Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэгчээр бие биедээ туслахыг хүссэн нинжин сэтгэлийн дуудлагаар бүтсэн бүхэн зүйрлэшгүй сайхан болдог гэдгийг өчигдрийн тоглолтоос харлаа. Tv9 телевизийн сэтгүүлч “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгийн эхнэр Нандинбилэг хүнд өвчний улмаас Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ. Түүнд туслах хандивын тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнд халуун дулаан, сайхан болж өндөрлөлөсөн юм.

Жинхэнэ сэтгэлийн дэм хайрлая, нэг ч гэсэн гэр бүлд гэрэл гэгээ нэмье хэмээн хүний сайхан сэтгэлийг өвөртлөн ирсэн уран бүтээлчид тоглолтод оролцлоо. МУГЖ С.Жавхлан түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нар Мөнхийн урсгалт амьдрал, Хар хархан харц, Амьдрал зэрэг ард түмний хайртай уран бүтээлүүдээрээ тоглолтыг эхлүүлсэн бол тэдний араас МУГЖ Н.Чулуунхүү “Залуу нас” зэрэг дуугаараа ая дуугаа өргөж, дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ”, Б.Батболд “Хоёр маргаз уул”, МУГЖ С.Батсүх “Орчлонг хайрлаарай” зэрэг олон түмний сэтгэл зүрхэнд хоногшсон шилдэг уран бүтээлүүдийнхээ дээжээс хоёр, хоёр дуу дуулж, үзэгчид тэднийг даган дуулж, нижигнэсэн алга ташилтаар дахиулж байлаа. Мөн Лосолын Болдбаатар, жүжигчин Л.Сөрөлт МУГЖ У.Далантай нар ая дуугаа өргөж, Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа нар “Үлэмжийн чанар” дуулж, Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр, Батдэлгэр, Хөвсгөлийн дуучин Я.Гэрэлчулуун, Энхбат, Бат-Эрдэнэ нарын уран бүтээлчид олны дуулах дуртай дуунуудаар ая дуугаа өргөсөн нь Бөхийн өргөө дүүрэн цугласан үзэгч олныг ихэд баярлуулсан юм.

Ингээд нийтдээ гурван цаг хагас үргэлжилсэн тоглолтыг МУГЖ С.Ганзориг “Ардын дуу шиг амраг”, “Богд- Хан уул” зэрэг дуугаараа өндөрлүүлэхэд үзэгчид тоглолтыг төгсгөхийг хүсэхгүй байсан бөгөөд түүнийг дахин дуулуулж, сэтгэлийн цэнгэл эдэлсэн юм. Олон цаг үргэлжилсэн тоглолтын дараа үзэгчид огтхон ч чилээгээгүй бөгөөд дуучид бүрийг дахиулах хүсэлтэй байсан нь ямар сайхан тоглолт болсон бэ гэдгийг илтгэх биз ээ.

Монголын нэгэн сайхан залуу гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө нэгдэн хайр сэтгэл, аз жаргал, залуу нас, гэр бүл, амьдрал, нутаг усны тухай сайхан бүхнийг өгүүлэн дуулж, аз жаргалыг хурайлан дуудсан энэхүү тоглолтын үзэгчид ихэд баяртай байгаагаас харахад бусдын сайхан сэтгэлээр бүтэж буй тоглолт илүү гоё болдогийг илтгэж байлаа.

Хүний сайхан сэтгэлийг өвөртлөн ирж, хандивын тоглолтод ая дуугаа өргөсөн уран бүтээлчид болон тоглолтыг зохион байгуулсан TV9 телевизийн хамт олон, Монголын сайтын холбооны залуус, Urlag.mn сайтын хамт олон болон найзууддаа, мөн тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгч түмэндээ чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байгаагаа сэтгүүлч М.Батбилэг тоглолтын үеэр Солонгос улсаас хэлүүлж байна лээ.

Уг тоглолтын орлогоор Н.Батбилэгийн эхнэрийн эмчилгээний зардалын тал хувийг олж байгаа юм билээ. Харин бусдыг нь олоход туслахыг,тусламжийн гараа сунгахыг Монгол түмнээсээ М.Батбилэгийн мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд болон ажлын хамт олон нь хүсч байгаа юм. Сайхан сэтгэл өвөртлөн ирж, тоглолтонд оролцсон уран бүтээлчдийн сэтгэгдэлийг дараагийн дугаарт нийтлэх болно.

Үргэлжлэл бий...

Н.Чимэг

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

  • 20

  • 21

  • 22

  • 23

  • 24

  • 25