Цагдаа тушаал биелүүлдэг, цэрэгжсэн байгууллага мөн үү?
2013/02/21
7 сарын 1-ний хэрэг маш олон юмыг бидэнд ойлгуулж өглөө.Түүнээс өмнө манай цагдаа “хууль сахиулах байгууллага” гэдгээ ойлгодоггүй байж.
Бид тушаалаар л ажилладаг, хагас цэрэгжсэн байгууллага л гэж боддог.7 сарын 1-ний дараа ч “тушаал биелүүлдэг цэргийн байгууллага” гэдгээ хэлсээр л байлаа.Тэгээд тушаал биелүүлдэг цэргийн гэмт хэргээр яллаад эхлэхээр гэнэт өөрсдөө буцаж, бид цэргийн бус, хууль сахиулах байгууллага шүү дээ хэмээж байна.Ингэж 7 сарын нэгэн хүмүүсийн толгойд маш олон ойлголтын өөрчлөлтийг хийлээ.Цагдаагийн олон дарга одоо л өөрсдөөсөө бид хэн бэ, юу хийдэг байгууллага билээ гэдгээ асууж эхэлж байна.Цэргийн бус “хууль сахиулах”, иргэнд үйлчилдэг байгууллага юм шүү гэдгээ одоо л ойлгож байна.Ямар сайндаа Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг барьж байхад би нэг давхарт нь иргэдэд үйлчлэх нойлын өрөө хийх үү гэтэл улсууд их гайхаж байгаа юм.Яагаад гэмт хэрэгтнийг жорлонгоор хангах билээ гэж.Иргэдээ бүгдийг гэмт хэрэгтэн л гэж хараад байхаас бид өөрсдөө иргэдэд үйлчлэх байгууллага шүү гэдгээ ойлголгүй л ирсэн байна.
Маршалын албатай яагаад танилцаж байна вэ?
Цагдаа нарын хэргийг шүүх үеэр бас нэг ойлгомжгүй зүйл ил болсон юм.Шүүхийн гадаа цагдаа нар дарга нараа хамгаалаад бүсэлчихсэн, шүүж байгаа шүүгчийг бүр зодсон ч хэрэг гарсан.Гэтэл шүүх дотор хамгаалагч гээд ганцхан цагдаа, үүдэнд нь жижүүр гээд нэг хөгшин, өөр ямар ч хамгаалалт байхгүй.Тэр хэрэг дээр ажиллаж байсан шүүгч маш их дарамттай байсан, аюулгүй байдлаа хангуулах хүсэлт тавьсан, гэтэл аюулгүй байдлыг нь хангах байгууллага нь эргээд нөгөө цагдаа нь.Гэрч цагдаа нар ч жагссан олон цагдаа нарынхаа дундуур явж орж ирээд мэдүүлгээ өгнө гэдэг бүтэхгүй.Ийм тохиолдолд шүүхийн аюулгүй байдлыг хэн хангах юм бэ?Шүүх айдас дунд ажиллавал тэгээд хэрхэн зөв шийдвэр гарах билээ, шударга ёс тогтох уу?АНУ-д шүүхийг хамгаалдаг, шийдвэрийг нь биелүүлдэг Маршалын алба бий, тиймээс түүний үйл ажиллагаатай бид танилцаж байна.Гол нь шүүх үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулдаг эрхзүйн орчныг нь бүрдүүлэх ёстой юм.
Энхбаярыг баривчилсан явцын тухайд
Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагааг та бүхэн үзсэн байх.Тэр хүнийг баривчилна л гэж шийдсэн болохоос чухам хэрхэн баривчлах тухай аргачлалыг нь заасан, зохицуулсан хууль манайд огт гараагүй юм байна.Тиймээс цагдаа болон холбоотой байгууллагууд баривчлах үйл ажиллагааг хэрхэн явуулах тухай хууль гарах ёстойг тэр явц харуулсан.Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль юм л даа.Жишээ нь сая тэр баривчилгааны үеэр болсон хэргээр гишүүн асан Шинэбаяр нэг жилийн тэнсэн авлаа.Өөрөө ч, хүмүүс ч ойлгохдоо салаавч гаргасны төлөө л тэнсэн авчихлаа л гээд байгаа юм.Үнэн хэрэгтээ тэнд чинь баривчлах, хууль сахиулах үйл ажиллагаа явагдаж байсан шүү дээ.Тэр үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй.Тэгтэл хууль сахиулагчид нь ороод ирэхэд өөдөөс нь эсэргүүцээд, салаавч үзүүлээд сууж байдаг.Салаавчны төлөө шийтгэсэн юм биш, хууль сахиулагчдын үйл ажиллагаанд саад учруулсны төлөө юм.Шаардлага бол тодорхой байсан, гараа ардаа аваад доош хараад хэвтэх ёстой, тэр нь үнэндээ хууль сахиулах явцад өөрийг нь хамгаалах, хөдөлгөөнийг хязгаарлах л зорилготой юм.Энд тэгж эсэргүүцэх авир гаргавал шууд буудна биз дээ.
Том том хэрэгтэй тэмцэх, шүүх чадвар манайд бий юү?
Цагдааг шахаад эхлэхээр том том хэргүүд манайд эхнээсээ илэрч байна.МИАТ, татварын хэргүүдийг та бүхэн сонссон байх, энэ бол зөвхөн эхлэл.Гэвч ийм том, олон хэргийг илрүүлэх, тэмцэх чадвар манайд хомс байна.Цагдаагийн дөрвөн даргыг шүүх гээд л яаж зовлоо, гэтэл цагдаагийн дарга нар гэдэг бол ямар ч улсын дунд зэргийн л албан тушаалтнууд шүү дээ.Ийм хэрэг шүүж чадахгүй байж яаж тэднээс том, дээд хэмжээний нөхөдтэй, бас улс дамнасан хүн хулгайлах, мөнгө угаах, мансууруулах бодис, соёлын үнэт зүйл, экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх, мөрдөх билээ?Тиймээс бидний шинэчлэлийн нэг гол чиглэл нь шүүх, цагдаагийн боловсон хүчнийг чанаржуулах.Одоо бол тэр том хэргүүдтэй халаасны хулгай илрүүлдэг аргаараа л үзэх болоод байна.
Шинэчлэлийн гол бэрхшээл хөрөнгө мөнгө биш
Томоохон хэргүүдтэй тэмцэхэд асуудал маш олон бий.Хүн худалдаалах хэрэг л гэхэд харьяаллаараа Тагнуулын ерөнхий газарт байгаа.Гэтэл ТЕГ энэ хорин жилд ердөө хоёрхон хэрэг л шүүхэд өгсөн байдаг юм.Үнэн хэрэгтээ манай иргэд хүн худалдаалах, хар тамхи зөөвөрлөх олон улсын бүлэглэлийн гар хурууны үзүүрт зарагддаг нь тодорхой болчихсон, эхнээсээ цаазаар авах ял аваад сууж байна.Дотоод дахь томоохон хэргүүд дээр заналхийлэл, дарамт маш их.Цагдаагийн байгууллагад байгаа хөрөнгөжсөн хурандаа нарыг зайлуулаад эхлэхэд л дарамт, занал их ирж байгаа.Учир нь тэдний нөлөө, хөрөнгө маш их байгаа юм.Тиймээс энэ бүх шинэчлэлд хөрөнгө мөнгө, боловсон хүчний бэрхшээлээс илүү саад болж буй зүйл бол эсэргүүцэл л байна даа.Гэхдээ энэ их эсэргүүцэл, дарамтыг зовлон гэж биш, сорилт гэж харж ажиллах ёстой юм билээ.
МИАТ-ын хэргийг илрүүлэхийн тулд гурван сар ажиллаж, сайд өөрөө Хонг Конг орсон
МИАТ-ын хэргийг бид задлан зарлахаас өөр арга байгаагүй.Тэр хэрэг дээр ажиллаж байсан хүмүүст маш их дарамт ирж эхэлсэн юм.Тиймээс тэд энэ хэргийг задлаач ээ гэж хүсэлт тавьсан.Бид энэ хэрэг дээр гурван сар ажиллаж, одоогоор 6 сая долларыг нь илрүүлээд байна.Өнгөрсөн 12 сард би өөрөө Хонг Конг явлаа.Танайд манай маш их хэмжээний мөнгө бэлнээрээ ороод байна, чухам хаашаа ороод байгааг нь хэлж өгөөч ээ гээд л. Хонг Конг манайтай эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас хэлэх боломжгүй гэсэн.Тэгвэл “Авилгатай тэмцэх конвенц”-ийн дагуу зөвхөн сувгийг нь заагаад өгчих, бид өөрсдөө олъё гэлээ.Ингээд одоо илэрчихсэн байгаа нь л 6 сая.Цаана нь хэд байгааг мэдэхгүй.Татварын хэрэг гэхэд л 17 тэрбум төгрөгийг найман хүний данс руу хувааж шилжүүлээд л барьчихсан байсан.
Цагдаагийн хуучин дарга нар хурлаа АНУ-д хийж байна
МИАТ-ын болон бусад том хэрэгт үзлэг шалгалт хийхэд цагдаад байгаа бүх мэдээлэл гэрээс нь гарч ирж байна.Манай цагдаа тэгэхээр мөрдөн шалгах биш харин ч мэдээлэл өгсөөр ирж.Бас нийслэлийн газар, өмчтэй холбоотой том хэргүүдийг илрүүлээд зарлах биш нөгөө хүнтэйгээ тохирон дарах байдлаар мөнгө олдог байсан байгаа юм.Тэгээд л цагдаагийн дарга нар хөрөнгөжөөд байдаг.Тэднийг зайлуулаад эхэлсэн, зарим нь бүр Америкт ирчихсэн, Тэмүүжингээс яаж Хуульзүйн яамаа салгаж авах вэ гээд хурал хийгээд явж байна гэнэ.Америкт ирж хуралдталаа тийм чинээлэг болсон байна шүү дээ.
Олон газар зэрэг гал асаах аюултай
Томоохон хэргүүд олон байна гэдэг нь тодорхой.Олон хүн бидэнд “Одоо Эрдэнэтийг шалгаач ээ, их юм гарна ш дээ” гэж хэлдэг.Гэвч нэг болгоомжлол байна.Хэт олон газар зэрэг гал асаавал тэр их эсэргүүцлийг даахгүй, шинэчлэл маань нурж мэднэ.Боловсон хүчний хувьд ч ийм олон том хэргийг нэг дор шалгах чадавх манайд байхгүй байна.Монгол улсын хэмжээнд ийм төрлийн хэрэгтэй тэмцэх жархан хүн байгаа шүү дээ.1938 онд барьсан муу байшин дотор.Тиймээс бид үе шаттай явах юм.
Төрийн зардлаар Хуульзүйн яамнаас гадагшаа сургуульд явсан улсаас гуравхан хүн эргэж ирсэн.
Вашингтон хотноо хувийнхаа зардлаар сурч буй, цагдаагийн байгууллагад 16 жил ажилласан Гантулгын боловсон хүчнээ бэлтгэх талаар ямар бодлого явуулж байгаа талаарх асуултад хариулахдаа Тэмүүжин сайд “Би өмнө нь манай нэрээр гадаадад явж бэлтгэгдсэн бүх хүний материалтай танилцсан.Ихэнх нь Орост, хамгаалахад амархан сэдвээр зэрэг цол авчихсан юм билээ.Яг хэрэгтэй хүнээ бэлдээгүй.Манай зардлаар явсан нийт хүмүүсээс гуравхан нь л эргэж ирсэн.Ер нь хэн хаашаа явж вэ гэдгийг би сайд болуутаа нийтэд ил болгосон.Одоо бид бодлоготойгоор хүнээ явуулж бэлдэнэ.Айлчлалынхаа хүрээнд бид Холбооны мөрдөх товчооны сургалтын баазаар орох юм.Тэнд хүн худалдаалах, мансууруулах бодис зэрэг хил дамнасан хэрэгтэй тэмцэх улсаа сургах талаар ярилцана” хэмээн хариуллаа.
Монгол улс буурай хөгжилтэй улсаас бага дундаж хөгжилтэй улс болсон.
Төв аймгийн Зуунмод хотын харьяат Энхбаатарын Монгол улсын Стратегийн төлөвлөгөө хэдэн онд хамгийн сүүлд гарсан байдаг, одоо хэдэн хувьтай явж байгаа талаарх асуултад С.Баярцогт дарга хариуллаа. Тэрбээр 1990 оноос хойш хүнээ хөгжүүлэх олон төлөвлөгөө зорилт гарсан, хамгийн сүүлд 2020 оныг хүртэлх, 2025 оныг хүртэлх томоохон хөтөлбөрүүд гарсныг тайлбарлаад Монгол улс сүүлийн хэдэн жилд Буурай хөгжилтэй хэмээх улсаас Бага дундаж орлоготой хэмээх зэрэгт хүрсэн, энэ нь нэг хүнд оногдох ДНБ 3500 доллараас давсан гэсэн үг болохыг, мөн ийм статустай болсноор арилжааны зээл авах эрхтэй болсон зэргийг өгүүлэв.
Насаар гадуурхагдсан хууль сахиулагч
Цагдаагийн дээд сургууль төгсөөд 5 жил мэргэжлээрээ ажилласан Баярмөнх гэж залуу өөрт тохиосон явдлаа ярив.Тэрбээр хоёр жил Солонгос улсад ажиллаж ирээд эргээд мэргэжлээрээ ажиллах гэтэл 30 нас хүрсэн тул авахгүй гэсэн хариу сонссон ажээ.Ингээд ахин гадаадад гарахаас өөр аргагүй болсон байна.Тиймээс тэрбээр шинээр гарч буй Хууль сахиулагчийн эрхзүйн тухай хуулийн талаар асууж сонирхлоо.
Хуульч, хууль сахиулагч хоёрыг, мөн Маршалын алба, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба хоёрыг ялгана
Шинэ хууль ёсоор хуульч, хууль сахиулагч хоёрыг тодорхой ялгаж өгөх юм байна.Лицензгүй, хуульч бэлтгэх сургуулийг төгсөөгүй хүн хуулийн үйлчилгээ явуулж болохгүй болжээ.Харин хууль сахиулагчид нь бас тусдаа, тэр чиглэлийнхээ сургуулийг төгссөн байх ёстой.Хууль сахиулагчдад цагдаа, хил гааль, онцгой байдлын аврах албаныхан, цагаачлалын албаныхан, шүүхийн шийдвэр биелүүлэгчид, маршалынхан зэрэг ажилтнууд хамаарна гэнэ.Маршалынхан нь шүүхийн шийдвэр биелүүлэгчдээсээ бас ялгаатай, тэд шүүхийн үйл ажиллагааг тогтмол явуулах, шүүхэд ирэхгүй хүнийг албадан авчрах, аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хорих, таслах үйл ажиллагааг хариуцна гэнэ.Ингэж үүрэг нь тодорхой, заагтай болох ажээ.Сонирхолтой нь “маршалын алба”-аа хэрхэн нэрлэх талаар өвөр зуураа ярилцаж байгаа, “Тунгалаг тамир” дээр гардаг “тахар” (Бадарч) гэдэг үг дөхөж болох тухай бас ярьцгаасан аж.
Коррапшн гэж зөвхөн авлига биш
Вашингтон хот орчимд оршин суугч иргэн Энхбат асуулт тавих бус гурван санал хэлсэн юм.Эхний санал нь Авлига гэж үгийн доор манайх зөвхөн хахууль гэсэн ойлголтыг ойлгоод байгааг бас бодох хэрэгтэй юм гэлээ.Гэтэл түүнтэй дүйж буй англи үг болох Коррапшн-ий цаана АНУ-д гучаад өөр төрөл хэргийг ойлгодог гэнэ.Тэр дотор нутгархах үзэл хүртэл байдаг аж.Ухаан нь өөрийнхөө нутгийн хүнд албан тушаалаа ашиглан ажил алба олж өгвөл нэг төрлийн “коррапшн” болох ажээ.Энхбатын үгэн дээр Тэмүүжин сайд нэмэлт хийж, “нутгархах” зэрэг үзэл манай шинэ хуулинд “сонирхлын зөрчил” гэдэг ойлголт дотор явж байгааг хэлэв.
Арбитрын шүүхэд Монгол улс ялагдаж мэдэх байдалтай байгаа
Калифорни мужаас ирсэн Индра “Хан ресурс” манай улсыг Арбитрын шүүхэд өгч, 350 гаруй сая доллар нэхэмжилсэн хэргийн талаар асуулаа. Өнгөрсөн жил сонгуулийн үеэр хуучин Хуульзүйн яам цаг их алдаж, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээс Арбитрын шүүх дээр манайх ялагдаж мэдэх байдал үүссэн юм байна.Анх 50 саяыг нэхэмжилж байсан бол өдгөө харин 350 болон өсчээ.Төмөртэйн уурхайн бас нэг хэрэг Арбитрын шүүх дээр яваа, тэр нь харин манайд нааштай байдалтай аж.
Энэ мэтээр АНУ-д гурван ихэр зээтэй болсон эмээ давхар иргэншлийн асуудлыг, иргэн Хандсүрэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн явц ямар байгааг, бас нэгэн иргэн шинээр батлагдсан “хөрөнгө оруулалтын хууль”-ийн талаар асууснаас гадна АНУ дахь монгол уяач Баттулга Төв аймагт явж байхад Засаг дарга нар нь том, сайхан жийптэй, түргэн тусламж нь хуучны жаран ёстй байсныг гайхсанаа ярьж, сольж болох эсэхийг асууснаар энэ удаагийн уулзалт ярилцлага өндөрлөв.
Вашингтон дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ