Сэтгүүлч, зохиолч Б.Ойдовын тэмдэглэл, нийтлэлүүдээс ZUVSONGOLT.MN сайт зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад "XX зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонууд" бүтээлийн гуравдугаар бүлгийг хүргэж байна.

20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАРСАН ЦУУТАЙ ЗОДООНУУД

Өмнөх нэгдүгээр бүлэгт 1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1912 оны Маймаа хотын зодоон, 1961 оны хятад, монголчуудын зодооны талаар өгүүлсэн. Харин хоёрдугаар бүлэгт 1966 оны хятад, монголчуудын зодоон, "Есөн гудамжны зодоон", 1976 оны Хандгайтын зодоон, Үйлдвэр комбинатын зодоон, 1986 оны Хүнсний хорийн зодооны талаар өгүүлсэн. Энэхүү гуравдугаар бүлэгт 20-р зууны төгсгөл үеийн цуутай гурван зодоон болох 1992 оны "Квантуны арми"-ийнхны танхайрал, 1995 оны Гүнтийн буудалцаан, 21-р зууны босгон дээр өрнөсөн Центрпойнтын зодооны талаар өгүүлж байна.

1992 ОНЫ "КВАНТУНЫ АРМИ"-ИЙНХНЫ ТАНХАЙРАЛ

Нижгэр дайнтай, сайнтай муутай, Нэртэй цуутай хорьдугаар зууны, Нэг мянга есөн зуун ерэн оныг, Нэхэн санах хичнээн сайхан? Дутагдаж гачигдсан эрхээ эдлэхээр, Дураараа дургиж, чигээрээ зүтгэсэн, Дуулиан шуугиантай ерэн оныг, Дурсан санагалзах төчнөөн бахдам. Үнэхээр тийм шүү. Гэвч бид ийм гоё цаг үеийг эрхгүй догдлон хүлээж авсан хэрнээ эрх чөлөө, эрч хүч, эрдэм чадлаа хичнээн буруугаар ашигласан гэж санана. Арай дөнгүүр сэхээтнүүд нь улс төр, сонгууль, нам эвсэл, бизнес наймаа гэж хоорондоо тэмцэлдэж байх зуур ард иргэдийн амьдрал доройтож, улмаар дээрэм тонуул, хулгай зэлгий, залилан луйвар газар авч, тэр ч байтугай эрүүгийн ертөнцийнхөн толгойгоо хүчтэй цогнойлгож эхэлсэн түүхтэй. Тэдний хамгийн залуу төлөөлөгч нар нь "Квантуны армийнхан" гэгч байлаа. 1980-аад оны сүүл үеийн өөрчлөн байгуулалт буюу "Перестройка"-гаар тархиа цэнэглүүлж, мөн тухайн үед нийслэлчүүдийг шуугиулж байсан "Хон Гил Дон" хэмээх Солонгосын зодоонтой киногоор өвчилж, тэгээд консервны лаазаар од, төмрөөр жад хийгээд бие биенээ хатган тоглож, улмаар дүүрэг, хороогоороо бүлэг болж хоорондоо чулуун байлдаан хийж явсан шавилхан жаалууд 1990 онд эрийн цээнд хүрмэгцээ Ардчилсан хувьсгалын ач буяныг хүртэж байгаа нь тэр гээд өөрсөддөө "Квантуны арми", "Чингисийн ташуур" гэх мэтийн нэр хайрлаж, сайртай бор гартаа атгаж явсан чулуу, тоосгоо хаяад оронд нь хутга, буу хармаалж явах болсон юм. Эрх чөлөөндөө ташуураад эвдэрч байгаа нь тэр.

Мөн тэр үед дэггүй охидын "НАБО" хэмээх бүлэглэл бий болж байв. Чулуун байлдаан гэснээс наяад оны зарим нэг чулуун байлдаан цагдаа нарын тамирыг шавхдаг байлаа. Ямар сайндаа л тэр үеийн чулуун байлдааны бяцхан түүхийг гадаадын судлаач хүртэл сонирхоод эхэлчихэж. Жишээ нь Христийн шашныг түгээн дэлгэрүүлэхээр Монголд ирсэн Сандерсон хэмээх пастер монголчуудын төрөлх зан төлөв, генийн хөгжлийн талаар нарийн судалгаа бүхий ном бичиж Барууны оронд хэвлүүлжээ. Уг номонд монголчууд бид бүгдийн өөрсдөө ч анзааралгүй орхисон амин чухал байж мэдэх сэдвийг хөндөж, улмаар үүнийгээ 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуунтай холбож бичсэн байна. "Нүүдэлчин монголчууд эртний дайнч уламжлалаа мартсан уу" гэдэг нэртэй уг номонд 1970 оноос 2008 он хүртэлх Монголын өсвөр багачуудын хооронд болсон томоохон чулуун байлдааныг баримтаар дурджээ. Жишээ нь 1982 оны зуны эхэн сард Нийслэлийн гэр хорооллын Дэнжийн мянга, Хайлаастын хүүхдүүдийн хооронд болсон чулуун байлдааныг дурдсан байх бөгөөд хоёр талаас нийлээд зургаан зуу гаруй хүүхэд оролцож, гуч орчим хүүхэд тархиа хага цохиулж, нэг нь бүр төмөр шонгоор үхтэлээ балбуулж, энэхүү чулуун "зодоон"-ыг дөч гаруй цагдаа ирж байж арай чүү салгаж тараасан түүхтэй. Уг зодоонд эхлээд гол төлөв 4-5-р ангийн хүүхдүүд оролцож, талцан чулуугаар хоорондоо нүүлгэлцэж байсан боловч яваандаа 8-10-р ангийн том хүүхдүүд ирж оролцсоноор сүүлдээ яг л мөнөөх Хүнсний хорийн алдарт зодоон лугаа нийтийг харамсан үймээн болж хувирсан юм.

Уг зодооныг тараахаар эхлээд давхиж очсон Сүхбаатарын районы цагдан сэргийлэхийн "УАЗ-469" машины цонхыг хөөрсөн залуус тал талаас нь чулуугаар нүүлгэн хага цохиж, байдал ийнхүү хүндэрсэнд Нийслэлийн цагдаагийн дөч гаруй цагдаа мотоцикль, чанга яригчаар зэвсэглэн ирж эцэг эхчүүдийг хүүхдээ татаж ав хэмээн уриалсаар гудамжийг бүслэн хааж байж сая нэг уг чулуун байлдааныг дарж байсан түүхтэй. 1982 оны хүүхэд багачуудын энэхүү томоохон чулуун байлдаан дөнгөж өмнөхөн нь болоод өнгөрсөн Хүнсний хорийн алдарт зодооноос сургамж авсан, бас тухайн үед уг зодооны талаар амтай бүхэн шагшин шуугиж байсан болохоор юмны учир мэдэхгүй хүүхдүүдийн сэтгэхүйд баатарлаг эрчүүд болох гэсэн мөрөөдөл зонхилж байвай.

"Квантуны арми" гэгчийнхэн бол иймэрхүү чулуун байлдааныг угтан төрж, уралдан бойжсон залуучууд байлаа. Тэд голдуу хотын төвийнхөн байсан бөгөөд гэр хорооллынхонтой байсхийгээд л чулуугаар байлддаг "хүнд гарууд" байв. Эд нар 1990 оноос эхлээд том жижгээр танхайрч байсаар 1991 оны 9-р сарын 22-ний шөнө хамгийн том танхайрлаа гүйцэлдүүлж, цагдаагийнхныг түргэн авахуулж, Нийслэл даяар дуулиан дэгдээж байсан түүхтэй. "Квантуны арми"-ийн толгойлогч нь Ариунболд гэгч залуу байсан бөгөөд түүний ах "Квантуны" Бандиатай би хэд хэдэн удаа уулзаж, өөр бусад хүмүүсээс бас яриа авч "Квантуны арми"-ийг нэхэн сурвалжилсан юм. 1992 оны тэр нэгэн шөнө цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотыг самнах шахан байж "Квантуны арми" гээчийг дарж авч байлаа. Ерээд оны эхэн үед Оросын цагдаагийнхан мөн л ийнхүү нэг шөнийн дотор Москва хотыг бужигнуулан байж эрүүгийнхэнийг дарж авсан гэдэг. Гэвч олон сая хүнтэй ОХУ-ын эрүүгийн ертөнц ганц удаагийн самналтаар бүрмөсөн дарагдана гэж юу байхав дээ. Манайхан оросуудыг дуурайгаад "Квантуны арми"-ийг бут ниргэсэн ч байж мэднэ. Тэр цагаас хойш эдүгээг хүртэл Квантуны армийн толгойлогч Ариунболдын нэр хотын залуучуудын дунд үе үе цуурайтсаар ирсэн билээ. Тухайн үед цэцэрлэг, яслид гүйж явсан өнөөгийн залуучууд хүртэл "Ерээд оны үед Квантуны армийн Ариунболд гэдэг айхтар залуу байсан гэнэ. Тэр ер нь яадаг нөхөр байсан юм бол оо" гэж асууж сураглах болжээ.

Өнгөрсөн үеийнхээ дуулиант явдлыг ийнхүү сонирхож ярилцах нь зүйн хэрэг. Наяад оны Хүнсний хорийн зодоон, жараад оны хятад-монголчуудын зодоон зэргийг өнөөгийн хүмүүс "Тэр үед чухам юу болсон юм бэ" гэж нэхэн санадаг. Тэгвэл хорь гаруй жилийн өмнөх "Квантуны арми"-ийнханы дуулиант явдлыг өнөөгийн залуучууд мөн л нэхэн санах болжээ. Магадгүй хорин жилийн дараа буюу 2030 оны үед тухайн үеийн залуучууд "2008 оны 7-р сарын нэгэнд чухам юу болсон юм бэ" гэж нэхэн санах нь ойлгомжтой. 1992 оны тэр нэгэн танхайрлын тухай "Квантуны" Бандиа өгүүлэхдээ "Дал, наяад оны Улаанбаатарын атаман "Ногоон" Чойлон бол манай талийгаач дүү Ариунболдын "Крестний отец" нь байлаа. Наяад оны сүүл үед Чойлон дүүд маань Японы Квантуны армийн тухай нэг ном өгч, үүнээс улбаалаад Ариунболд "Квантуны арми" гэдэг бүлэглэл байгуулсан юм. Энэ мэтээр Ариунболдын атаман болох зам мөр шуударсаар Дөчин мянгатаас хальж өөрийнхөө үеийн Улаанбаатарын хүчтэй залуусыг командлах болсон. Сүүлдээ түүний Квантуны арми улам хүчирхэгжиж, энд тэндээс залуучууд ирж нэгдэх болсоноор подваль зэргийн юманд багтаж шингэхээ байсан л даа. Тэр үед Ариунболд Улаанбаатар хотын хэдэн дүүргийг тэр чигт нь атгаж байлаа. Монголын эрүүгийн түүхэнд ийм том бүлэглэл бий болж байсныг би л хувьдаа мэдэхгүй юм. Квантуны армийнхан тусгай туг сүлдтэй, савхин малгайн дээрээ бүргэдийн зурагтай байсан. Сүүлдээ эд нар цагдаагийн эргүүл хамгаалалтын 801-р ангийнханд хүртэл захирагдахаа байсан. Тэгээд л даварсаар байгаад 1992 оны 9-р сарын 22-ний шөнө цагдаагийнханд хүйс тэмтрүүлсэн дээ. Манай дүү Сэргэлэн бас Ариунболдын бүлэгт орчихсон.

Ариунболдын туслах Баасан бол хүн алахаас буцахааргүй залуу байсан. Ах нь цагдаагийн хүн. Тэгээд хэрэг гардаг орой ахынхаа дүүрэн сумтай бууг хусчихгүй юу. Буутай болчихсон "Квантуныхан" хотын төвөөр баахан бужигнуулж байсаар Алтанцоож гэдэг залууг Баасан зургаа буудаад алчихсан. Дараа нь тэд цаашаа явсаар 51-р дэлгүүр хавьцаа пиво зардаг байсан нэг нөхөртэй муудалцаад, манай Сэргэлэн Баасанд хандаж "Наадахаа бууд" гэж тушаахад шууд л буугаа гаргаж ирээд ганц буудахад нөгөө залуу нь газар дээрээ нам болсон байдаг. Ингээд бөөн хүн амины хэрэг болоод явчихгүй юу. Цагдаагийнхан түгшүүр авч, Квантуны армийнханыг газар сайгүй эрэн сурвалжлаад Улаанбаатар хот тэр аяараа онц байдалтай болчихсон. Квантуныхан тэр шөнө цагдаа нартай буудалцаад л зугтаад байсан байгаа юм. Сүүлдээ Багшийн дээдийн өмнөхөн талд цагдаа нар Баасангийн хөлөнд буудаж унагасан. Тэгтэл Баасан амиа хорлох гээд өөрийгөө буудсан. Аз болж сум нь гүрээгээр нь ороод духных нь дээгүүр гараад явчихсан. Квантуны арми ингэж нэг юм дарагдаж байлаа. Уг нь эд нарыг зөв чиглүүлсэн бол улс оронд бас хэрэгтэй л байх байлаа. Тэд "Малыш" Энхтүвшингийн даалгавраар 1990 оны Ардчилсан хувьсгалын арын хамгаалалтыг хариуцаж байсан юм шүү. Толгойгоо цагаан даавуугаар боочихсон залуучууд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсаныг мөрөн дээрээ суулгачихсан ерээд оны нэг гэрэл зураг байдаг шүү дээ. Тэд нар чинь Квантуны армийнхан байхгүй юу. Ариунболдын үед бол гадныхан Монголд арай ч түрэмгийлээд орж ирчихээгүй байсан цаг. Өнөөдөр хужаануудаас гадна солонгосчууд манай улсад жинхэнэ даварч байна шүү дээ. Чингисийн үеэс эхлээд үеийн үед цөс нь буцалсаар ирсэн улаан залаатай монгол эрчүүд ингэж засуулсан хурга шиг хүлцэнгүй ноомой байх ёсгүй юм. Халх эрчүүд уг нь чадах ядахаараа архирч л байх ёстой" хэмээв.

Квантуны армийн дээрхи цуутай хэргээс хоёр хүн буудаж алсан Баасан гэгч нь насанд хүрээгүй байсан учраас 10 жилийн ял авчээ. Сэргэлэн бууд гэж тушаал буулгасанаасаа болж 12 жилийн ял сонсчээ. Ариунболдын зүүн, баруун гар нь Пүүжээ, Пүрвээ гэдэг мундаг зодоонч хоёр залуу байж. Эд нар нөгөө цуутай танхайрлын үеэр нэг залууг бас тоосгоор цохиод алчихсан байдаг юм. Квантуны армийнхан үнэхээр ерэн оны Ардчилсан хувьсгалын ар талыг хариуцаж байсан эсэхийг "Малыш" Энхтүвшингээс асуухад тэр ингэж хариулж билээ. "...Квантуны армийн толгойлогч Ариунболд бол үе тэнгийнхээ дөрвөн зуу гаруй хүүхдийг нэгтгэж чадсанаараа агуу. Эд нарыг зөв зүйтэй үйл хэрэг рүү чиглүүлж чадвал маш том хүч байхгүй юу. Нэр нь л Квантуны арми гэж байгаа болохоос биш эд нар чинь залуучуудын томоохон байгууллага байсан юм. Дөч, тавин мянгатын атамануудын цуваа ерөнхийдөө эд нараар дууссан гэж хэлж болно. Ариунболд ерэн оны ардчилсан хувьсгалд асар их ач холбогдолтой оролцсон. Тэр үед хамгийн чухал асуудал бол хамгаалалт байлаа. Аюулаас хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллагаас орж ирсэн өдөөн хатгалгыг урьдчилж мэдэх шаардлага тулгарсан. Нийтдээ дөрвөн газраас хамгаалалт гарсан. Дөрөв дэх хамгийн хүчтэй хамгаалалт нь болохоор Ариунболдын толгойлсон Квантуны арми. Эдний гол зорилго нь бол Аюулаас хамгаалах яамнаас юмуу, цагдаагийн байгууллагаас өдөөн хатгасан үйлдлийг зогсоох, жагсаал цуглаан дундуур согтуу хөлчүү хүмүүсийг зориуд оруулж зодоон нүдээн үүсгэх явдлыг таслан зогсоох байлаа.

Харин тэр үед аз болж хүний амь настай холбоотой айхтар хэцүү юм тохиолдоогүй. Хэрвээ тохиолдсон бол Квантуны армийнхан амиа өгөхөд ч бэлэн байсан улс. Өөр нэг том асуудал бол бид нар цэцэг түүх гэж Ардчилсан хувьсгал хийгээгүй. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн гарах нь ч тодорхой байсан. Ер нь бол няц даруулна гэдгээ бүгд ойлгож байсан. Квантуны армийн хүүхдүүдийн ихэнх нь 16-18 насны залуучууд байлаа. Ийм насны залуучуудад элдэв янзын юм ойлгуулаад байх шаардлага байдаггүй. "Эх орныхоо төлөө" гэсэн ойлголт өгчихсөн байхад л болно. Аливаа улсын арми 17-18 насны залуучуудыг цэрэгт татаад байдагийн учир нь энэ. Хэрвээ гуч, дөчин насны хүмүүсийг байлдаанд яв гэвэл авгай хүүхэд, ар гэр гээд бөөн л зовлон тоочино. "Хулганы хамраас ч цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг хийчихсэн" гэж манайхан онгироод байдаг. Онгирох зүйл ерөөсөө байхгүй. Тэр үед аль ч анги нэгтгэлийн зэвсэгийн асуудал маш сул байсан. Тэнд ерөөсөө итгэл хүлээсэн нэг офицер байхад л хангалттай. Хамгийн гол нь тэр зэвсгийг аваад хүн буудаж чадах уу, үгүй юу гэдэг нь л асуудлын гол байсан. Үүний эзэд нь Ариунболдын толгойлсон Квантуны армийн залуучууд байлаа" гэж өгүүлсэн юм.

1995 ОНЫ ГҮНТИЙН БУУДАЛЦААН

Цахим ертөнцийн чөлөөт нэвтэрхий толь Википедиад "Ерээд оны Монголд болсон дуулиант гэмт хэргүүд"-ийн жагсаалт байх бөгөөд үүнд "90 сая"-ын Гансүхийн хэрэг, "Банкны" Цолмонгийн дуулиант залилангууд, Гүнтийн буудалцаан, 17 чингэлэг спиртийн хэрэг, С.Зоригийн аллага, Центрпойнтын зодоон гэх мэт нь тун "хүндтэй" байр эзэлсэн байх ажээ. Гэхдээ зүгээр л нэрийг нь жагсаачихсан болохоор "Гүнтийн буудалцаан" гээчийн тухай тодорхой мэдээлэл байхгүй. Тиймээс эдүгээ зарим хүний толгойд "Өө, нээрээ нэг тийм буудалцаан болж байсан байх аа" гэх дурсамжаас өөр зүйл үлдсэнгүй. Эрүүгийнхэний түүхэнд мөнхөрч үлдсэн "Гүнтийн буудалцаан" гэгч нь дээхэн үеийн Тавин мянгатын атаман "Шар" Энхээгийн эзэмшил болох Гүнтийн амралтанд болж өнгөрсөн, мөн Энхээ нь уг хэргийн оролцогч бөгөөд хохирогч, тийм болохоор шаварт ойчсон шарын эзэн хүчтэй гэгчээр "Шар" Энхээ гэдэг хүний нэр мөн ч их цуурайтсан. Цагдаагийнхан Гүнтийн буудалцааны хэрэг дээр бараг хоёр, гурван жил ажилласан. Уг буудалцааны шалтаг нь өчүүхэн боловч шалтгаан нь аль ерээд оноос эхтэй ч юм шиг. Нэг орой хэдэн танхай нөхөр зүгээр л зугаагаа гаргах гээд буудалцсан ч юм шиг. Буудалцааны гол төлөөлөгч нь "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван. Уг буудалцаанд цагдаагийн нөлөө бүхий ажилтан ч хамрагдсан байдаг. Буудалцааны гол оролцогч бөгөөд хохирогч "Шар" Энхээтэй би энэ тухай бас ярилцаж байлаа. Тэр өгүүлэхдээ "Гүнтийн буудалцааны эх үүсвэр хэрхэн яаж тавигдсаныг "Танк" Ганчимэг, "Соёлгүй" Соёлоо нар сайн мэднэ. Тэрнээс биш "Гүнтийн буудалцаан" гэгч нь Энхтайван бид хоёрын хооронд өрнөсөн хэрэг биш. Энэ хэргийг гарахаас өмнө Энхтайван бид хоёр уулзаж учирдаг, наймаанд хамт явдаг жирийн сайхан найз нөхөд байсан. Хамгийн гол нь "Соёлгүй" Соёлоо гэдэг нөхөр Энхтайваныг "Монгол хэвлэл" гэдэг газарт хүрээд ирэхээр нь зодчихсон юм. Үүнээс болж атаманууд хоёр хуваагдаад Зайсан толгой дээр гарч зодолдохоор болсон. Тэр үед 120 мянгатын атаман Итгэл хүртэл дуудагдаж ирсэн. Тэгээд Эрүүгийн цагдаад байсан Ганбатын дүү Таеквондогийн Ганзориг эд нар зодолдох юм болоод, тэр үед нь би хориглоод болиулсан юм. Үүний дараа би хэдэн нөхдийн хамт Гүнтийн амралт руу явсан. Тэнд очоод унтаж байтал Эрүүгийн цагдаагийн Ганбат, Чимэдийн Энхтайван нар цагдаагийн формтой баахан хүн дагуулаад ирсэн. Тэгээд л буудалцаан болсон. Миний унтаж байсан орны цаад талын хананд нүх гартал буудсан. Би ч өөдөөс нь "Эскиз" буугаараа дөрөв таван удаа буудсан. Юун сайн хүн алчихаагүй юм. Энэ буудалцаанаас би толгойгоо хагалуулаад салсан. Тэглээ гээд би хэн нэгэнд ямар ч өс хонзон санаагүй. Чимэдийн Энхтайван бол надад баярлаж явах ёстой л доо. Яагаад гэвэл Гүнтийн буудалцааны дараа Энхтайван миний өвөр дээр шал согтуу унаж байгаа юм. Би дөрвөн давхарын шатан дээр сууж байсан. Хажууд байсан хүмүүс над руу нүд ирмээд байгаа юм. Нэг ёсондоо өшөөгөө аваач ээ, шат руу унагачихаач ээ гэсэн дохио байсныг би ойлгосон.

Гэсэн ч би хүн чанарын хувьд хэзээ ч ийм муухай юм хийхгүй л дээ. Эрүүл саруул байхад нь сайхан зодолдоно уу гэхээс биш ухаан мэдрэлгүй болчихсон байхад нь дөрвөн давхрын шат руу унагана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингэж хорлох нь эр хүний хамгийн муухай чанар. Энэ тухай би хожим Энхтайванд бас хэлж л байсан. Одоо бид хоёр сайхан харилцаатай байдаг" гэж билээ. Гүнтийн буудалцааны гол төлөөлөгч болох "Танк" Ганчимэгтэй би бас уулзлаа. Тэр өгүүлэхдээ "Гүнтийн буудалцааны тухайд гэвэл нэг бууны асуудал байдаг юм. Загвар зохион бүтээгч, талийгаач Түвшин бид хоёр сайн найзууд байлаа. Ерээд оны үед би компани эрхлээд мөнгө эргэлдүүлж явахдаа Түвшинд их тус болсон. Тэр үед Түвшин "Цагаан шонхор"-ын Энхтайвантай хамтарч ажилладаг байсан юм. Нэг өдөр би Түвшингийнд очлоо. Тэгтэл мань эр надад нэг буу, нэг хутга үзүүлээд "Манайхан буутай болж байгаа" гэж гайхуулсан юм. Тэдний зэвсэглэх эсэх нь надад сонин биш шүү дээ. Би бол махан гараараа л сайхан үзэлцэнэ үү гэхээс биш буу шийдэм, хутга мэс барьдаг хүн биш л дээ. "Соёлгүй" Соёлоо энэ бууг Түвшинд зарсан юм билээ. Гэвч энэ буу нь Оросоос орж ирсэн, Монголд бүртгэлгүй буу байсан. Ингээд цагдаад ороогдож, үүнээс болж Соёлоо, Түвшин хоёрын хооронд ан цав үүсчихгүй юу. Түвшин бид хоёрын хооронд бас ан цав үүсч байгаа юм. Яагаад гэвэл Түвшин миний нэрэн дээр гурван сая төгрөгийн зээл авчихсан, сүүлдээ балраад ирмэгцээ манай компанийн данснаас гурван сая төгрөг суга татаад авчихаж байгаа юм. "Соёлгүй" Соёлоо нөгөө буунаас болж цагдаад байцаагдаж байгаад торгуулаад гарч ирсэн. Тэгээд мөнгөө авахаар Түвшин дээр очтол цаадах нь өгөхгүй энэ тэр гэж луу унжсан. Тэгэнгүүт "Соёлгүй" Соёлоо Түвшинг барьж авч балбаад, үүнээс болж Түвшин "Цагаан шонхор"-ынхон руу утасдчихгүй юу.

Тэгээд Энхтайван тэргүүтэй хэдэн хүн Түвшингийн ажлын байр байсан "Монгол хэвлэл" дээр давхиж ирсэн. Яг үнэндээ бол "Соёлгүй" Соёлоо бүгдийг нь цохиод унагачихсан юм шүү дээ. Сүүлдээ энэ зодоон даамжраад таэквондогийн Ганзориг, Цоодолын Болд, "Шөвгөр" Өлзий, 120 мянгатын Итгэл нарын хуучин цагийн атаманууд дуудагдаж ирээд гурвалжин дөрвөлжин юм болсон. Тэгээд эд нар Зайсан толгой дээр очиж зодолдоод хайнаа салгахаар болж байгаа юм. Харин Зайсан дээр очоод бүгд эвлэрээд гар бариад салцгаасан. Үүний дараа "Шар" Энхээ Гүнтийн амралт руу заримыг нь дагуулж явсан юм. Би ч яахав хүний машинд дайгдаад харьчихсан. Гэтэл шөнийн дөрвөн цагийн үед манай хаалгыг хүн цохиод "Гүнтэд сая буудалцаан болсон. Цаадуулыг чинь аваад явчихлаа" гэж хэлсэн. Би босоод "Монгол хэвлэл"-ийн байранд иртэл тэнд хүмүүс зодолдоод, пижигнэлдээд байлаа. Яваад ортол нэг нөхөр намайг өшиглөх гэхээр нь хөлийг нь барьж аваад дээш нь өргөчихсөн чинь дагзаараа газар савж унасан. Энд бас багахан хэмжээний зодоон болсон юм. Харин "Шар" Энхээг ганцаараа унтаж байхад нь цагдаа, тагнуулынхан бөөнөөрөө очиж буудаж барьсан нь нэг тиймэрхүү. Ингээд л маргааш өглөө нь улс орон даяар дуулиан шуугиан болоод явчихсан. Нарийндаа бол нэг буунаас л болсон юм даа, энэ буудалцаан..." гэсэн юм. Гэвч Гүнтийн буудалцааныг мөрдөн шалгаж байсан зарим нэг хуульчийн дэвшүүлсэн гаргалгаанаас харахад буу нэртэй нэг муу хөндий төмрөөс болоогүй ч юм шиг.

Хэргийн угшил аль ерээд оны эхэн үеэс тавигдсан ч юм шиг. Ерээд оны эхэн үед Улаанбаатарын зовхи өөдөө эрчүүд нэлэнхүйдээ ганзагын наймаанд хөл тавьж, үүнтэй зэрэгцээд Хэнтий нутгийн "Цагаан шонхор"-ын Энхтайван ч наймаагаа одтой эхэлсэн байх бөгөөд тэрбээр тухайн үед "Автомашин, сэлбэгийн наймааг яагаад зөвхөн оросууд хийдэг юм бэ, монгол хүн чадна" гэж зориглоод л зүтгэчихэж. Ингээд хойноос олон арван "УАЗ-469" машин оруулан ирж амжилттай борлуулсан түүний бизнес цэцэглээд эхэлмэгц хотын зарим бизнесменүүд нийлж өөрсдийгөө "Арбатын хүүхдүүд" гэж нэрлээд "Улаанбаатарт хөдөөний нэг амьтан орж ирээд бидний наймааг эзэлчихлээ. Зах зээл булаацалдаж өрсөлдлөө" гэж Ч.Энхтайваныг шахаж эхэлсэн гэдэг юм. Тэгээд тэд дал, наяад оны хэсэг атаман эрд Солонгос хөргөгч, тус бүрт нь сая төгрөг амлаад Ч.Энхтайваныг зайлуулах ёстой гэж тулгаж байсан гэдэг билээ. Гэвч угийн хор шартай, омог сүртэй, хэний ч дор орж яваагүй Энхтайван тэдэнд бууж өгөлгүй үзэлцсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм. Харин энэхүү бартаат замд нь "Гүнтийн буудалцаан", "Центрпойнтын зодоон" гэх мэтийн яршигтай хэргүүд гарч ирээд мань Энхтайваныг овоо хэдэн жил торны цаана суулгачихсан. Загвар зохион бүтээгч Түвшин агсан "Танк" Ганчимэгт хандаж "Манайхан буутай болж байгаа" гэж гайхуулсан нь хотын бизнесменүүдийг дарж авах гэсэн оролдлого байсан, үүнээс болж буудалцаан үүссэн гэж зарим хуульч дүгнэсэн байдаг билээ. Тэгэхээр Гүнтийн буудалцаан гэгчийн шалтаг нь буу нэртэй нэг муу хөндий төмрөөс болсон мэт боловч шалтгаан нь хот, хөдөөгийн бизнесменүүдийн зах зээлээ булаацалдаж ирсэн аль ерээд оны эхэн үеийн толхилцооноос үүдэлтэй болж байгаа юм.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов нь яруу найргийн "Парнаст хүрэх зам", "Эрх танхай нүргэлээн" шүлгийн түүвэр, "Бурханы шашныг цочроосон ер бусын гайхамшигууд", "Үндэстний үзэлтнүүд ярьж байна", "Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв", "Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд", "Ар халхын шилийн сайн эрчүүд", "Монголын цуутай нударган тулаанчид" зэрэг гуч орчим ном туурвижээ. 2012 онд "Төрт ёс-Хаадын сан"-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд "Орлой мэргэн Цагаан" бүтээл нь дэд байрын шагнал хүртэж байлаа. 2013 онд "Төрт ёс-Хаадын сан"-гаас зарласан Монгол хатдын тухай түүхэн зохиолын уралдаанд "Зүүн гарын мөхөл" бүтээл нь шилдэг зохиолоор шалгарчээ. Мөн 2013 онд УИХ-ын тамгын газраас зарласан Үндсэн хуулийн 20 жилийн ойн уралдаанд түүний "Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн" өгүүллэг нь тэргүүн байрын шагнал хүртсэн бол Гадаад явдлын яамны 100 жилийн ойд зорулсан зохиолын уралдаанд "Ерээд оны дурдатгал" бүтээл нь тэргүүн байрын шагнал хүртжээ. Түүнчлэн 2015 онд "Төрт ёс-Хаадын сан"-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд түүний "Айн Жалудын цавчилдаан" бүтээл тэргүүн байрын шагнал хүртэв.