"Алтайн хүдэр"-ийн зарим ажилчид одоог хүртэл цалингаа аваагүй байна
2016/04/15
Өнгөрсөн нэгдүгээр сард “Алтайн хүдэр” компанийн ажилчид оффисын байрандаа суулт хийж, цалингаа нөхөж олгохыг шаардсан билээ. Тодруулбал тэд өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш цалин аваагүй гэж байсан юм.
“Алтайн хүдэр”-т нийт 800-1000 хүн ажилладаг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 800 гаруй хүн цалингүй амьдарч байсан юм.
Уг нь уг компани нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 300 мянган тонн хүдэр тээвэрлэж Хятад руу гаргасан ажээ. Уг мөнгөөрөө ажилчдынхаа цалинг тавих бүрэн боломж, байсан ч ажилчидаа үл ойшоон цалин тавихгүй байсан юм билээ.
Ингээд “мөнгөний асуудалд орсон ажилчид өөрт байдаг хамаг зүйлээ барьцаанд тавин банкнаас зээл авч, байдаг зүйлсээ ломбарданд алдсан” гэцгээж байв.
Үүнээс гадна тэднийг “ажлаас халагдах өргөдөл бичих юм бол цалинг чинь өгнө” хэмэн хуурч өргөдөл бичүүлж, ажлаас халчихаад цалинг нь одоог хүртэл нөхөж өгөөгүй байгаа ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн тоотой хэдэн хүн л цалингаа авч чадсан бөгөөд бусдыг нь элэг бариад цалинг нь олгоогүй, хаясан гэнэ.
Одоог хүртэл цалинга аваагүй ч хаана хэнд хандахаа мэдэхгүй, албан тушаалтнуудын эрх мэдэл, хүнд суртлаас айж, эмээгээд, цалингаа нэхэмжилж чадахгүй өдий хүрч байгаа гэсэн үг. “Алтайн хүдэр”компанын удирдлагууд хямралаар далимдуулж, бусдыг ийнхүү хохироогоод байна.
Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Алтайн Хүдэр” ХХК нь Монгол Улсын 2014 оны “ТОП 100” аж ахуй нэгжээр шалгарч, өргөмжлөлөө Монгол Улсын Ерөнхий сайдаас гардан авч байсан юм.
Уг нь уг өргөмжлөл нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуй нэгжийг шалгаруулах үндсэн зорилготой байдаг. Гэтэл ажилчдаа хохироож, олон хүнийг өр зээлэнд баригдуулан, ажилгүй болгож, гудамжинд гаргасан эл компани топ байж чадах уу.
Н.Ганаа