УИХ-ын 2016 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуульд нам, эвслүүд хэрхэн оролцох вэ гэдэг асуудал ч эхнээсээ тодорхой болж буй.

 

МҮАН, Эх Орон нам "Эх Орон, Ардчилал, Шударга ёс" эвслийг байгуулах бөгөөд үүндээ ИЗНН-ыг нэгдэхийг уриалсан. Мөн ХҮН ч ИЗНН-ыг эвсэл байгуулан, УИХ-ын сонгуульд хамтран оролцохыг урьсан. Дээрх урилгын хариуг ИЗНН энэ Бямба гарагт буюу энэ сарын 16-нд болох Үндэсний Хорооны хурлаараа шийдэх юм. УИХ-ын 2012 оны сонгуульд БНН-тай эвсэл байгуулан оролцож байсан Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам энэ удаад Эх орончдын Нэгдсэн Намтай нэг эвсэл болох аж.

 

Мөн Хөгжлийн Хөтөлбөр, Монголын Консерватив нам гэх бусад жижиг намууд ч "ИХ ЭВСЭЛ" гэгчийг байгуулахаар ярилцаж буй гэнэ. АН-ын хувьд ямар ч намтай эвсэл болохгүй гэдгээ тус намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нэгэнт мэдэгдсэн. Харин МАН улс төрийн бусад хүчинтэй хамтран ажиллах талаар маш идэвхтэй санаачилга гаргаж буй юм байна. МАН, МАХН хамтран эвсэл байгуулах хэлэлцээр амжилттай үргэлжилж, эвслийг МАН-ын дарга удирдана гэдэгт талууд үндсэндээ санал нэгджээ. Одоо зөвхөн УИХ-ын сонгуульд 30-70 гэсэн квоттой байх уу? 40-60 гэсэн квотттой байх уу гэдэг л асуудал үлдсэн байна. МАХН-ын хувьд 40-60 гэсэн квоттой байх саналтай ч үүнийг нь МАН хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.

 

Хэрэв МАХН МАН-тай тохиролцож чадахгүй бол МНН-тай эвсэл байгуулахаар нөөц төлөвлөгөө бэлдсэн. МАН-ын удирдлагуудын хувьд МАХН-тай тохиролцож болно гэж үзэж буй бөгөөд мөн УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг ч намдаа элсүүлэн, хуучин тойрогтоо нэр дэвшихийг албан ёсоор урьсан байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ч үүнийг нь дэмжиж буй аж. МАН-ын Бага хурал энэ сарын 18-нд хуралдан МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэн, улмаар МАН, МАХН-ын ажлын хэсэг хамтран эцсийн шийдийг 20-ноос хэтрэхгүй албан ёсоор гаргах юм.

 

П.Мандах

sonin.mn