хардлага гэмээр зүйл урган гарч ирж байгаа юм. Юуны өмнө энэхүү хардлага, нийтлэлээр албан тушаалтан, байгууллагын нэр төрд халдах зорилго агуулаагүйг онцлон тэмдэглэх нь зүйтэй биз. Дээр дурьдсан үйлдлийн захиалагч нь “МАК” ХХК ба энэ үйл хэрэгт идэвхийлэн оролцож байгаа хүн нь АМГ-ын дарга Г.Алтансүх болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл “МАК” ХХК өөрийн болгох гэж байсан газраа шүүхдээд авч чадаагүй болохоор “Өсөх зоос” ХХК-д өс санан тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулахаар улайран хөөцөлдөн, үүндээ эрх мэдэл, хөрөнгө мөнгөө ашиглан хууль, хүчний байгууллагуудыг татан оролцуулж байна. Ингэхдээ өөрийн хамтран зүтгэгч асан Г.Алтансүхийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Г.Алтансүх өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан бөгөөд тус газарт орохоосоо өмнө “МАК” ХХК-ны гадаад харилцааны хэлтэст ажиллаж байсныг эх сурвалжууд гэрчилдэг. Улмаар АНУ руу явсан бөгөөд эргэн ирээд АМГ-ын даргын албан тушаалд томилогдсон ажээ.

Иргэн Г.Алтансүх гэгч хэн бэ?

Галсангийн Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцааны магистр. Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Г.Алтансүх төрийн албанд 26 жил ажиллаж байгаа. Энэ бол түүний албан ёсны намтар. Харин энэ намтарт МАК-т ажиллаж байсан гэдгийг огт дурьдаагүй байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамт ТЕГ болон МАК-т хамт ажиллаж байсан бөгөөд итгэлтэй анд гэхэд болно. Удахгүй засаг төр солигдоход “МАК”-т эргэн орно гэдгийг ойр дотны хүмүүс хаа нэг ярьдаг.

“Цагаан өвөлжөө” ХХК-ийн нотой үйлдэлд гар бие оролцож, тэднийг цээжээрээ хамгаалсан гэдгийг учир мэдэх улс ярьж байсан удаатай. Түүний эхнэр н.Мөнхтуяа саяхан Дээд шүүхий шүүгчээр томилогдсон.

 “МАК” ХХКомпанийн тухайд:

 Монголын уул уурхайн салбартаа акулын тоонд ордог гэдгийг уншигч та бүхэн мэдэх бизээ. Өнөөдөр олон нийтэд зөвхөн ил мэдэгдээд байгаа ашиглалтын 18, хайгуулын 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Стратегийн ангилалд хамаарах Нарийн сухайтын нүүрсний уурхай, Элдэвийн нүүрсний уурхай, Цагаан суваргын зэс молибдены орд, Адуунчулууны нүүрс, Говь-Алтай аймгийн Цахиртын газрын ховор элементийн орд зэрэг хэдэн үеэрээ идээд ч барахгүй их баялаг бүхий ордыг ганцхан энэ компани эзэмшдэг. Зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд долоон ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тэр нь 500 орчим сая тоннын нөөцтэй. Хичнээн орлого олох боломжтойг зөвхөн 2011 оны тоон баримтаар нь тайлбарлахыг хичээе. 2011 онд “МАК” ХХК 5.5 сая тонн нүүрс олборлож тухайн үеийн зах зээлийн ханшаар 550 сая ам.долларын орлого олсон байгаа юм. Тэгэхээр 500 орчим сая тонн нүүрсний ашгийг уншигч та хичнээн их хэмжээний ам.доллар болохыг багцаагаар бодсон бизэ.

Саяхан л гэхэд Европийн сэргээн босголтын банкаас 12 тусгай зөвшөрлөө барьцаанд тавьж 417 сая ам.доллар зээлсэн байна. Монгол төгрөгөнд хөрвүүлбэл маш олон тоотой асар их хэмжээний мөнгө болно. Харин энэ мөнгийг тус компани юунд хэрхэн зарцуулдаг нь нууц бөгөөд үүнийг нь шалгах байгуллага өнөөдөр байдаггүй гэхэд болно.

Дүгнэлт: Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч лиценз олголтыг зогсоосон ч лицензтэй холбоотой маргаан гарсаар байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь “МАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тус компани Монгол улсыг “МАК” ХХК болгох бодлого баримтлан, өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьж бусдыг хохироон эрх мэдлээ ашиглаж байгаа юм. Өчнөөн олон үеэрээ идээд ч дуусахааргүй хур их хөрөнгөтэй гэж хэлж болох энэ компани өнөөдөр бусдын лиценз, орд газрыг булаан авахын төлөө шүүх, хууль хяналтын байгууллагаар залхаан, АМГ-ын дарга танилынхаа сүрийг үзүүлэн байж ордуудыг зөвхөн өөрсдөө эзэмшихийн төлөө ажиллаж байна.

Уг нь Монгол улсын Үндсэн хуулинд газрын баялаг ард түмний өмч байнагэсэн заалт энэ тохиолдолд хөндөгдөж, цөөнгүй иргэн хохирч байгааг энэ нийтлэлээрээ хүргэхийг хичээлээ.

Өнөөдөр бусдын эзэмшил газрыг булаахаар санаархаж байгаа Н.Номтойбаяр, Г.Алтансүх тэргүүтэй нөхдийн энэхүү увайгүй үйлдэлд анхаарал хандуулан олон гэр бүл, албан байгуллага хохироос сэргийлэх цаг болсныг дуулгая, сэрэмжлүүлье, анхааруулъя. Бусдын лицензийг өөрийн болгох гэж, бүтэхгүй  бол  уг лицензийг хүчингүй болгох гэж ингэж улайран дайрч байгаа нь нэг төлөөс Ерөнхийлөгчийн хориг цуцлагдсны дараагаар тэдгээрийг өөрийн болгох гэсэн далд явуулга ч байж болох юм.

Нөгөө талаас ТЕГ-т ажиллаж байсан “нөхдүүд” л Монгол улсын хаана, хичнээн хэмжээний баялаг байгааг л мэддэг. Өөрөөр хэлбэл хуучин ЗХУ-ын үед судлаад, манай талд хүлээлгэн өгсөн бөгөөд тэрхүү мэдээлэл нь одоо ТЕГ-т байдаг ажээ.

Эндээс Н.Номтойбаярын далд санаа, гар хөл бологчдын цаашдын үг үйлдэл ил болоод ирж байгаа юм. Тэдний энэхүү далд санаагаа хэрэгжүүлэхээр өөр хичнээн хүнийг хэрхэн хохироож байгааг бид цувралаар хүргэх болно.

А.Баярмаа