АН, МАН хоёр ярилцсан мэт адилхан сэтгэх юм. Өчигдөр ҮЗХ-гоо, нөгөө нь Бага хурлаа товлосон нь сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөө яг зэрэг батлах гэж хичээснийх гэлтэй.

АН, МАН-ын аль нь ч атгасан хөзрөө түрүүлж дэлгэх сонирхолгүй тул нэг өдөр зэрэг хуралдав. Хоёр тал хэр ижил, эсвэл юугаараа зөрүүтэй хөтөлбөр зарлах нь анхаарлын төвд байна. УИХ-ын сонгуульд барих АН-ын мөрийн хөтөлбөрийн гол амлалт Улаанбаатарт хийж хэрэгжүүлэх ажлуудад төвлөрнө гэсэн таамаг бий.

Нийслэлийн Ардчилсан нам дангаараа сонгуульд оролцоно

Энэ ч хүрээнд Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал өчигдөр болж, 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах, сонгуульд оролцох шийдвэрээ гаргах, намын сонгуулийн хороогоо байгуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хуралд оролцсон гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын мөрийн хөтөлбөрөө баталж, Нийслэлийн Ардчилсан нам дангаараа 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.
Мөн Нийслэлийн Ардчилсан намын Сонгуулийн салбар хороог байгуулав. Даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий менежерээр нь Нийслэлийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар ажиллах юм.

МАН, МАХН эвснээр сонгуулийн дүн тэдний талд гарах уу

Сөрөг хүчний суудалд дөрвөн жил суусан МАН энэ сонгуулиар даагаа нэхэх том зорилготой. Тэд АН-ын эхлүүлсэн ипотекийн зээлийн 5 хувийн хүү гэхчлэн иргэдэд таалагдсан ажлаас илүү сайхныг амлалгүй горьгүй. Одоог хүртэл ямар нэг тоо баримт мөрийн хөтөлбөрийн төслөөс алдагдаагүй, маш нууц горимд МАН-ынхан ажиллаж байна. Угшил нэгтэй МАН, МАХН эвсэж байгаа нь УИХ-ын сонгуулийн дүн тэдний талд гарах магадлал өндөр хэмээн ажиглагчид үзэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатарт иржээ. Тэрбээр өнөөдөр 10 цагт намынхаа төв байранд хуралдах Бага чуулганд оролцох юм байна. Хаалттай хуралдах МАХН-ын Бага чуулганд 200 гаруй гишүүн хүрэлцэн ирэх мэдээтэй байгаа бөгөөд тэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс гадна МАН-тай эвсэж сонгуульд оролцох талаар хэлэлцэх юм байна.

ХҮН шахагдаж, Г.Уянга шинэ намтайгаар хүч үзнэ

ХҮН-ын хувьд энэ жилийн сонгуульд анхнаасаа хүчтэй өрсөлдөгчөөр тодорсон. Гэвч яг сонгууль болоход хэдхэн сарын өмнөөс нам дотроо хагарладаж, хоёр хуваагдав. Ингэснээр Г.Ганбаатар, Б.Найдалаа нар ХҮН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн ч нэг намаас хоёр хүн даргаар бүртгүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд дээд шүүх татгалзахаас өөр арга байхгүй. Одоо ХҮН-д намын даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлж, нам шиг нам болоод сонгуульд оролцох найдлага бараг л үлдсэнгүй бололтой.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар сонгогдон, шинэ намтайгаар улс төрд хүч үзэхээр болсноо зарлав. Г.Уянга өөрийн илтгэлдээ "Даргынхаа “халаасанд явдаг” жижиг намуудын эгнээнээс огцом сугарч, улс төрийн талбарт том зорилгын төлөө гарч ирж байна. Монгол Улсын нэн шинэ түүхэнд анх удаа улс төрийн гуравдагч хүчин биш, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадах, монгол үндэстний өнөө болон хойч үеийнхний өмнө хариуцлага хүлээх чадвартай улс төрийн тэргүүлэх хүчнийг зарлаж байна” гэсэн юм.

Т.Буянаа