ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу 9 дүгээр сарын 4-ний өдөр болно.

Өдөрлөгөөр Барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, бетон арматурчин зэрэг 8 мэргэжлээр тус төвийг төгссөн хүмүүжигчид мэргэжлийн зэргийн үнэмлэхээ гардан авах юм.

Түүнчлэн төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудад зуучлан ажлын байраар хангах, хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ уулзаж сурсан зүйлээ тайлагнах юм.

Мөн энэ үеэр хүмүүжигчдийн болон ШШГЕГ-ын харьяа “Соёмбо” хамтлагийн урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд болно.

2013 оны 3 сарын байдлаар Хорих 421, 441 зэрэг ангиудаас нийт 100 хүмүүжигчийг суралцуулж 5 дугаар сарын 1-нээс үйлдвэрлэлийн дадлагад шилжүүлжээ. Хоёрдугаар ээлжинд Хорих 401, 403, 423, 461 дүгээр ангиудаас ирсэн мөн тооны хүмүүжигч 5 дугаар сараас эхлэн онол, дадлага хослуулан сурч төгсөж байна.

А.Баярмаа