Бойтогтой жагсаал маргааш болно
2016/04/15
Улаанбурхан өвчнөөр олон бяцхан үрсээ алдаад байгаа Монголчууд тайван жагсаал хийхээр болжээ. Уг жагсаал маргааш Чингисийн талбай дээр 21:00 цагаас “Бойтогтой жагсаал” хийхээр болжээ.
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюулт өвчний улмаас хорвоог орхисон бяцхан үрсийнхээ дурсгалд зориулж, эрх баригчдыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хатуу шаардсан уг жагсаалд цахим ертөнцөд нулимстай суугаа олон ээжүүд нэгдэх гэнэ. Бурханы оронд одсон хөөрхий нялх үрсийн эзэнгүй бойтогнууд ийнхүү “жагсах”-аар болсон нь энэ ажээ.
Дашрамд дуулгахад, уг жагсаалыг “Ээж бүхний дуу хоолой” ТББ -аас зохион байгуулж байгаа юм.
Манай оронд улаанбурхан, салхин цэцэг, менингококкт халдварын өвчлөлүүд гамшгийн хэмжээнд хүрч эхний гурван сарын байдлаар зөвхөн улаанбурхан өвчний улмаас 918 хүүхэд амь насаа алдаад байна. Мөн улсдаа цор ганц халдварт өвчний эмнэлэг болох ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн тоо хэвийн хэмжээнээс хэтэрч ачааллаа даахгүй ажиллаж байна.Тиймээс ХӨСҮТ-ийн гадна хөдөө орон нутгаас ирж хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүд болон уртасгасан цагаар ажиллаж байгаа эмч сувилагч нарыг өдөр, оройн хоолоор дайлах аян эхлүүлэхийг “Ээж бүхний дуу хоолой” ТББ-аас уриалж байна. Мөн бяцхан үрсээ аврахын тулд өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслацгаая!
Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин бөгөөд 38 хэмээс дээш халуурах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст бүрхэвч улайж, нулимс гоожих, улаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр ба чихний араас эхлэн гарч биеэр тархах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрмэгц яаралтай эмчид хандах хэрэгтэй ба бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, нялх хүүхэдтэй айл гадны хүн гэртээ аль болох оруулахгүй байх, гаднаас орж ирээд гараа ариутгах, содтой усаар амаа тогтмол зайлах гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн 20 наснаас дээш насныхан тус өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгаа ба ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд очин вакцинд хамрагдах боломжтой юм" хэмээн цахим хуудаснаа нийтлэв.