УИХ дахь Ардын намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж өмнөх байр сууриа бататгажээ.

Ардын намын бүлгээс өргөн мэдүүлээд байгаа төсөлд байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог нэмэх тухай асуудал багтаж байгаа юм. Харин АН-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлд намын бүлэг чуулганы хуралдаанд гишүүдийнхээ ирцийг 50-иас дээш хувьд найм ба түүнээс олон удаа хүргэж чадаагүй тохиолдолд тухайн бүлгийг татан буулгахаар заагаад байгаа. УИХ дахь АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн ийм агуулгатай хуулийн төслийг дэлхийд хаана ч хэрэглэдэггүй бөгөөд зарим зүйл, заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгааг Ардын намын гишүүд шүүмжиллээ. Харин гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүртгэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох утгаар нь намын бүлэг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Түүний хувьд уг хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь нэгдсэн хуралдааны үеэр нэр бүхий хуулийн төслөөр санал хураах явцад УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл зургаан гишүүний өмнөөс кноп дарж санал өгснөөс үүдэлтэй аж. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан тэрбээр "Нэг хэсэг нь гэртээ унтаж, зарим нь гадаадад зугаалж явахад чуулганд ирсэн нь бусдын өмнөөс асуудал шийддэг байж болохгүй" гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хурууны хээгээр гишүүдийн саналыг авах нь тэднийг хариуцлагатай болгох, нөгөө талаас төсөл УИХаар батлагдах шатанд олон гишүүний санаа оноо тусч боловсронгуй болох ач холбогдолтой юм байна. Ардын намын бүлгийн хувьд АН-ын өргөн мэдүүлсэн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг багцаар нь шийдье гэвэл энэ асуудлыг хамтад нь оруулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
   Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл аж. Уг нь УИХ-ын нэгдсэн чуулганаар дээрх хуулийн төслийг "хэлэлцэх боломжгүй" хэмээн унагасан. Гэтэл Засгийн газраас хуулийн төслийг дахин УИХ-д өргөн мэдүүлж байгааг буруушааснаа бүлгийн гишүүд онцолжээ. Тодруулбал, энэ асуудлаар юуны өмнө мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсох ёстой аж. Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулбал хувь хүний нууцтай холбоотой олон асуудал нийтэд ил болно. Гэтэл НҮБ-ын конвенц болон бусад хуульд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг ил болгохыг хориглосон байдаг. Мөн энэ хуулийн хүрээнд газрын зургийг ч нууцын жагсаалтаас гаргах асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс чуулганы хуралдааны үеэр дэмжлэг аваагүй асуудлыг дахин оруулж хэлэлцүүлэх гэж буйн шалтгааныг Засгийн газраас сонсох шаардлагатай хэмээн бүлгийн дарга Н.Энхболд сануулав. Мөн хуулийн төслийн талаар ямар санаа бодолтой байгаа талаар "Шударга ёс" бүлгийн байр суурийг сонсох нь зүйтэй гэлээ. Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албанд халаа сэлгээ тасралтгүй үргэлжилсээр байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шүүмжлээд энэ асуудлаар Засгийн газраас мэдээлэл сонсохоор болсноо дуулгасан. Гэхдээ зөвхөн энэ хүрээнд ч бус тухайн салбарын сайдыг бүлгийн хуралдаандаа урьж зарим тодорхойгүй, ойлгомжгүй асуудлаар мэдээлэл сонсох юм байна. Тэрбээр "Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд 720 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч бензин, шатахууны үнээс эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Махны үнэ хүнсний захуудад илт чангарч байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн олон зуун сая төгрөгөөр хэмжигдэх хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Ийм учраас холбогдох сайд нараас мэдээлэл сонсч, бүлгээс тодорхой үүрэг даалгавар өгөх шаардлага ч зүй ёсоор урган гарч ирж байна" гэв.
    Түүнчлэн Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэг байнгын хороонд, харин АН болон бусад гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Адилхан ард түмний сонголтоор УИХын гишүүнээр сонгогдсон атал парламентад ийм тэгш бус хуваарилалт байж хэрхэвч болохгүй. Тиймээс эрх тэгш бус байдлыг арилгах ёстой гэв. Энэ үеэр Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асуухад бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Н.Энхболд:
-Нууцын тухай хуулийн асуудлаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авбал илүү дээр. Манай бүлгийн хувьд байр суурь ойлгомжтой. Хувь хүмүүсийн талаархи мэдээлэлд анхааралтай хандах ёстой. Энэ тухай НҮБ-ын зөвлөмж хүртэл гарсан байдаг. Хувь хүн өөрийнхөө талаархи мэдээллийг нууцлах эрхтэй. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжээгүй боловч маргааш нь Засгийн газрын хуралдаанаар дахин зүтгүүлж шийдэж байгаа нь анхаарал татаж байна.

С.Бямбацогт:
-Засгийн газар, олонхи маань хэт их хүч түрж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг төрийн нууцад зайлшгүй байх ёстой гэж Ерөнхийлөгчийн асуултад хариулахдаа онцолсон. Мөн иргэдийн мэдээллийг нууцын жагсаалтаас гаргаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан ТЕГ-ын дэд дарга Ч.Чулуунбаатарыг ажлаас нь халсны дараа уг асуудлыг дахин хэлэлцүүлж, УИХ-аар батлуулах гэж улайрч байгаа нь харагдаж байна. Тэгэхээр үүний ард ямар асуудал байна вэ гэсэн хардлагыг бидэнд төрүүлж байна.
 

Д.АНГАРАГ