Америкчууд индианчуудаа устгахдаа тэдэнд зориулсан тусгай хуулиуд гаргаж байсан түүхтэй юм билээ. Одоо ч тэр хууль нь бараг хэрэгждэг хэвээр байх шүү. Гаднаас нь өнгөц харахад индианчуудаа дээдэлсэн, эрх чөлөөг нь бүрэн эдлүүлсэн юм шиг гоё хууль л даа.

Ухаандаа, индиан омгийн хүн хүүхдээ сургуульд сургахгүй байж болно, архи тамхиа наян хувийн хөнгөлөлттэй худалдан авна, сарынхаа хүнсийг үнэ төлбөргүй авч болно гэсэн заалтууд тухайн хуульд байдаг. Ингэж улаан арьстнуудаа жигтэйхэн харж үзэж, газар нутгийг нь эзлэн түрэмгийлснийхээ төлөөсийг төлж байгаа мэтээр эрхлүүлсний үр дүнд ганцхан бодлого барьсан нь тэднийг устгаж, газрын хөрснөөс арчих байлаа. Үнэхээр ч Америкийн хуулийг эдэлж, дур зоргоороо жаргасныхаа хариуд индианчууд боловсролгүй мунхаг, дээрээс нь архичин, тамхичин хамгийн гол нь ажил хийх шаардлагагүй болсон учир зүгээр л амьд үхдэлүүд болж эцсийн дүнд устаж үгүй болсон.

Яг үүнтэй адилхан Монголын төр засгаас Монголын нүүдэлчин малчдыг устгах бодлого баримтлаад байна. Уг бодлогоо бүр хуульчлаад гаргадаг боллоо. Тухайлбал, малчдын хүүхдүүдийг 7-8 настайд нь сургуульд оруулж болно гэсэн хууль бий. “Нялх балчир энэ маань сургуульд сурахад хэцүү байна, эхийнхээ мөөмнөөс гараад удаагүй байгаа амьтныг ингэж тамлаж сургуульд сургах гэлээ, та нар” гэх хэтэрхий нялуурч, дэлүүрсэн зөнөг малчдын үгэнд ороод Монголын төр ийм шийдвэр гаргачихлаа. Энэ бол маш холын урхагтай, туйлын буруу шийдвэр болсон. Ерөөсөө нүүдэлчин малчдыг устгах гэсэн бодлогын хөрс суурь нь боллоо гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сургуульд орох насандаа орж суралцаагүй бол тухайн хүүхэд харанхуй бүдүүлэг хүн болохын эхлэл тавигддаг.

Учир юунд вэ гэвэл найман настай сургуульд орох нөхрийг өнөө зөнөглсөн өвгөд нь эрхлүүлж байгаа нь тэр гэж жороо морь унуулж, хөөрөг гаанс авч өгч сэтгэлийг нь хоёрдуулж орхино. Ингээд тэр жилдээ сургуулийн бараа харна гэдэг худлаа болох нь гарцаагүй. Найман нас нь есөн нас болж дахиад нэг жилээр ухарна гэсэн үг. Дараа жил нь бас л өөрсдөө дур мэдэн хэнээрхэцгээж, өнгөрсөн жил өнжиж болсон юм гэх элдэв янзын шалтаг тоочоод хойлшуулна. Ингэж нэгдүгээр ангид орох наснаасаа хоёр, гурван ч жилээр ухарсан пэд пэдхийсэн яриатай нөхөр арван нас хүрч байж сая нэг сургуулийн босго алхаж байгаа юм. Үндсэндээ зургаан настнуудтай арван настай хүүхдүүд нэг ангид суралцана гэсэн үг шүү дээ. Эхний гурван жилдээ тэд хамт сураад болоод байдаг юм аа гэхэд гурав дахь жилээс хойш нэг ангид сурахын эцэсгүй болно.

Арвандөрөвтэй архайсан амьтны дэргэд найм, есөн настай хүүхдүүд жаалхан байлгүй яахав. Илт ялгараад ирэх нь мэдээж. Архайж дархайсан тэдэнтэй наад хэд нь нийлэхийг бодохгүй. Нөгөө хэд нь хэзээний том амьтад, “аавын цээж”-үүд болчихсон, нууцаар тамхи татаад, нөгөө хэдээ шоглоод байхаа мэднэ. Бага сургуулийн дөрөвдүгээр ангиас насны ийм ялгаа гарч, эхнээсээ л сургуульд суух дургүй, дээрээс нь эцэг эх, өвөө эмээ нь эрхийн тэнэг болгочихсон нөхөд сургуулиа орхихоос аргагүйд хүрнэ. Хөдөө мал дээрээ очиж, уулын мухар сахиж санаа нь амарна даа, хөөрхий. Нүүдэлчин малчдын хүүхдүүдийн дүр зураг, цаашдын ирээдүй яг бодит амьдрал дээр ингэж бууж байна. Орчин цагт ерөнхий боловсролын сургууль болоод их дээд сургуульд боловсролыг ном ёсоор нь эзэмшээгүй хүн урт наслахаа больсон. Наад зах нь тэдэнд амьдралаа аваад явах чадамж байхгүй болсон. Мэдээлэл технологийн, хөгжил дэвшлийн энэ эрин зуунд хамгийн чухал зүйл бол боловсрол. Хуучных шиг эх орны алтан гурваар дөнгөн данган найм төгсөөд илгээлтийн эзэд болдог цаг тэртээ гучаад жилийн өмнөөс үгүй болсон билээ.

Зөнөж хоцорсон малчин өвгөн төрийн сайдын бараа, телевизийн дуран хараад “Малчны хүүхдийг хар нялхаар нь сургуульд хөөж явууллаа” гээд бодож санах зүйлгүй дэмий цуурчихсан чинь тэр нь Монголын төрийн бодлого болоод гараад ирдэг байгаа. Юмны наад цаад учир мэдэхгүй, уулын мухар сахисан хэрэгтэй хэрэггүйг чалчиж, нийгмийн шар мэдээгээр амьсгалж явдаг хөгшчүүдийн яг тэгж хэлэхийг нь анаж байсан юм шиг дуун дээр нь хууль боловсруулаад батлуулчихсан. Ингэж малчдын хүүхдийг “мал” болгож, орчин цагийн соёлт хүн төрөлхтний боол болгох зам мөрийг нь шулуутгачихлаа. Монголын төрийн малчдадаа зориулсан харгис бодлого үүгээр зогссонгүй. Боловсролын хуулийн заалттай залгуулаад малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай яриад эхэлсэн. Хуучин тавин тав, жаран настай тэтгэвэрт гардаг байсан бол одоогийн хуулиар 50, 55-тай тэтгэвэрт нь суулгах тухай яригдаж байна. Энэ бол аюул дагуулсан, цаанаа бүр чиг хор уршигтай айхтар хууль. Өнөөдөр хүн төрөлхтний нас уртассан. Тавин нас гэдэг цэл залуухан нас. Гэтэл тавин насанд нь малчдыг тэтгэвэрт суулгаж хэнд ч хэрэггүй амьд үхдэл болгоно гэдэг аймшигтай. Монгол хүн тэтгэвэрт гарлаа л бол өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан мэтээр бодож сэтгэл санааны гүн “шок”-нд ордог. Тэгээд нэг их жаргалтай насалдаггүйг бид амьдралаас мэднэ. “Би нэгэнт тэтгэвэрт гарсан хүн” гэж гуньхарч, ганьхарч уугаад, хийх ажилгүй юм чинь унтаж л байхаас хэмээн өөрийгөө гаргуунд нь орхиод, нэг мэдэх нь насных нь нар хэвийчихсэн байдаг. “Тэр гуай тэтгэвэрт гарснаасаа хойш ямар хурдан хөгширч, ямар их сэтгэл санаагаар доройтож уруудаа вэ, хөөрхий минь” гэсэн яриа дуулдаж байдаг нь ийм учиртай.

Малчдын насыг богиносгож, орчин цагийн боол болгоод зогсохгүй цаана нь дахиад төрийн харгис хууль байна. Тэр нь малчдын зээлийн хүүг бууруулах тухай хууль юм. Малчдын зээлийн хүүг арван хувь болгон бууруулах боломжтой гэж оны эхэнд Засгийн газар үзсэн. Хэрвээ малчдын зээлийн хүү жилийн арван хувь болоход сарын хүү 0,8 хувьтай тэнцэх юм. Энэ нь малчдаа сүрхий дэмжээд, нөхцөл байдлыг нь ойлгон, ахуй амьдралыг нь харж үзээд байгаа зүйл огтоос биш. Зээлийн хүү буурсныг малчин түмэн баяр баясгалантайгаар хүлээж авсан нь өрөвдмөөр. Энэ бол ерөөсөө малчдыг малгүй болгох, модыг нь бариулах гэсэн хамгийн харгис хууль юм. Өндөр хүүтэй зээл авч чадахгүй байгаа, мөн давхар зээл авах боломжгүй хүмүүс “сайхан гарц нээгдлээ” гэсэн шиг хөдөө рүү бөөн бөөнөөрөө давхилдаж очоод зээл авчихаж байна.

Өнөөдөр хөдөөний хэдийнхээ таван малыг барьцаанд тавиагүй хүн орон хотод ховор байгаа даа. “Тэрний ч сургалтын төлбөр, байрны түрээс, машины лизинг” гээд малчид “эрхийн тэнэг”-үүдийнхээ өмнөөс хэдэн малаа хаан банкны барьцаанд тавьчихна. Аав ээж, эмээ өвөөгөө загнаж байж зээл авахуулсан нөхөд приус машин хөлөглөж, үлдсэн хэдэн төгрөгөөр нь архидаад дуусалгүй хаачихав. Зээлийн хүү буурлаа гэж баярлалдсан малчид хэдхэн жилийн дараа таван малаа банкны барьцаанд тушаагаад орон хот руу зугтахаас аргагүйд хүрнэ.

Ингэж Монголын төр засаг нүүдэлчин малчдыг малгүй болгох, боловсролгүй харанхуй бүдүүлэг, цаашлаад малчингүй болгох бодлого хэрэгжүүлж, америкчууд индианчуудаа яаж устгасан яг л тэр жишгээр яваад байх шиг. Малчидтай холбоотой энэ олон хууль дүрмийг харахад ерөөсөө л тэгж харагдаж байна. Тэгэхээр малчид та нарт нэг зүйлийг хэлмээр байна. Бид бол нүүдэлчин малчдын үр удам, аав ээждээ хандаж байгаа юм шиг тийм л сэтгэлээр малчид та бүхэнд хандаж буйг эрхбиш ойлгох биз ээ.

Төр засгийн энэ бүх халамж та нарт хараал болж хүрээд байна. Хүүхдээ зургаан насанд нь бусдын адил сургуульд оруулахгүй гэж дэмийрч тэнэглэсний гороор үр хүүхэд чинь нийгэмтэйгээ зохицохоо болилоо.Та бүхэн соёлт нийгмээс өөрийн эрхгүй шахагдаж шоовдорлогдсон зэрлэг бүдүүлэг хүмүүс болж хувирлаа. Нэгэнт дийлэнх монголчуудаас өөр омгийн хүмүүс болоод эхлэхээр хүссэн хүсээгүй зэрлэг бүдүүлгээрээ дуудуулж, гадуурхагдаж эхэлнэ. Ингээд жалга жалгын мухар сахисан нүүдэлчин малчид өр шир, үс ноосондоо баригдсан зүгээр нэг музейн үзмэрүүд болж хувирна. Ингээд хэлчихээр зарим нэг нь “арай ч дэндүүлж, хэтрүүлж байна” гэж хэлж магадгүй. Гэвч өөр арга байхгүй шүү дээ.

Хот хүрээнд орж ирлээ гэхэд бичиг үсгийг нь, соёлыг нь мэдэхгүй, боловсролгүй бүдүүлэг хүмүүстэй хэн тоож харилцах юм. Монголын төр засаг малчдаа ингэж амьдрах эцэсгүй болгож байна. Сүүлийн үед мал аж ахуйг хөгжүүлнэ, төр засгаас бодлогоор дэмжинэ гэж ярьж байгаа. Энэхүү төрийн бодлого жалга жалгын тавин малтай, уулын мухар сахисан Монголын малчдад хамаагүй. Орчин үеийн шинжлэх ухаанаа дагасан том том фермер, мах сүүний үйлдвэрүүдийг хэлээд байгаа. Нүүдэлчин малчид биднийг төрөөс дэмжих нь гэж горьдсоны хэрэггүй. Харин та хэдийн “дэмжлэг” бол төрийн харгис бодлого. Тиймээс малчид минь оройтоогүй дээрээ наад хэдэн турсагаа орхиод хот суурин газар бараадсан нь дээр. Та нарыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна?

Б.Батболд