Дэлгүүрт ч, эмийн санд ч бүсгүйчүүд бидний анхаарлыг шууд татаж чадах, “Хямдрал”-аас өөр ахиад нэг шидэт үг бий - “Хөгшрөлтийн эсрэг”. 30 болон түүнээс дээш наснаасаа эхлэн бид жил бүр нэмэгдэж байгаа үрчлээгээ багасгахын тулд бараг л бүхнийг туршиж үзэхэд бэлэн болдог шүү дээ. Яг энэ үед л, коллаген гэдэг өмнө нь сонсоод л өнгөрдөг байсан нэршлийг өмнөхөөсөө илүүгээр сонирхож эхэлдэг.

35+ : Коллаген – Уух уу, түрхэх үү?

Сүүлийн үед коллагенаар баяжуулсан янз бүрийн бүтээгдэхүүнүүд хаа сайгүй зарагдах болжээ. Коллагентай ундаа, БАД-аас эхлүүлээд коллагентай тос серум хүртэл хэдэн зуун төрлийн бүтээгэдэхүүнүүд бидний хүсэж буй үр дүнг авчирч, эргээд залуу болгоно хэмээн “ам гарна”. Найруулдаг, зажилдаг, хутгадаг гээд хэрэглэх арга нь ч өөр өөр. Бидэнд тулгардаг асуулт бол “Уудаг нь илүү үр дүнтэй юм уу, түрхдэг нь илүү үр дүнтэй юм уу?” Энэ асуултанд хариулахаар Гоолингоо судалгаа хийж үзлээ.

Уншиж эхлэхээсээ өмнө коллагений талаар мэдвэл зохих 4 зүйл байна:
1. Коллаген бол арьсыг бүрдүүлэгч нэг төрлийн уураг бөгөөд эпидермисийн доор, эсүүдийг мяндсан тор адил хэрээслэн байрлаж, барилгын блок шиг нэг байранд нь барьж байдаг. Ингэснээрээ эсүүдийг унжих, сулрахаас хамгаалдаг юм.
2. Коллаген, кератин, эластин гурав бол арьсны чанга, уян хатан бүтцэд гол үүргийг гүйцэтгэдэг хүчин зүйлс.
3. 25 наснаас өмнө бидний бие коллагенийг 80 хувьтай үйлдвэрлэдэг бол, түүнээс хойш жил бүр үйлдвэрлэгдэх коллагений хэмжээ 1-1,5 хувиар буурдаг. 50 настай болохдоо бид нийт коллагенийхаа 50 хувийг алдсан байдаг гэсэн үг.
4. Арьсны уян хатан байдлыг хадгалдаг коллагенаас гадна мөгөөрсний бүтцэнд байдаг коллаген II мөн эсийн мембрануудад байдаг коллаген IV гэх мэт 28 төрөл бий.

Нэгт: Түрхдэг коллаген үнэхээр үр дүнтэй байж чаддаг уу?
Сүүлийн 20-иод жилийн дотор коллагентэй тос, ийлдэс, гоо сайхны ком бүтээгдэхүүний үйлдвэрлэлт эрс нэмэгдсэн. Хэдий үйлдвэрлэгч байгууллагууд эдгээр тосыг арьсны гүнд нэвтрэн шингэж, дермис дотор байрлах коллагений бүтцийг сайжруулдаг хэмээдэг ч арьс судлаач, эмч нарын дийлэнх нь “коллагентай тос бол мөнгөний гарз” хэмээх үзэл бодол дээр бат зогссоор байна.

Яагаад? Арьсан доор байдаг юм бол гаднаас нь түрхээд л болчихгүй юм гэж үү? Үүнийг тайлбарлахдаа нэгэн судлаач тоосгоор барьсан байшингийн зүйрлэлийг ашиглажээ. “Өөрийгөө тоосгон байшин дотор байна гээд төсөөл дөө. Тэр байшин луу гаднаас нь нэг нэг тоосго шидээд байвал дотогш нь нэвтэрч чадах уу?” Арьсны дермис давхарга бараг тэр чигтээ коллагенаас бүрдсэн ч, коллагентай тос нь тоосгоны нэгэн адил дотогш гүн нэвтрэх боломжгүй гэж үздэг аж.

Учир нь тосонд агуулагдахаар хэмжээнд байгаа коллагенууд дэндүү том ширхэгтэй учраас эпидермисийг нэвтэлж шингэлгүй, арьсны гадаргуу дээр тогтож байгаад дараагийн нүүр угаалтаар л арилчих магадлал өндөртэй. Тийм том ширхэгтэй молекулыг дотогш нэвтрүүлэхгүйн тулд л арьсны хамгаалах давхарга бидэнд бий болсон учраас эпидермис энэ үүргээ биелүүлэх явцдаа коллагенийг дотогш оруулахгүй гэж үздэг байна.

Итгэл найдвар тасраагүй: Гэхдээ энэ асуудал өөрөө шуудхан үгүйсгэхэд хүндрэлтэй зүйл бөгөөд одоог хүртэл нөлөөлдөг эсвэл нөлөөлдөггүйг батлах гэсэн янз бүрийн оролдлого, туршилтууд хийгдсээр яваа юм. Маш олон бодит хүмүүс коллаген агуулсан түрхдэг бүтээгдэхүүнүүдийг өөрийн биеэр туршиж үзээд, үнэхээр үр дүнтэй байсан талаар нь нийтэлсэн байх нь ч бий. Шинжлэх ухааны талаас боломжгүй гэж үзээд байгаа ч тодорхой үр дүн үзүүлдэг ч байж мэдэх талтай.

Нөгөө талаас, бүсгүйчүүдэд итгэл найдвар төрүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн нээлт бол matryxil хэмээх уургийн маш жижиг хэсэг буюу пептид хэлбэртэй бодис юм. Коллаген уураг нь өөрөө арьсанд шингэх чадваргүй ч, matrixyl хэмээх пептид нь харин нэвтрэн орж эсийн түвшинд үйлчилдэг нь үнэн хэмээн судлаачид үзээд байгаа. Matrixyl нь коллагений үйлдвэржилтийг хоёр дахин нэмэгдүүлж идэвхжүүлдэг бөгөөд үүнийг агуулсан хөгшрөлтийн эсрэг тоснууд түгээмэл худалдаалагддаг ажээ.

Хоёрт: Тэгвэл уудаг коллаген нь үр дүнтэй юу?
Шингэн, нунтаг, таблеткан, капсулан гээд орон орноос импортлосон төрөл бүрийн уудаг коллагенууд “Залуу насны шидэт үрэл” мэт лангуун дээр өрөөстэй... Түрхдэг коллагенд итгэдэггүй бүсгүйчүүд уудаг коллагенийг хэрэглэх нь олонтаа.

Гэхдээ дотроосоо уудаг коллаген ч үр дүнтэй эсэх нь бүрэн батлагдаагүй явна. Ихэнх судлаачид коллаген нь уураг учраас мах, өндөг, бяслагнаас авдаг уургийн л нэгэн адил, ходоод гэдсээр дамжих замдаа амино хүчлүүд болон задардаг хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, цусанд тэр чигээрээ шингэлгүй, хоол тэжээл шиг боловсорч үр дүнгүй болдог гэсэн үг. Тэгэхээр гахай, тахиа, үхэрнээс гаргаж авсан уудаг коллагенууд ч мөнгөний гарз байж магадгүй.

Итгэл найдвар тасраагүй: Мөн л шинжлэх ухаанаар батлагдаагүй боловч коллагентай бүтээгдэхүүн хэрэглээд нүдэнд илт мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн гэх олон бүсгүйчүүд байдаг.

Түүнээс гадна, зарим судлаачид молекулыг хамгийн дээд хэмжээнд задалж чадсан бүтээгдэхүүн байвал хоол боловсруулах шат дамжлагын туршид тэр хэвээрээ хадгалагдсаар, цусанд орох боломжтой гэж үздэг. Гидролиз /hydrolize/ хийсэн коллаген буюу нэг молекулын жинг 3000-8000 далтон хүртэл бууруулж, ходоодны энзимүүдийн адилаар задалж жижиглэсэн коллаген үе мөчний болон арьсны эсийн түвшинд сайнаар үйлчилдэг байх магадлалтай. Олон коллагентай бэлдмэл үйлдвэрлэгч нар 50,000 далтон хүртэлх маш том хэмжээний молекултай бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд тэдгээр нь төдийлөн үр дүнгүй байх магадлал өндөр гэсэн үг. Мөн амаараа уусан коллагенууд өөрсдөө задрах ч, түүний задралаас үүссэн амино хүчлүүд нь арьсны өөрийнх нь коллагений үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг байж магадгүй гэж үздэг.

Тэгээд юу нь үр дүнтэй юм бэ?

Тэгэхээр уудаг, түрхдэг коллагены аль алинд нь итгэж худалдан авалт хийх эсэх нь бидний сонголт болон үлдэж байна. Энэхүү мэдээллийг уншаад коллагентай бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулахгүй байхаар шийдсэн бол хамгийн шилдэг арга нь өөртөө одоо байгаа коллагенаа нэмж алдахгүй байхыг дээд зэргээр эрмэлзэх явдал юм. Коллагений алдагдал байгалийн жамаар явагдаж байгаа ч дээр нь “нэрмээс” болж, үйлдвэржилтийг нь улам бууруулах бүхий л хүчин зүйлээс өөрийгөө хамгаалаарай. Үүнд стресс, нарны хорт туяа, хоол тэжээлийн дутагдал, архи, тамхи, элсэн чихрийн өндөр хэрэглээ зэрэг багтана. Ялангуяа элсэн чихэр яг л коллагений дайсан гэсэн үг. Элсэн чихэр цусанд ормогцоо коллагений уургуудад наалдаж тэднийг хатууруулан, үйл ажиллагааг нь сааруулж байдаг аж.

Түүнчлэн, тос бэлдмэлийн бус байгалийн өөрийнх нь аргаар, коллагенийг шууд хэлбэрээр авах бус харин түүний үйлдвэржилтийг нэмэгдүүлэх замаар залуу насаа илүү удаан хадгалж, хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой.

Жимс, ногоо буюу антиоксидант ихтэй хоолнууд идэх нь коллагений үйлдвэржилтэнд сайнаар нөлөөлдөг. Жишээ нь, тод өнгөтэй грейпфрут, улаан лооль, тарвас зэрэг жимсэнд лицопин хэмээх хүчирхэг антиоксидант байдаг бөгөөд энэ нь коллагений сааралтаас хамгаалдаг аж. Жүрж, гүзээлзгэнэ, улаан чинжүүнд агуулагдах C витамин арьсны эрүүл байдлыг хангахаас гадна коллагенийг нийлэгжихэд чухал нөлөө үзүүлдэг. Броколли, цэцэгт байцаа зэрэг ногоонууд глюкозинолат буюу мөн л бидний коллагенийг устгаж байгаа чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг. Энгийн нүүрний иллэгийг тогтмол хийх, арьсыг чийгээр дутаахгүй байх хүртэл коллагений үйлдвэржилтийг дэмждэг юм.

Мэдэхэд илүүдэхгүй дараагийн зүйл бол, коллаген өөрөө биш ч түүнтэй хоршин ажилладаг төрөл бүрийн бодисууд үйлдвэржилт нь нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг явдал. Гиалурын хүчил /hyaluronic acid/, поли – хүчил /polylactic acid/, амьтны гаралтай А витамин буюу ретинол /retinol/, радиесс / radiesse/ зэргийг дурдаж болно. Эдгээрийг агуулсан бүтээгдэхүүн болон гоо сайхны үйлчилгээнүүд арьсны уян хатан байдлыг дэмжиж, коллагенийг өсгөхөд нөлөө үзүүлнэ.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn