Хулгайлагдсан охины эцэг нь тэрбумтаны хүү гэнэ
2013/02/21
Манай улсын иргэн 21 настай, загвар өмсөгч Т.Аятунгааг хүүхдийн эсрэг гэмт хэргээр интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт олон нийтэд хандаж, дээрх асуудлыг эрс няцаасан төдийгүй өөрийгөө таван сартай охиноо хулгайд алдсан хохирогч хэмээсэн. Түүний хэлж байгаагаар таван сартай охиныг нь хулгайлаад алга болсон гэх Чарльз Эргэнтэй 2011 оны долоодугаар сард танилцаж, дотноссон аж.
Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад амьдрахаар охин Тэргэлсар, ээж Солонго нарын хамт явжээ. Очсон даруйдаа хүүхдийнхээ эцэг Чарльз Эргэнтэй хуримын ёслол хийсэн ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй гэдэг. Тэгвэл зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар хүүхдээ хулгайлсан хэрэгт холбогдоод буй олон улсын иргэншилтэй Чарльз Эргэн нь Фипиппин улсын тэрбумтны хүү аж.
Харин Т.Аятунгаагийн хамтаар интерполоор эрэн сурвалжлагдаж буй түүний ээж Солонго нь удган гэнэ. Тэрбээр тус улсын Шангрила аралд бөөлж, ёс бус авирласан тухай эх сурвалж хэлж байна. Харин өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдээд байгаа Т.Аятунгаа нь нөхөр Чарльз Эргэн болон түүний хоёр найзтай нийлж Монголд их хэмжээний мөнгө угаасан байх магадлалтай гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын ОНХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
Зөвхөн Т.Аятунгаагийн гомдлын дагуу хэргийг шалгаж байна
-Манай улсын хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Олон улсын цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах нээлттэй хэсэг дээр манай улсын хоёр иргэн болох Т.Аятунгаа болон түүний ээж Солонго нарыг хайж байгаа талаар мэдээлэл гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөний тухай хоёрдугаар бүлэгт тодорхой заалт бий. Тодруулбал, Монгол Улс өөрийн харьяат иргэнийг гадаад оронд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу гэмт хэрэгт шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхийг хориглоно гэсэн байдаг.
-Гадаадад гэмт хэрэг үйлдсэн ч өөрийн улсын иргэнээ тухайн оронд барьж өгч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг үү?
-Тийм ээ, ганцхан Монгол Улсын Үндсэн хуульд ч биш ардчилсан орнуудад үүнийг хориглодог. Өөрөөр хэлбэл, бид гадаадад гэмт хэрэг хийсэн Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээллийн дагуу иргэдийг баривчилж тухайн улсад хүргүүлдэггүй.
-Өнгөрсөн лхагва гарагт Т.Аятунгаа мэдээлэл хийх үеэрээ өөрийг нь хилээр нэвтрүүлэхгүй гэсэндээ интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн. Түүний хэлж байгаа шиг интерполоор хэн нэгний хувийн асуудалд оролцож болдог хэрэг үү?
-Үгүй. Интерпол бол олон улсын цагдаагийн байгууллага. Хэн нэгний хувийн хүсэлтийн дагуу хүнийг эрэн сурвалжилдаггүй гэж ойлгож болно.
-Интерполоор эрэн сурвалжилж буй Т.Аятунгааг ямар хэргээр шалгаж байгаа юм бол?
-Т.Аятунгаа гэх эмэгтэй таван сартай охиноо Филипин улсад алдсан тухай гомдлоо хуулийн дагуу гаргасан. Одоогоор гомдлынх нь дагуу Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
-Манайд Филиппинд очиж хүүхдийг нь хайж, хэргийг мөрдөх эрх зүйн орчин бий юу?
-Одоогоор тийм эрх зүйн үндэс алга. Зөвхөн дипломат буюу гадаад харилцааны шугамаар хуулийн хүрээнд шалгаж өгөх хүсэлт тавих л эрхтэй.
-Зарим эх сурвалж Т.Аятунгааг өөрийн нөхөр гэх Чарльз Эргэн болон түүний хоёр найзтай хамтарч “CNI INC” компанийн нэрээр Монголд их хэмжээний мөнгө угаасан гэж мэдэгдэж байна?
-Дээрх компанитай холбоотой Эрүүгийн цагдаа болон мөрдөн байцаах газар мөрдөн шалгаж байгаа зүйл алга. Хэрвээ иймэрхүү мэдээлэл байгаа бол түүнийг шалгах болно.