Эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс сүүлийн үед захидал бичиж түүнийгээ хэвлэл мэдээллээр тараах болсон. Ийм захидлын анхдагч нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын Ганцхудагаас бичсэн захиа байсан юм. Захидлууд ар араасаа бичигдэж буй учраас анхны захиаг Шадар сайд Ц.Оюунбаатар нэгэн өдөр тутмын сонинд аваачиж өгсөн гэх мэдээлэл байс хийгээд л гардаг. Уг захидлын талаар Усан спорт, сургалтын төвийн захирал Г.Арслантай уулзаж ярилцлаа.

-Тантай холбоотой нэг захидлын асуудал өнгөрсөн хугацаанд маш их яригдаж байгаа. Та ч бараг ямар захидал вэ гэдгийг мэдэж байгаа байх. ГЕГ-ын даргаар ажиллаж байсан Х.Баатар гуайн захидлыг таныг өдөр тутмын нэгэн сонинд өөрийн биеэр аваачиж өгсөн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Таны яриад байгаа захидлыг "Өдрийн сонин"-д анх би өөрийн биеэр аваачиж өгсөн нь үнэн. Мэдээж би энэ захидлыг хэнээс авснаа хэлэхгүй. Яаж ямар журмаар, яаж олж авснаа хэлж болохгүй. Яагаад гэвэл тухайн үед надад тусласан олон хүн төрийн ажил хийж байгаа учраас хэлэх боломжгүй гэсэн үг. Тухайн үед Х.Баатарыг хоригдож байхад тэр хорих ангид ажиллаж байсан нөхдүүд ч байгаа. Цаг нь болохоор захидлыг хаанаас авсан талаараа дурсамж номондоо бичих байх. Ямар ч байсан уг захидлыг би мэдээж ганцаараа олж чадахгүй. Шударга олон нөхдийн тусламж, дэмжлэгтэйгээр тэр нөхрийг буюу Х.Баатарыг намдаа захиа бичихэд нь замаас нь олж авсан гэсэн үг.

-Миний олж сонссоноор таныг одоогийн УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарын албаны өрөө буюу ажлынх нь компьютераас авчихсан гэдэг. Муухайгаар хэлбэл та "хулгайлж" авсан болох гээд байгаа. Энэ талаар?

-Та бодоод үз дээ. Би бүхэл бүтэн харуул хамгаалалттай, эргэн тойрон камер зоосон байгаа тийм газраас зөвшөөрөлгүйгээр хүний өрөөнд орж ямар нэгэн эд зүйл авах боломж байгаа юу гэдгийг та бас бодолцох хэрэгтэй л дээ. Энэ асуудлаас болж Ц.Оюунбаатар надтай муудалцаж намайг доромжилсон. Өөрөөр хэлбэл, би түүний цоожтой өрөөнд ороод авна гэх ойлголт байхгүй шүү дээ. Би бүр сүүлдээ тэсэхээ болиод Ц.Оюунбаатарт хэлсэн "Чи дахиад намайг нэг доромжилсон үг бичих юм бол бүх юмыг чинь дэлгэнэ шүү" гэж. Мэдээж надад дэлгэх юм байгаа шүү дээ. Хэрвээ би УИХ-ын гишүүний өрөөнд орж хулгай хийсэн бол өдийд шоронд сууж байх байлгүй дээ. Тиймээс ор үндэсгүй явган яриа л гэж хэлэх байна.

-Тэгвэл Ц.Оюунбаатартай холбоотой юмнаасаа зах зухаас нь дэлгээч?

-Түүнтэй холбоотой жижигхэн юмнууд байгаа л даа. Үүнийг би хэлснээрээ Ц.Оюунбаатар шоронд орохгүй нь лав байх. Түүний нэр хүнд л унах байх. Учиргүй хувийн харьцаатай холбоотой зүйлийг дэлгэх шаардлага байхгүй. Бид гайгүй харьцаатай гэр орноор нь орж гардагийн хувьд жудагтай байх ёстой.

-Тэгвэл Ц.Оюунбаатар сайд захидлыг "Өдрийн сонин"-д аваачиж өгөөгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Би ярилцлага эхлэхийн өмнө өөрт чинь тодорхой ярьсан. Би өөрийн биеэр аваачиж өгсөөн гэж. Тиймээс Ц.Оюунбаатар энэ захидалтай ямар ч холбоогүй гэсэн үг.

-Захидлыг та эх хувиар нь авч өдөр тутмын сонинд аваачиж өгсөн үү. Энэ захидал ер нь тухайн үед ямар учиртай байсан юм бэ. Таныг удам дамжсан чекист гэж хүн гэж ярьдаг юм билээ. Тиймээс энэ мэргэжлээ ашиглаж захидлыг олж авсан уу гэж асуух гээд байна л даа?

-Захидлыг эх хувиар нь олж авч чадахгүй шүү дээ. Надад зөвхөн фото байдлаараа олдсон учраас сонинд аваачиж өгсөн юм. Мөн та намайг чекист гэж тодорхойлсонд баярлалаа. Гоё, сайхан сонсогдож байна. Энэ талаар товчхон хэлэхэд миний аав НАХЯ-нд, сөрөг тагнуул, дотоодын тагнуул гээд газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Тиймээс миний хувьд тагнуулын байгууллагатай ямар ч холбоо сүлбээ байхгүй гэдгийг хэлчихье. Би ХБНГУ-д барилгын инженер мэргэжилээр суралцсан. Үүнийхээ хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр суралцаж төгссөн. Тиймээс би хэний ч өмнө бардам хэлж чадна. Магадгүй монголд төгссөн цорын ганц эрэн сурвалжлах зүйгээр төгссөн хүн нь би байх. Германд суралцаж байхад мэдээлэл яаж цуглуулах уу, мэдээллийг яаж хадгалах уу гээд маш олон хүчин зүйл байна л даа. Энэ эрэн сурвалжах сэтгүүл зүй маань ч надаа энэ захидлыг олж авахад нөлөөлсөн байх гэхдээ энэ захидлыг би ганцаараа олж авахгүй нь тодорхой.

-Та Х.Баатарын захидал гэж яг яаж мэдсэн юм бэ?

-Тухайн үед Гаалийн Х.Баатар шоронд орчихсон байсан. Тэрбээр ямар асуудлаар шоронд орсон бэ гэхээр. Сонгуулийн өмнө тухайн үеийн МАХН мөнгө босгох гээд өөрийнхөө намын нэрийн өмнөөс боомтуудын даргаар очсон, гаалийн даргаар очсон хүмүүсээс мөнгө татдаг байсан гээд хэвлэлээр олон гарч байсныг та санаж байгаа байх. Энэ асуудаар Бичигтийн боомтын дарга, Баатар хоёрын унаж явсан машинаас нь хэдэн зуун сая төгрөг гарсан гэж бичигдэж байсан шүү дээ. Гэтэл тун удалгүй над руу нэг хүн утасдаад нэг захиа яваад байна гэсэн мэдээллийг өгсөн. Би тухайн үед олж авах ямар боломж байна гэж ярьсан л даа. Миний ойлголтоор тухайн үед Баатар хоёр захиа бичээд хураалгасан гэж сонссон. Харин гурав дахь маш ноцтой захиа. Баатар мэдээж захиагаа шуудангаар явуулж чадахгүй. Хүн амьтнаар дамжуулдаг байх. Нарийн юмыг нь би мэдэхгүй.

-Тэгэхээр та дамжуулсан хүнээс нь авчихсан юм биш үү?

-Би түрүүн хэллээ шүү дээ. Яаж олсныгоо хэлэхгүй гэж. Би захиаг фото файлаар олж авсан. Үүнд ямар хүмүүс оролцсон бэ гэхээр тухайн үед хорих ангид ажиллаж байсан хүмүүс оролцсон байх. Би өөрөө 1985 онд саналаараа хязгаарын цэрэгт явсан. Манай анги чинь дотроо цагдаагийнх, засангийнх гэсэн хоёр тусдаа байсан юм. Намайг засанд нь хуваарилсан. Засан гэдэг нь засан хүмүүжүүлэх хорих байгууллага гэсэн үг. Тухайн үед надтай хамт 1985 онд цэрэгт байсан олон хүүхдүүд байсан гэж хэлье л дээ. Тиймээс цэрэгт цуг байсан 18-19 настай хүүхдүүд энэ хугацаанд хурандаа төдийгүй монголын олон хорих ангиудад ажиллаж байсан. Зарим нэг нь хорихын дарга ч хийж байсан. Тэгэхээр надад танил маш олон байсан. Тиймээс захиаг ямар журмаар олж авсан нь хамаа байхгүй. Цаад утгаараа бол энэ асуудалд Ц.Оюунбаатар гэдэг хүн ямар ч хамаагүй гэсэн үг. Сүүлд нь надад Ц.Оюунбаатар гомдсон. Бид хоёр гайгүй найзууд байсан. Намайг осолд орсон байхад тэрээр надад үнэгүй өмгөөлөл хийж байсан. Тухайн үед тэрээр УИХ-ын гишүүн болоогүй байсан үе шүү дээ. Ямар ч байсан Ц.Оюунбаатар нам дотор байгаа хүмүүс шигээ идэж уусан зүйл байхгүй. Энэ захианы асуудлаас болж бид хоёр муудалцсан гэдгээ дээр дурдсан.

-Та захидлыг "Өдрийн сонин"- яг хэдэн төгрөгөөр зарсан бэ?

-Би захидлыг ямар ч мөнгө төгрөгөөр зараагүй гэдгийг баттай хэлье. Яагаад гэхээр би хэний ч өмнө хэлдэг. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тэмцэж явж байгаа миний зорилго бол мөнгө олохын төлөө биш, эрх мэдлийн төлөө ч биш. Энэ нийгэм болохгүй байна. Хажууд нь хараад дуугүй зогсоод байх хэцүү байсан .

-Х.Баатарын захидлыг өдөр тумын сонинд аваачиж өгөх нь тийм их ач холбогдолтой байсан юм уу?

-Тухайн үеийн МАХН яаж ялзарсан байна. Яаж сонгуулийн мөнгө төгрөгийг босгодог болсон байна. Яаж боомтын дарга нар мөнгө хийж байна гэдгийг харах ёстой л доо. Харамсалтай нь үр дүн нэг их гараагүй. Одоогийн гааль ч ялгаагүй л болов уу гэж би бодож байна.

-Та Х.Баатар гуайн бичгийн хэвийг мэддэг байсан уу. Захиа хэдэн нүүр байсан юм бэ?

-Хөх тосон балаар бичсэн хоёр нүүр захиа байсан. Х.Баатар гуайн бичгийн хэлбэр мөн үү гэдгийг мэдэхийн тулд гаалийн газрын гадаа гурван өдөр очсон юм. Тухайн үед таньдаг мэддэг хүмүүсээсээ асуугаад зарим нэг нь Х.Баатарын гарын үсэгтэй бичиг баримтыг гаргаж ирнэ шүү дээ. Яг гарын үсэг нь мөн байна гэдгийг мэдсний үндсэн дээр "Өдрийн сонин"-д аваачиж өгсөн. Яагаад тус сонинд өгсөн бэ гэвэл тухайн үед засгийн эрх МАХН-ын гарт байсан. Ардчилсан нам бол сөрөг хүчин байсан. Би бол хэзээд засгийн эрхэнд байгаа намыг л шүүмжилж байгаа. Одоо бол би ардчилсан намыг л шүүмжилж байгаа шүү дээ. Та бүхэн яагаад надаас ингэж асууж байна гэж бодохоор танай сонин болон Зууны мэдээ сонины цаана Н.Энхбаяр байгаа гэж боддог би тэгж сонссон юм. /Үгүй юу тэ. За тэгвэл уучлаарай/. Магадгүй Н.Энхбаяр одоо хэцүү байдалд орчихсон намаа эзгүйд нь толгойлох хүнээ олж ядахдаа Ц.Оюунбаатарыг шалгаж байгаа юм болов уу гэж би дотроо бодож байна. Гэхдээ надаа энэ асуудал бол нэг их сонин биш. Энэ захидлын талаар би өмнө нь ярьж байсан даа уг нь.

-Та Усан бассейны даргаар ажиллаж байхдаа хувьчлалыг маш их эсэргүүцэж байсан. Таныг эсэргүүцэж байхад одоогийн хотын удирдлагууд өөрийг чинь маш их ашиг сонирхлын зөрчилтэй, тус бассейн алдагдалтай ажиллаж байсан гэж ярьж байсан. Энэ талаар?

-Хэрвээ би хууль зөрчиж байсан бол гурван шатны шүүхээр ялахгүй. Харин Анхан шатны шүүх дээр ганц хүнийг янз бүрээр дарамтлаж болдог юм байна билээ. Гурван шатны шүүхээр орохдоо анхан шатны шүүх дээр би ялагдаж байсан. Тус шүүхэд яаж ялагдсан бэ гэхээр хурал 15-н удаа болж байсан. 15-н удаад нь би ялна гэдэгтэй 100 хувь итгэлтэй байсан. Ямар нэгэн асуудал гараад шүүгч шийдвэрээ гаргах гэхээр нөгөө талын 5-6 өмгөөлөгчид тийм юмыг шалгах хэрэгтэй, үүнийг дахиж тодруулна гээд хойшлуулчихдаг байсан юм. Ингэсээр байгаад 15 дахь шүүх хурал болоход би өмгөөлөгчгүй ганцаараа орж байсан. Уг хурал бүтэн таван цаг хуралдахад Анхан шатны шүүхийн шүүгчид сүүлчийн тавхан минутад тогтоолоо уншихдаа Арслан буруутай гээд шийдвэрээ гаргачихсан. Энэ шийдвэрт нь тийм зүйлийн улмаас ингэж буруутлаа гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Харин дараагийн шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд яг дээрх шүүхэд очсон материал очоод би ялсан. Энэ шүүхэд гурван шүүгч суудаг юм байна билээ. Гурван шүүгчийг дарамтлахад хэцүү дээ. 2015 оны есдүгээр сарын 24-нд Улсын дээд шүүхээр буюу хянан шалгах шүүхээр ороход таван шүүгч байсан. Э.Бат-Үүл гурвыг дарамтлаж чадаагүй юм чинь тавын барахгүй байлгүй дээ гэж би дотроо хардаж байсан. Тэгэхээр хоёр шатны шүүх Арслан буруугүй юм байна. Хууль зөрчөөгүй юм байна гэдгийг баталж үндэслэлгүй ажлаас нь халжээ гэдгийг баталсан. Түрүүн өөрийн чинь хэлснээр би ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байсан бол шорон явдаггүй юм аа гэхэд халагдах нь зөв болно. Одоо бассейнд байгаа ажиллаж байгаа Ардчилсан намын нөхдүүд, Эрх чөлөө хэрэгжүүлэгч намын Төмөрсүх нар нийлж байгаад намайг матсан гэсэн. Тэд Арслан хоёр хаустай болсон байна, дөрвөн жиптэй болсон байна. Хүүхдээ бассейнд багшаар оруулсан гээд баахан худлаа зүйл бичсэн байна билээ.

-Та хоёр шатны шүүхэд ялчихсан мөртлөө яагаад өнөөг хүртэл ажилдаа орохгүй байгаа юм бэ. Аль эсвэл хотын дарга Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна уу?

-Би дураараа очоод ажилдаа орж болохгүй биз дээ. Би шүүхийн шийдвэрийг биелүүлээч гэж Э.Бат-Үүлд олон удаа хандаж утас руу нь мессеж хүртэл бичиж байсан. Надад энэ хугацаанд тэрбээр хариу өгөхгүй байсаар байгаад 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ныг өнгөрөөчихсөн. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сарын 02-ны өдөр хотын хуулийн хэлтсийн хоёр хүүхэд дуудаж таныг ажилд тань буцаагаад тавихаар боллоо та хүрээд ирэхгүй гэж хэлсэн. Энэ хугацаанд чинь би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар зөндөө явлаа даа. Монголд хууль хэргэждэггүй гэдгийн нэг баталгаа. Тус газар дээр очихоор яах уу гэсэн хариулт өгдөг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь Э.Бат-Үүл дээр очиж ёсолж байгаад ажлаа танилцуулдаг юм байна билээ.

 

Түүнчлэн ШШГЕГ-ын дарга С.Билэгттэй утсаар яриад мессеж бичиж үзлээ. С.Билэгт бид нар чинь олон жилийн танил шүү дээ. Бид Ардчилсан холбоог үүсч байхад цугтаа явж байсан. Гэтэл С.Билэгт яаж ч чадахгүй байна гэж байгаа юм. Мэдээж би С.Билэгтийн хувьд хэн ч биш ажилгүй, эсэргүү нөхөр учраас дэмжихгүй байна гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь Э.Бат-Үүл намайг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 01-ны өдөр ажилд томилсон болоод яг энэ өдрөө тантай Хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэсэн бичиг харуулж байгаа юм. Үүнийхээ дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр гэрээ сунгагдаагүй учраас таныг Хөдөлмөрийн хуулийн тийм, тийм зүйлийг үндэслээд хоёрдугаар сарын 02-ны өдөр ажлаас халлаа гэсэн албан бичиг өгч байгаа юм. Тэгэхээр Э.Бат-Үүл намайг хорлох гэж үзэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл намайг нэг сар ажиллуулсан болох гээд байна. Өөрөөр хэлбэл, би 2014-2015 оны бүтэн цалин авах ёстой. Хөөцөлдсөөр байгаад хоёрдугаар сарын 17-ны өдөр тал мөнгийг шүүхийн шийдвэрээр дамжуулж өгсөн. Хэрвээ Э.Бат-Үүл ямар нэгэн асуудлаар миний мөнгийг өгсөн бол би шүүхийн шийдвэрээр заргалдах шаардлагагүй болох байсан. Үүнийгээ тэд төсөвт мөнгө байхгүй байна. Та ирэх онд аваа гэж байгаа юм. Уг нь хуулийн дагуу бол хэн буруутай этгээд нь төлнө гэсэн хуулийн заалттай. Бас нэг зүйлийг та асуусан. Намайг хэр сайн, муу ажиллаж байсан бэ гэдгийг багш нар хэлэх байх. Тухайлбал, намайг байхад 53 хүний дээд тал нь нэг хүн нэг сая хоёр зуун мянган төгрөгийн цалинг багш нар авч байсан. Үйлчлэгчийн нарын дээд тал нь 675 мянган төгрөгийн цалин авч байсан. Энэ хугацаанд би улсаас нэг ч төгрөг аваагүй. Харин ч миний өмнө ажиллаж байсан хоёр дарга арван жил ажиллахдаа улсаас сар болгон мөнгө авна. Тэд доод тал нь 7-8 сая, дээд тал нь 20 сая төгрөг авч байх жишээтэй. Та бүхэн санхүүг нь шалгуулаад үзээрэй. Дээрх хоёр даргын нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баз хүргэн Дөрвөнжин гэж нөхөр дөрвөн жил бассейны даргаар ажилласан. Энэ нөхөр Улаантолгойн Сангийн аж ахуйг дампууруулаад ирсэн гэж сонсож байсан. Тэгэхээр би бассейндаа улсаас нэг ч төгрөг аваагүй гэдгийг баттай хэлнэ дээ. Намайг одоогийн хотын удирдлагууд янз бүрээр унагах гэж их үзсэн дээ. Даанч надад идэж уусан зүйл байхгүй учраас яаж ч чадахгүй байгаа юм.

-Та өмнө нь төрд алба хашиж байсан уу?

-Германд сургууль төгсөж ирээд барилгын яам гээд хэд, хэдэн төрийн албанд ажиллаж байсан. Яг үнэндээ тагнуулч гэдэг яриаг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргасан. Тэрбээр Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг байгуулж байхад нь би гурван нөхрийн хамтаар орж байсан. Гэтэл бидний хүсч байсан Ж.Батзандан биш болоод явчихсан. Энэ нөхөр их мөнгө төгрөгний сонирхолтой болоод явсныг бид дотооддоо ярьсан. Тэрбээр намайг Шар хадны данстай нөхөр байна гэсэн байсан. Ядаж би нэг удаа Шар хаданд хэвтсэн бол тэгж хэлж болно оо доо. Энэ яриа нь бүтэхгүй болоод ирэхээр НАХЯ-ны хүн гэдэг үг гаргаад ирсэн. Гүй яах вэ, Хятад гэж хэлээгүй нь их юм. Хэрвээ би НАХЯ-ны ажилтан байсан бол аль засгийн үед байсныг гаргаад баримтаар нотолж болно. Би хэзээ ч тагнуулын байгууллагад ажиллаж байгаагүй гэдгийг үүгээрээ хэлье дээ.

-Таныг УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших гэж байгаа гэж ярьж байсан. Энэ үнэн үү?

-Нэр дэвшихийн хувьд хамаагүй эрт дуугарч болохгүй. Эрх мэдэл миний талд биш нөгөө талд байгаа учраас хуулийг яаж ч гуйвуулаад хэлж болно. Би их олон удаа хэлж байсан. Дал хүртлээ биш далд ортлоо үгээ хэлнээ гэж тэгээд л ойлгочих.

-Таны бодлоор Монгол Улсад эдийн засгийн хямрал үүссэн үү?

-Манай улсад эдийн засгийн хямрал үүсээгүй. Энэ бол эрх баригчдын зохиомлоор үүсгэж буй эдийн засгийн хямрал. Төрд сууж байгаа хэдхэн хүмүүс л ард түмнээ санаатайгаар ядуу амьдруулаад байгаа. Өөрөөр хэлбэл, та баян амьдрах юм бол таны амьдралыг харах өнцөг чинь өөрчлөгдөх учраас зохимол хямралыг үүсгэж байгаа юм. Тиймээс таныг ядуу амьдруулахын тулд саналыг чинь нэг шуудай гурилаар худалдаж авч байна гэсэн үг. Тиймээс бодит байдалд ардчилал байхгүй.

Эх сурвалж: