Aгаарын бохирдлыг бууруулах ажлын талаар сургалт боллоо
2013/02/21
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан тус Дүүргийн 9 болон 11-20 дугаар хороодыг хязгаарлалтын бүсэд хамруулан 2011-2013 оны төсөлд нийт 16690 айл өрх хамрагдсан бөгөөд одоогоор 3000 орчим айл өрхүүд уг төсөлд хамрагдаагүй үлдсэн байна
Тиймээс энэ онд хэрэгжих ажлын талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ, НАЧА, Цэвэр агаарын сан, ХАС банктай хамтран хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Тус сургалтанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, НАЧА-ны дарга Ч.Батсайхан, Цэвэр агаарын сангийн дарга Н.Хүрэлсүх, ХАС банкны зээлийн эдийн засаг хариуцсан мэргэжилтэн н.Туул нар оролцлоо. Энэ онд шинээр Канад улсаас нийлүүлж буй “ИЛЧ” усан халаалтын зуухыг хязгаарлалтын бүсийн нам даралт хэрэглэдэг айл өрх авах боломжтой бөгөөд урьд нь төсөлд хамрагдсан буюу сайжруулсан зуух авсан иргэнд дахин олгох боломжгүй юм. 2011-2013 оны төсөлд хамрагдаж амжаагүй хоцорсон иргэдийг дахин хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд тухайн хорооны үндсэн иргэн энэ төсөлд хамрагдах болно.
Төсөл хэрэгжих явцын дунд болон дуусах шатанд холбогдох байгууллагуудаас төслийн зуухны дахин тооллого хийх бөгөөд зуух болон бусад эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэн уг бүтээгдэхүүнийг хэрэглээгүй буюу дамлан зарсан, бусдад шилжүүлсэн нь тогтоогдвол эдгээр айл өрхийн газар эзэмших гэрчилгээг цуцалж, Нийслэл хотоос албадан гаргах хүртэл арга хэмжээ авах талаар анхааруулга өгсөн юм. Иймээс агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд орсон айл өрхүүд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээ өргөнөөр хэрэглэж идэвхитэй хамрагдахыг уриаллаа.
Misako · 2013/04/14
Thats going to make thigns a lot easier from here on out.