Дээд боловсролтой 30-45 насны эрчүүд “хүчирхийлэгч” байх магадлал өндөр
2016/04/14
2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон нь нууц биш. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулсаар байна.
1995-2014 оныг дуустал нийт 14,547 хүн ХЭҮТөвд хандан үйлчлүүлсний 91% нь эмэгтэй, 9% нь эрэгтэй байсан. Хохирогчдийн 18% нь хүүхдүүд, 16% нь ахмад настан, 6 % нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байв. Тэдний 100% буюу бүгд сэтгэл зүйн хувьд хямралд орж сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн, 73% нь бие махбодийн, 68% нь эдийн засгийн, 39% нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон. Гэр бүлийн хүчирхийлэлт өртөгчдийн 31% нь 26-45 насныхан, 21% нь 46-60 насныхан, 16% нь 60-аас дээш буюу ахмад настан, 13% нь 18-25, 11% нь 11-18 насныхан буюу өсвөр насныхан, 8% нь бага насны хүүхдүүд байв.
Харин хүчирхийлэл үйлдэгчийг насны байдлаар авч үзвэл хамгийн их хувийг буюу 47%-ийг 30-45 насныхан эзэлж байна. Хүчирхийлэл үйлдэх үеийн байдлыг үзвэл 43% нь эрүүл согтуу ямар ч үед дарамталдаг, 31% нь эрүүл үедээ, 26% нь согтуудаа дарамталдаг гэсэн байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн боловсролын түвшин: дээд боловсролтой нь хамгийн их буюу 34,20%, 9% нь тусгай дунд, 27% нь бүрэн дунд, 16% нь бүрэн бус дунд, 11% нь бага, 0,8% нь боловсрол эзэмшээгүй байна.Хосуудын дундах хүчирхийллийг хэн нь үйлдэж буйг үзэхэд 47% нь албан ёсны гэрлэлтийн баталгаатай нөхөр, 32% нь гэрлэлтийн баталгаагүй ч хамтран амьдагч, 21% нь салсан нөхөр нь үйлдсэн байна.
Энэ бүхэн нь 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөнт байдал үүссэнээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуулалтгүй үлдсэнтэй шууд холбоотой юм. Тэгвэл цоорхой ихтэй энэ хуулийн шоорхойг нөхөхөөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх юм.
Уг хууль батлагдснаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг нэг бүлэг болгон шинээр оруулж байгаа юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалт, тэргүүлэн гүйцэтгэгч хэн байхыг тодорхой болгох ажээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх үүрэг хүлээсэн байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах боломжтой болно. Гэр бүлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үзэж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хохирогчийн үүрэг болгож, эрсдэлд оруулахаас гадна хүчирхийлэл дахин давтагдахад хүргэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хариуцлага гарцаагүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зохицуулалт энэ хуулиас гадна Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж байгаа бусад хуулийн зохицуулалтаар давхар хангагдах боломжийг бүрдүүлнэ. Жишээ нь: хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цагдаагийн ажилтнаас эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэргийн бодит байдлыг шалган тогтоохтой холбоотой зохицуулалтыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын төрлийг Гэмт хэргийн тухай хуулиар, шүүхээс оноосон ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг Ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулиар гэх мэтчлэн цогц байдлаар тусгаж байгаа ажээ.
Тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн бүтцийг дараах байдлаар хийсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 42 зүйлтэй.
Хуулийн зорилтыг гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох хэмээн өргөжүүлэн томъёолж
- хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах;
- хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах;
- хохирогчийн аюулгүй байдлыг шуурхай хамгаалах;
- нууцлалыг хадгалах;
- салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зарчмыг тогтоосон.
Эдгээр зарчимтай уялдуулан дараах багц өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа:
- Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдарч, гэр
бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан. Энэ нь хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болж байна.
- Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн
хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолсон. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор гэм буруутай этгээд хариуцлага гарцаагүй хүлээх нөхцөл бүрдэнэ. Мөн хохирогч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Тахарын албаны тухай хуульд заасан хамгаалалтыг давхар авах боломж бүрдэнэ.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг Хууль зүйн сайдаар ахлуулсан Дэд зөвлөл хариуцахаар, мөн Боловсрол, Соёлын болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яамдын чиг үүргийг илүү нарийвчлан тодорхойлж, харъяа мэргэжилтнүүдээ сургах, мэргэшүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад даалгасан.
- Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг
хязгаарлагдмал байдлаар хуульчлагдсан байсныг өөрчилсөн мэдээлэх үүрэг бүхий этгээдэд:
- бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан;
- эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан;
- баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан;
- төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж
байгаа төрийн бус байгууллагын мэргэжилтэнг хамруулан өргөжүүлсэн.
Мөн мэдээлэгчийн талаарх нууцлалыг хадгалах, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах зохицуулалтыг тусгасан.
- Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалт тунхаглалын шинжтэй,
хэрэгжүүлэх процесс тодорхойгүй хуульчлагдсаныг өөрчилж, хохирогчийг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарсан. Цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг даргын хүлээх үүргийг тодруулж, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор орон байранд нэвтрэн орох, баривчлах, галт зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлсийг хураах зэрэг ажиллагаа явуулах цагдаагийн алба хаагчийн эрх хэмжээг Хууль сахиулах тухай хуулийн төсөлд тусгуулах үндэслэлийг хамруулсан.
- Хохирогчид үзүүлэх үйлчилгээ цогц бус, төрөлжөөгүй, салангид
байдлаар хуульчлагдсан, үйлчилгээг хэн, ямар журмаар үзүүлэх талаарх зохицуулалт тодорхойгүй байсныг өөрчилсөн.
Хохирогчид үзүүлэх үйлчилгээ
- аюулгүй байдлын хамгаалалт;
- эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
- сэтгэл зүйн үйлчилгээ;
- нийгмийн халамжийн үйлчилгээ;
- хүүхэд хамгааллын үйлчилгээ;
- хууль зүйн туслалцаа гэсэн төрөлтэй байхаар томъёолж,
хэрэгжүүлэгч субъект, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мөн үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаарх зохицуулалтуудыг тусгасан.
- Хүүхдийн онцлог, хэрэгцээг харгалзсан хамгаалалт, үзүүлэх
үйлчилгээг нэгтгэх зорилгоор “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” гэсэн тусгай бүлгийн зохицуулалтыг нэмж томъёолсон. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх үүргийг мэргэжилтнүүдээс гадна иргэдэд хүлээлгэсэн.
- Хуулийн хэрэгжилтэд тавих шаталсан хяналтыг олон нийтийн
хяналттай хосолсон байдлаар тусгасан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар Засгийн газрын үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэд зөвлөлийн үйл ажиллагаанд, Дэд зөвлөл яамд болон орон нутгийн Салбар зөвлөлийн үйл ажиллагаанд, Салбар зөвлөл анхан баг, хороо, сумын түвшинд ажиллах мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан багийн үйл ажиллагаанд тус тус хяналт тавих зохицуулалтыг тусгалаа.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар орон тоо шинээр нэмэгдэхгүй ба одоогийн төсөв, орон тоонд багтаан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэд болон Салбар зөвлөлийн ажлын алба, нэг цэгийн үйлчилгээ, цагдаагийн тусгай нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Хуулийн төсөл нь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан болон одоо боловсруулагдаж байгаа Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй харилцан уялдаатай боловсруулагдсан байна. Мөн хуулийн төслийн зохицуулалтай уялдуулан Нийгмийн халамжийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Дээд боловсролын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагчид хэлж байгаа юм.
Хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.