Монгол улс энэ жил 407.4 мянган га-д тариалалт хийлээ
2013/09/02
Монгол Улс энэ жил 293.4 мянган га-д үр тариа, үүнээс 276.6 мянган га-д буудай, 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 79.4 мянган га-д тосны ургамал, 11.9 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалалт хийсэн юм.
Ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
Ургацын комисс хуралдаж, ургац хураалтын бэлтгэл ажил болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна. Ургацын комиссын дарга ҮХАА-н сайд Х.Баттулга “2013 оны ургацын урьдчилсан балансаас харахад ургац хураалтын ажлыг богино хугацаанд, хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь туйлын чухал байна” хэмээн анхааруулав. Мөн холбогдох хүмүүст нэлээд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна. Тухайлбал:
- Ургац хураалтын ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий орон нутгийн салбар комисс, штабыг байгуулан 24 цагаар ажиллуулах, мэдээллийг үнэн зөв шуурхай авч ирүүлэх,
- Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд нийтдээ 6.0 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан бөгөөд зохих нөөцийг бүрдүүлэх, үнэ болоод зарцуулалтад нь хяналт тавьж тасалдалгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Ургац хураалтад ажиллах комбайн, трактор болон үтрэмийн машины бэлэн байдлыг хангаж хураалтын явцад аль болох техникийн саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
- Дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг газар дээр нь шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьж ажиллах,
- Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж засварын ажлыг шуурхайлах,
- Ургац хураалтын үед ашиглах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгах, эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлэх,
- Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, урьдчилсан мэдээг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- Ургац хураалт, тээвэрлэлт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах, тэдгээрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, цалин, байр хоол, хүнсний хангамжийг сайжруулах,
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, хадлангийн тээвэрийг саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зам гүүрэн дээр цагдаагийн эргүүл, пост ажиллуулах,
- Эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоог Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, арми зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын хүнсэнд өргөн хэрэглэх замаар ногоочдынхоо хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, борлуулалтыг дэмжих арга хэмжээнд идэвхитэй оролцуулах гэх мэт чиглэл өглөө.
Энэ жилийн хувьд таримлын болц өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй жигд 9 сар гартал хяруу унаагүй байгаа учраас буудайн чанар сайн байх төлөвтэй байгаа ажээ. Энэ сарын 5,6-наас буудайг ангилан хадаж эхлэхээр төлөвлөжээ. Харин төмс, хүнсний ногооны хувьд энэ жил нийт 350 гаруй мянган тонн-ыг хурааж авахаас өнөөгийн байдлаар 2,5 тонн төмс, 1,7 тонн хүнсний ногоо хураан зах зээлд борлуулж эхлээд байна.
А.Баярмаа